Б.Цэрэнбат: Нэг яндангаас гарах утааг 50 хувиар бууруулах боломжтой

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

УИХ-аар 2019 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан 2019 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэдэн төгрөгөөр ямар ажлууд хийхээр төлөвлөсөн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Б.Цэрэнбатаас дараах тодруулгыг авлаа.

 

-2019 онд утааг бууруулахад нийт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Нийтдээ 154.4 тэрбум төгрөг төсөвт суугдсан. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 146 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ хөрөнгөөр Улаанбаатар хотод байгаа 3000 нам даралтын зууханд агаар шүүгч суурилуулах мөн 100 мянган айлд индукцийн халаагч тавина. Эрчим хүчний шөнийн тариф тэглэхтэй холбоотой зардал. Зарим газрыг эрчим хүчний дэд бүтэцтэй холбоход тулгарч байгаа асуудлыг шийдэх инженерийн ажлуудын зардал тусгагдсан.

-Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн дорвитой өөрчлөлт авчрах ямар ажил хэрэгжих вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр техник технологийг сайжруулах чиглэлээс гадна түүхийг нүүрсийг ирэх жилийн тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод хориглосон. Энэ хүрээнд Засгийн газраас “Тавантолгой түлш” компанийг байгуулж, “ТЭЦ2” станцад байсан сайжруулах түлшний технологид түшиглэн ард иргэдээ сайжруулсан түлшээр хангах ажлыг хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Ингэснээр сайжруулсан түлшний найдвартай хангамжийн 30 хувийг төрийн өмчийн компани үүрэхээр болж байгаа. “Тавантолгой түлш”-ний туршилтын бүтээгдэхүүнүүд гараад эхэлсэн. Хэдийгээр одоо байгаа нөөц маань бага боловч нийслэлийн агаарын чанарын албаныхантай хамтраад нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 26340 айлд сайжруулсан түлш хэрэглэх болон гэр, байшингаа дулаалах сургалтыг тогтмол хийж байгаа. Хамгийн түрүүнд бид агаарын бохирдлыг бууруулахын тулд хүчээ нэгтгэх хэрэгтэй байна. “Тэвнийн чинээ нүхээр Тэмээн чинээ салхи” гэж монголчууд ярьдаг. Тиймээс бүх төвшиндөө дулааны алдагдлаа бууруулж чадах юм бол бидний амьсгалах бохир агаар буурах боломжтой. Ирэх долоо хоногоос зарим технологийн шинэчлэлийг танилцуулах болно.

-2019 онд утааг хэдэн хувиар бууруулж чадах вэ?

-100 мянган айлыг индукцийн халаалтад тулгуурласан бүрэн шаталтын төхөөрөмжөөр тоноглох ажлын хүрээнд техникийнхээ үзүүлэлтээр гэр хорооллын яндантай айлуудаас гарах утааг 80 гаруй хувиар бууруулна гэсэн тооцооллыг бидэнд өгсөн. Тэгэхээр нэг яндангаас гарах утааг 50 хувиар бууруулах бүрэн боломжтой гэж харж байгаа.

-Жил болгон агаарын бохирдлыг бууруулна гэж мөнгө төсөвлөдөг. Гэвч үр дүн гарахгүй байна?

-Жил болгон биш л дээ. 2014 оноос хойш мөнгө зараагүй байсан. Өнгөрсөн жилээс эхлэн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шөнийн тариф дээр 8.6 тэрбум төгрөг, сайжруулсан түлшний татаас дээр 4 тэрбум төгрөг тавигдсан. 12-хон тэрбум төгрөг тавьсан гэсэн үг. Уг нь олон асуудал шийдэх ёстой байтал бид төсөв хүндрэлтэй гэдэг шалтгаанаар бага мөнгө тавьдаг байснаас болоод энэ асуудал даамжирсан. Харин У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар хуримтлагдсан олон асуудлын нэгийг шийднэ гээд 154.4 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрт тавьсан байгаа.

-Агаарын бохирдол буурахгүй бол хэн хариуцлага хүлээх вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах асуудал над дээр байна. 2019-2020 оны өвөл гэхэд бид сайжруулсан түлшийг нэвтрүүлчихсэн. Утааг бууруулах бүрэн шаталтын технологийг гэр хорооллын айлуудад суурилуулчихсан, 3000 нам даралтын зууханд тавьсан байх болно.

-Янданд утаа шүүгч тавих нь утаа гаргагч эх үүсвэрээ устгах арга биш гэсэн шүүмжлэл байгаа шүү дээ?

-Хамгийн гол анхаарах зүйл бол хүнд хортой байгаа утааны агууламжийг бууруулахад чиглэсэн ажлууд хийх юм. Бидний гол зорилго бол техник технологийн ололтыг нэвтрүүлж, шинжлэх ухааныг ашиглахад чиглэж байгаа. Түүнээс уламжлалт аргаараа утаатай тэмцэх нь амжилт олохгүй болох нь харагдлаа. Утааг бууруулах чадамжтай эрдэмтэд, шилдэг технологийг ашигласнаар үр дүн гарна гэж үзэж байна.

-Утааг бууруулах ажилд монгол эрдэмтдийн оролцоо хэр байгаа вэ?

-Дотоодын эрдэмтдийн санал санаачлага өртөг, хүчин чадлын хувьд хүндрэлтэй байдаг. Заримтай нь хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ манай эрдэмтэд тухайн төхөөрөмжийг нь захиалахаар 100, 200 ширхгийг хийж чадна гэдэг. Гэтэл Улаанбаатар хотод 220 мянган айл өрх түүхий нүүрс түлж байна. Тэгэхээр бид аливаа асуудлыг илүү бодитоор харахгүй бол хий сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй. Тийм учраас хэн баталгаа өгч байна вэ гэдгээс хамаарч техник технологийг нэвтрүүлж ажиллана.

-“Тавантолгой түлш” компани 700 км-ээс түүхий эдээ нийлүүлэхээр байгаа. Энэ нь хэр зөв хувилбар вэ?

-Технологийн үр дүнд бий болсон угаагдсан, тортог багатай нүүрс ашиглах юм. Эцсийн үр дүнд бид агаарын бохирдлыг л бууруулах ёстой. Хамгийн бага зардлаар, хамгийн оновчтой шийдлээр. Түүхий эдээ Тавантолгойн нүүрсний бассейны угаагдсан нүүрсэн дээр тулгуурлаж техник технологийн ололтыг хийнэ. Тавьж байгаа бол нэг түүхий эдээр, нэг стандартаар явах. Тиймээс төрийн өмчид компанид тулгуурлаад шаардлагатай нийт сайжруулсан түлшний 30 хүртэлх хувийг нийлүүлэхээр болсон. Бусад нь шаардлага хангасан хувийн хэвшлүүд сайжруулсан түлш нийлүүлэх эрхтэй.

-Сайжруулсан түлшийг иргэдийн гарт хэдэн төгрөгөөр нийлүүлэх вэ?

-Түүхий нүүрсний борлуулагдах үнээс хэтрэхгүй байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.31.242) 2018 оны 10 сарын 08

Янданд шүүлтүүр тавьна гээд туршиж үзэж байгаа нь гээд тас хар утаа гарсан юм харуулаад байна лээ. Ард түмнийг тэнэг гэж бодоод байна уу энэ сайд нэртэй хазгай хэлтэй нөхөр.

0  |  0
Үнэн(202.9.40.224) 2018 оны 10 сарын 08

Тэнэг хүн л алдаагаа дахин дахин давтаад байдаг гэсэн. Зуухаа солих, шүүлтүүр тавих, утаагүй түлш гээд л бүгдийг нь туршаад утаа буурахгүй байхад дахиад л түүнийгээ ярих юм. Яана даа энэ сайд нар гэж тэнэг хүмүүс байх юм.

0  |  0
Top