Нүүрсийг дэлхийн хүн амын багагүй хувийг ядуурлаас гаргах нэгэн боломж гэж барууны улс орнууд үзэх учиртай. Австралийн уул уурхайн бүүм буюу үсрэнгүй хөгжил 2012 онд оргил үедээ хүрч, Yancoal Australia’s компани нэг тэрбум ам.долларын IPO гаргасан шиг амжилтыг дахин үзэхгүй хэмээн салбарын шинжээчид айж байлаа.
Гэвч Азид нүүрсний хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан дэлхийн коксжих нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч болох АНУ-д төвтэй Coronado Global Resources компани ирэх сард Австралид нэг тэрбум ам.долларын IPO гаргахаар зэхэж байна. Хүнд үйлдвэрт ашиглагддаг коксжих нүүрс үйлдвэрлэдэг Coronado Global Resources компанийн энэ алхам нь Ази тив нүүрсний бизнесийн гол төв болж, дэлхийн зах зээл энэ бүс нутагт улам бүр төвлөрч буйн нотолгоо юм. Хятад, Энэтхэг улс болон Зүүн өмнөд Азийн хэд хэдэн улс орнууд үүний ард бий. Эрчим хүчний судалгааны институтын судалгаанаас үзвэл, эдгээр орнууд 2040 гэхэд эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх бөгөөд улмаар эдгээр улсын нүүрсний хэрэглээ өсөх хандлагатай байна. Тус бүс нутаг эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлаар дэлхийд аль хэдийн тэргүүлж байгаа. 2016-2017 онуудад л гэхэд Хятад улс дэлхийн эрчим хүчний бүх эх үүсвэрийг нийлүүлснээс хоёр дахин их хүчин чадалтай нүүрсээр ажилладаг эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулжээ. Эдгээрийн зарим нь ирэх жилүүдэд бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд 2040 гэхэд нийт 100 ГВт хүчин чадалтай нүүрсээр ажиллах эх үүсвэрийн суурь нь болох юм. Ихэнх станцууд нь өндөр үр ашигтай, хийн ялгаруулалт багатай дэвшилтэт технологид суурилах аж. Энэхүү шинэ технологийг ашигласнаар нүүрсний шаталтыг 50 хувьд хүргэх юм. Өнөө үед энэ үзүүлэлт 30 хувьтай байдаг. Ийм станц барьж байгуулах нь хоёр талтай. Мега төсөл хэрэгжүүлэх, бүс нутаг дахь эрчим хүчний тэнцвэргүй байдлыг арилгахад асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Гэвч энэ хөрөнгө оруулалт хэдхэн жилийн дараа 250 тэрбум ам.долларын ашиг авчрах ирээдүйтэй. Ийм их ашгийн цаад шалтгаан нь энгийн. Азийн хувьд нүүрсний цахилгаан станц эдийн засгийн хувьд зайлшгүй. Дэлхийн хүм амын 60 хувь нь аж төрдөг Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд Азийн улс орнуудад цахилгаан хангамжийн асуудал эдийн засгийн өсөлт, орлогыг нэмэгдүүлэх амин чухал хүчин зүйл хэвээр байна. Нүүрс харьцангуй хямд, нөөц ихтэй учир дэлхийн улс гүрнүүдийн тэргүүн нар тэр бүр энэ түлшний хэрэглээнээс татгалзах шийдвэр гаргахад бэлэн биш. Эдгээр хүчин зүйлс ирээдүйд Азийн нүүрсэнд хийх хөрөнгө оруулалтын баталгаа юм. Дэлхийн дэг журмыг өөрчилж буй геополитикийн шилжилт болж байгаа өнөө үед санхүүжилтийн асуудал хэрхэн шийдэгдэх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Азийн нүүрсний асуудал барууны нөлөө буурч буйн дохио бөгөөд барууныхан хүчирхэгжиж буй Азийн эдийн засаг, улс төрийн бодит байдлыг дутуу үнэлж буйг сануулж байгаа юм. Барууны санхүүгийн байгууллагууд нүүрсний санхүүжилтийн гол эх үүсвэр байсан. Олон улсын санхүүгийн байгууллагууд одоогоор хатуу түлшний төсөлд олгодог санхүүжилтаа ихээхэн хэмжээгээр буруулаад байгаа билээ. Standard Chartered, HSBC, Societe Generale зэрэг хувийн банкууд нүүрсний станцад зориулсан санхүүжилтаа цуцалсан. Үүний сацуу Дэлхийн банк 2019 хойш газрын тос, байгалийн хий олборлох төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зогсоох бөгөөд 2010 оноос хойш нүүрсээр ажилладаг цахилгааны станцын төсөлд зээл олгохоо больсон билээ.
Үүнтэй зэрэгцэн Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк улс төрийн хүчтэй дарамт шахалттай нүүр тулаад байна. Ойрын жилүүдэд хатуу түлшний төсөлд олгох санхүүжилтаа бууруулах шаардлага эдгээр банканд тавиад байгаа гэнэ. 2014-2016 онуудад Европын хөрөнгө оруулалтын банк 5.3 тэрбум еврогийн санхүүжилтыг дэд бүтцийн төсөлд зориулсан. Европын банкнуудад тавьж буй энэ шаардлага мөн л хөрөнгө оруулалтын боломжийг хумьж байна.
Эдгээр бодлогын чанартай шийдвэрүүд эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэн бүхний өмнө хаалгаа нээсэн Ази дах эрэлттэй зөрчилдөж байна. Барууныхан ийнхүү хойшоо сууж байх үед Хятад улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг санаачлан, хамтын оролцоотой байгуулснаар Азийн эрчим хүчний салбарт өөрийн нөлөө, ноёрхлоо тогтоох зорилтоо биелүүлэх томоохон алхам хийлээ. Уламжлалт санхүүгийн эх үүсвэрийн орон зайд Хятадын санхүүгийн байгууллагууд тоглолт хийж, нүүрсний станцын төслийн хамгийн том санхүүжилтийн эх үүсвэр болоод байна. 2013-аас 2016 оны хооронд нийт 15 тэрбум ам.долларын хөгжлийн санхүүжилтыг нүүрсний төсөлд цутгаад байна. Гэвч энд нэг ноо бий. Нүүрсний төсөлд үзүүлж буй Хятадын дэмжлэг нь үнэн хэрэгтээ Хятадын гадаад бодлогын нэгэн төсөл болох Бүс ба Зам санаачилгатай холбоотой. Санхүүжилт авч буй улс орнууд Бээжингийн өмнө мөнхөд өртэй хэмээх нэр зүүж, зээлээр барьцаалагдсан “дагуул” засгийн газрууд Бээжингийн нөлөөг улам баталгаажуулж байгаа хэрэг юм. Тиймээс Бүс ба Зам санаачилгад хамаарах улс орнуудыг болгоомжтой хандахад хүргэж байна.
“Тэнгэр хол, газар хатуу” байдалд орсон бүс нутгийн эрчим хүчний төлөвлөгчдөд нэгэн шинэ гарц нээгдэх боломж гэвч бий. Өнгөрсөн жил АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цэвэр, боловсруулсан хатуу түлшний холбоо байгуулах тухай зарласан. Энэхүү холбоо нь санхүүжилтийн хоригийг мэхлэх нэгэн хэрэгсэл бөгөөд Вашингтоны эрчим хүчний ноёрхол тогтоох зорилгын хүрээнд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх далд санаа агуулж байгаа юм. Энэхүү төсөл өндөр үр ашигтай, хийн ялгаруулалт бага технологи бүхий дэд бүтцийн төсөлд зөвлөгөө, санхүүжилт олгох зорилго бүхий дэлхийн хэмжээний байгууллага болохоор бүрэлдэж эхэлжээ. Хятадаас бусад улсаас санхүүжилт авах, цэвэр нүүрсний хэрэгцээгээ хангах нэгэн шинэ боломж хэмээн үзэж Энэтхэг, Вьетнам зэрэг шинээр гарч ирж буй эдийн засгууд холбоонд нэгдэх сонирхлоо илэрхийлж эхэллээ.
Барууны улс орнууд энэ бүх байдалд дүгнэлт хийж, нүүрсийг дэлхийн хүн амыг ядуурлаас гаргах нэгэн боломж хэмээн үзэж, нүүрснээс татгалзах бус, харин илүү үр ашигтайгаар ашиглах нь зүйтэй мэт.
Эх сурвалж: The Diplomat
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
hereglegchiig haand gedeg zarchmiig ashiglah n zuitei met