Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Түмэн шувуут” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2019.01.16/ боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Түмэн шувуут” ХК-ийн Үүсгэн байгууллагч Л.Эрхэмбаяр, “Түмэн шувуут” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болд, “Голомт Капитал ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Мөнхжаргал нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн 5,892 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.
Түмэн Шувуут компани нь анх 2004 онд 18 ажилтан, 20,000 өндөглөгч тахиатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ 160 гаруй ажилтан, 310,000 гаруй өндөглөгч тахиатайгаар, монголын өндөг үйлдвэрлэлийн салбарын 53 хувийг дангаар гүйцэтгэж буй салбартаа тэргүүлэгч компани юм.
Тус компани нь өндөглөгч тахианы аж ахуй болон усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх болон махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барих зорилгоор нийт хувьцааныхаа 25 хувь буюу 5,000,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна. Үнэт цаасны худалдан авах захиалгыг 2018 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн Монголын хөрөнгийн биржийн бүх гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авах юм.
Сэтгэгдэл ( 1 )
ЭЛБЭГДОРЖ ЭРХЭМБАЯРТАА БЭЛЭГЛЭСЭН КОМПАНИ