Хятадын Tаоbao сайтад “Made in Mongolia” цэс нэмэгдэнэ

2019 оны 01 сарын 18

МҮХАҮТ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газраас “Хятадын зах зээлд бизнес эрхлэх нь” сэдвээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар БНХАУ-д бизнес хийх, бүтээгдэхүүнээ экспортлоход юуг анхаарах, ямар материал бүрдүүлэх, ямар ур чадвар, ойлголтуудыг эзэмшсэн байх талаар Бээжин хот дахь МҮХАҮТ-ын төлөөлөгч Ө.Мөнгөнцацрал мэдээлэл хийлээ. Уулзалтад 30 гаруй бизнес эрхлэгчид оролцов.


Гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад тухайн улсын соёл, нийгэм, хүмүүсийн харилцааны онцлогийг сайтар судлаж хэлэлцээр хийхдээ мөрдлөг болгох нь чухал. Хятад хүмүүсийн харилцааны арга барил яриа хэлэлцээрийг тойруу замаар хийдэг, сэтгэл хөдлөл багатай, төвийг сахисан, шийдвэр гаргалтад тайван ханддаг, юмсыг олон талаас нь хардаг, сайн сонсогч байж чаддаг онцлогтой аж.


Тиймээс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд өөрийн салбарын хүрээнд нөлөө бүхий гол тоглогчдыг тодорхойлж, түүнтэй харилцаа үүсгэх арга замыг  олох, өөрийн нөлөөлөл, нэр хүндээ нэмэгдүүлэх, харилцаагаа хадгалж үлдэх, цаашлаад хувийн харилцаанаас бизнесийн харилцаанд шилжих нь оновчтой талаар ярив.


Манай улсын нүүр царай брэнд гэдгээр Хятад Улс ноолууран бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байдаг. Хятадын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн топ 10 компани Хятадын нийт зах зээлийн 75 хувийг эзэлдэг тул зах зээлийн төвлөрөл дунд хэмжээтэй олигополь зах зээл гэж дүгнэдэг. Өвөр Монголын “Ордос Ресурс” ХК нь Хятадын хамгийн том ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг компани юм. Тус компани нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Зах зээлийн үнэлгээ нь 30 тэрбум юань ба нийт 26,000 ажилчин бүхий 126 салбар компанитай болтлоо өргөжсөн байна. Энэ тогтвортой, том зах зээлд манай ноолууран бүтээгдэхүүн өнгө загвараар, чанараар үнээр өрсөлдөж  өөрийн ялгаралыг бий болгох нь чухал хэмээн зөвлөв.


Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд дөрвөн төрлийн стандартыг мөрддөг, үүнд үндэсний стандарт, техникийн стандарт, орон нутгийн стандарт, байгууллагын стандарт гэсэн шат дараалсан стандартууд байна. Түүнчлэн манай бизнес эрхлэгчид цахим худалдааны Tаоbao сайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрджээ. Тус сайтад “Made in Mongolia” гэсэн тусгай хуудас ажиллуулах бэлтгэл бүрэн хангагдсан байна.


МҮХАҮТ-ын Бээжин хот дахь албан ёсны суурин төлөөлөгчийн газар тус улсад бизнес эрхлэж байгаа болох эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд  тээвэр зуучийн цогц үйлчилгээ, бизнес аялал, форум, сургалт, уулзалт, БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан  авахад үйлчилгээ үзүүлэх, БНХАУ-д салбар компани нээх, хөрөнгө оруулагч, түншлэл бий болгох, экспорт, импортын судалгаа, Хятад улс доторх онгоцны билет захиалга, зочид буудлын захиалга хийх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.


Уг арга хэмжээнд оролцсон оролцогчдоос ганцаарчилсан уулзалт хийж  шаардлага хангах 1-2 бизнес дээр төвлөрч БНХАУ-ын зах зээлд гаргахад  дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов. Тэр дундаа ноос ноолууран бүтээгдэхүүн, цэвэр усны бизнесийг онцоллоо. Тухайн бизнес эрхлэгч шаардлагатай урсгал зардлуудыг гаргах санхүүгийн чадамжтай байх, БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах чин эрмэлзэлтэй байх, бүтээгдэхүүн нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх технологийн дагуу хийгдсэн байх гэсэн шаардлагыг гол болгож байв.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hm(202.126.89.107) 2019 оны 04 сарын 10

Taobao chin hytadiin dotoodiin bizde? Alibaba baij boloogvi um uu

0  |  0
Анна (103.57.95.183) 2019 оны 01 сарын 19

Xxavt mongol humuus deeree duruulj business ee hiine ee, made in Mongolia gej ugaasaa bdg ch dee,хатаасан борц хуртэл зарж бхд

2  |  0
Иргэн(142.93.30.172) 2019 оны 01 сарын 23

МҮХАҮТ ИЙМ ТЭНЭГ ЮМ ХИЙХ ЭЭ БОЛЬ. ХИЛ ГААЛИЙН АСУУДЛАА ЗОХИЦУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ... ТЭГЭЭД Ч ТЭР ТАБАО ДЭЭР ЧИНЬ... МОНГОЛЫН ЗӨНДӨӨ ОЛОН ХУВЬ БОРЛУУЛАГЧ НАР БАЙГАА... ТЭДНИЙ АДИЛ НЭГ БУЛАН НЭЭХ ГЭЖ БАЙЖ ЮУН ТОМ ЮМ ЯРЬДАГ ЮМ. ТЭРҮҮНД ЧИНЬ ДУРТАЙ НЬ ОРООД НЭЭЖ БОЛДОГ ЮМ.

8  |  0
Top