Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2013 онд шинэчлэн батлагдаж, Санхүүгийн зохицуулах хорооны болон Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн дүрэм журмуудад үнэт цаасны давхар бүртгэлийн журмын зохицуулалтыг 2018 онд нэвтрүүлснээр үнэт цаасыг давхар бүртгэх хууль эрхзүйн орчин бүрэн бүрдсэн билээ. Үүний дагуу МХБ нь 2018 оны зургадугаар сард хамгийн анхны давхар бүртгэлийн үнэт цаас буюу Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ ресурс девелопмент корпорейшнийн хувьцааг бүртгэж арилжаалсан байдаг.
Гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын хувьд үнэт цаасаа олон нийтэд нээлттэй гаргаж арилжаалах нь ард иргэдтэй төслийн үр ашгийг хуваалцах, олон нийтийн дунд компанийн үйл ажиллагааны талаарх ойлголт дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой болох нь эхний давхар бүртгэгдсэн компанийн жишээнээс харагдаж байгаа аж. Тиймээс бусад уул уурхайн компаниудад энэхүү боломж, ач холбогдлын талаар танилцуулах үүднээс “Үнэт цаас давхар бүртгүүлэх боломж, анхны давхар бүртгэгдсэн компанийн туршлагаас хуваалцах семинар”-ыг МХБ-ээс зохион байгуулжээ.
Гадаадын биржид бүртгэлтэй компаниудын хувьд үнэт цаасны бүртгэлийн анхны шалгуур шаардлага болон хувьцаат компанийн тогтмол үүргийн хэрэгжилтийн хувьд хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломжтой, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг өндөр түвшинд хангадаг 26 биржийн аль нэгэнд бүртгэгдсэн тохиолдолд гадаадын биржийн дүрэм журмыг дагаж мөрдөхийг зөвшөөрдөг болохыг МХБ-ээс танилцууллаа.
Анхны давхар бүртгэгдсэн “Эрдэнэ ресурс девелопмент” компанийн хувьд үнэт цаасаа дотоодын биржид гаргаснаар үйл ажиллагаа явуулдаг сумдын ард иргэдэд үнэгүй хувьцаа эзэмшүүлсэн, ард иргэдийн ойлголт дэмжлэг нэмэгдсэн бөгөөд үнэт цаас гаргах ажиллагаа хүндрэл чирэгдэлгүй 4 орчим сарын хугацаанд явагдсан зэргээр туршлагаасаа бусад компаниудтай хуваалцсан байна.
Сэтгэгдэл ( 0 )