500-тын еврогийн дэвсгэртийг үйлдвэрлэхээ ЗОГСООЖЭЭ

2019 оны 01 сарын 28

Европын төв банкны Удирдах Зөвлөл евро мөнгөн дэвсгэртийн бүтцийг судалж үзсэний үндсэн дээр 500-тын еврогийн дэвсгэртийг 2018 оны сүүлээс эхлэн дахин үйлдвэрлэхээ зогсоох шийдвэрийг гаргасан юм. Уг шийдвэрийн дагуу дахин үйлдвэрлэхээ зогсоож буй хэдий ч нэгэнт үйлдвэрлэгдсэн байгаа шинэ дэвсгэртийн нөөц, гүйлгээнд эргэлдэж буй 500-тын дэвсгэртийг хэрхэх талаараа арга хэмжээнүүд авахаар болжээ.

 

Европын төв банкны албан ёсны мэдээллээр:

 

-ХБНГУ-ын Бундесбанк, Австри улсын Остеррайхиш Националбанк гэсэн 2 төв банк 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүртэл 500-тын евро дэвсгэртийг гүйлгээнд гаргана.

 

-Европын холбооны бусад төв банкууд 2019 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүртэл тус дэвсгэртийг гүйлгээнд гаргаж, түүнээс хойшхи өдрөөс эхлэн гүйлгээнд дахин гаргахыг зогсооно.

 

-Гүйлгээнд нэгэнт гарсан 500-тын евро мөнгөн тэмдэгт хууль ёсны хүчин төгөлдөр төлбөрийн хэрэгсэл хэвээр байна. Ийм учраас бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийгч банкууд, бэлэн мөнгөний зузаатгалын зуучлал эрхлэгч компаниуд, валютын арилжаа эрхлэгч зэрэг бүх төрлийн бэлэн мөнгөтэй хамааралтай бизнес эрхэлдэг байгууллагууд, иргэдийн гар дээр байгаа 500-тын еврогийн дэвсгэрт бусад евро дэвсгэртүүдийн нэгэн адил гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр хэрэглэгдэх бөгөөд солиулахыг хүссэн тохиолдолд Европын холбооны орны төв банкуудад ямар нэгэн хугацааны хязгааргүйгээр бусад дэвсгэртээр солиулж болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top