Жалсып Манзаров: 13 настайгаасаа сээр хугалж сурсан

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Хөвсгөл нуурын мөсөн дээр болж буй "Хөх сувдын орон-2019" мөсний баярын хоёр дахь өдөр /2019.03.03/ болсон тэмцээнүүдээс олны анхаарлыг хамгийн их татсан нь "Сээр хугалах" байлаа. Энэхүү тэмцээн нь монгол үндэсний уламжлалыг сэргээх, монгол эрчүүдийг бяр тэнхээг гайхуулах бас нэгэн өвөрмөц арга хэмжээ байсан юм. Тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 70 залуу сээр хугаллаа. Тэдэн дундаас ОХУ-ын Буриад улсын Түнхэн аймгаас ирсэн 18 настай Жалсып Манзаров есэн сээр хугалж аварга болсон юм. Мартагдсан монгол уламжлалаа сэргээж байгаа буриадуудын төлөөлөл болсон түүнтэй цөөн хором ярилцлаа.


 -Сайн байна уу. Та Монголд хэд дэх удаагаа ирж байгаа вэ?

-Сайн байна уу. Би Монголд анх удаагаа ирлээ. Хөвсгөл аймагт, Мөсний баярт анх удаагаа ирж байна. Маш гоё арга хэмжээ болдог юм байна. Их сайхан байна.

-Үзэгчид танаар дахин дахин сээр хугалууллаа. 18 настай залуу ядах ядах юмгүй том сээр хугалж байгааг гайхан биширсэн жуулчид ч зураг авч харагдсан. Та хэдэн жил сээр хугалж байгаа вэ?

-Сээр хугалаад таван жил болж байна. 13 настайгаасаа эхэлж хугалсан. Буриадад сээр хугалдаг эрчүүдийн холбоо байдаг юм. Тэр холбооноос 2014 оноос эхлэн том тэмцээн зохион байгуулсан. Тэр тэмцээнд оролцдог. Монголд ирээд сээр хугалах тэмцээний аварга боллоо. Үнэхээр сайхан байна. Буриадууд бид монгол уламжлалаа сэргээж "Сээр хухалха" гэдэг холбоо байгуулж, өргөжүүлээд явж байна. Буриадууд өвлийн идшээ хийснийхээ дараа үхрийн 12 дахь сээрийг махтай нь хамт чанаад эрчүүд нь хуга цохидог. Энэ нь өвлийн идэш болсон үхрийн сүнсийг амгалан болгож байгаа дом л доо. Энэ нь хөгжсөөр одоо Буриад улсын спортын нэг төрөл болж байгаа.

-Ямар мэргэжлээр сурдаг вэ?

-Авто механикч болохоор сурч байгаа.

-Сээр хугалах спортод таныг хэн дасгалжуулдаг вэ?

-Аав анх дасгалжуулсан. Яваандаа би өөрөө олон техник сурч, тэмцээн уралдаанд ордог болсон доо. Манай ах нар бас сээр хугалдаг.

 

-Мөсний баярын юу нь хамгийн өвөрмөц санагдаж байна?

-Бүх зүйл нь өвөрмөц санагдаж байна. Бид Түнхэн аймгаас тавуулаа ирсэн. Өчигдөр олон арга хэмжээ үзэж сонирхоод орой мөсөн дээр бүжиглэлээ. Хөвсгөл үнэхээр супер юм.

-Найзуудаараа ирэв үү?

-"Сээр хухалха" гэдэг холбооны залуустайгаа ирлээ. Манай холбооны захирал Зурбаков Гомбо Найданович бидэнтэй хамт ирсэн.

-Хөвсгөлд удах уу?  

-Хөвсгөлд анх удаа ирж байгаа болохоор мөсний баярын бүх арга хэмжээг үзээд, Хатгалд хэд хоноод буцна.

-Та бүхэн Монгол үндэсний хувцсаараа гангарсан нь маш сайхан харагдаж байна...

-Баярлалаа. Бид Монгол үндэсний хувцсаа байнга өмсдөг. Монгол өв уламжлалаа хадгалж үлдэх нь та бидний үүрэг. Тийм болохоор Түнхэнд буриадууд бид байнга монгол хувцас өмсдөг.

Монгол эрчүүдийн эр бярыг шалгадаг "Сээр хугалах" тэмцээний дараа Монгол үндэсний хувцасны үзүүлбэр болсон юм:

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top