“Хөх сувд”-ыг жуулчид тоосон ч үйлчилгээ нь ГОЛОГДЛОО

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

Сүүлийн үед дэлхийн аялал жуулчлалын урсгал Ази, номхон далайн орнууд руу чиглэж байгаа. Энэ нь бидэнд таатай мэдээлэл мөн боловч аялал жуулчлалын салбартаа хөтөлгөө морьгүй Монголын хувьд аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж буй үйлдэл харагдсаар ирсэн. Бусад улс орнууд зуны болоод өвлийн аялал жуулчлалыг хослуулан мөнгөн урсгалыг татдаг. Харин манай улсын өвлийн аялал жуулчлалын хөгжил хөл дээрээ тогтож чадахгүй нялх хүүхэдтэй адилхан эмзэгхэн, олох орлого тун бага хэвээр олон жилийг үдлээ.

 

Өнгөрсөн оны байдлаар 542 мянган жуулчин Монголд ирж, 400 гаруй сая долларыг бид тэднээс авч үлджээ. Нийт ирсэн жуулчид болоод олсон орлогын хэдэн хувь нь өвлийн аялал жуулчлалаас төвлөрсөн бэ гэдгийг тооцож өгөх албаны эх сурвалж, дүн шинжилгээ хийн, түүнд эмзэглэж буй удирдлага энд байна гээд хэлчих ч зүйл байна.

 

Танаас, надаас Монголын өвлийн аялал жуулчлалын наадам, томоохон брэнд болсон бүтээгдэхүүнийг нэрлээч гэвэл эхлээд “Хөх сувд” мөсний баяр, араас нь  “Бүргэдийн баяр”, “Тэмээний баяр”... Товчхондоо бол ингээд л болчих байх. Бид өөрсдөө өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ ядаж гарын таван хуруутай тэнцэх хэмжээнд нэрлэж чадахгүй байна.  Энэ бол бодит үнэн, ямар унхиагүйгээр эдийн засгаа уул уурхайд даатгасны нотолгоо. Уг нь цаг үеэ мэдэрсэн, жаахан сэтгэл бас зөв дэмжлэгийг аялал жуулчлалын салбарт ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгжид өгчихвөл богино хугацаанд хөгжих нөөц боломж нь бидэнд бий гэдгийг салбарынхан ам нэгтэй хэлдэг.

Ингээд өнөөдөртөө Монголын өвлийн аялал жуулчлалын нэрийн хуудас болоод буй “Хөх сувд” Хөвсгөл нуурын мөсний баярын сурвалжилсан тэмдэглэлийг одоо та  бүхэнд хүргэе. 

 

“Мөсний баяр”-ыг МӨЛГӨР БАЯР болгомооргүй байна

Хорин жилийн хугацаанд ганцхан удаа завсарлаж байсан мөсний баярыг зорин очиж, үзэж сонирхогчдын тоо нэмэгдсээр өнөөдрийг хүрчээ. Хоёрхон жилийн өмнө 10 мянган аялагч “Хөх сувд”-ыг зорьдог байсан бол өдгөө 27 мянга болж нэмэгджээ. БНСУ, Япон, ОХУ, Америк, Хятад, Австрали, Вьетнам гэхчилэн 10 гаруй орны 800 гаруй жуулчин мөсний баярыг зорьж ирсэн байв. Энэ тоо бол өнгөрсөн жилүүдээс өссөн үзүүлэлт. Ингэж мөсний баярыг шимтэгсдийн тоо өссөн шигээ аялагчдын нүд чихийг баясгах үзвэр, үйлчилгээ, зохион байгуулалт дээшилсэн үү гэвэл харамсалтай нь ҮГҮЙ.   

Аялагчдын мөсний баярт оролцсондоо сэтгэл хангалуун үлдэх гол үзвэр нь мөсөн урлал байдаг. Далай ээжийн тунгалаг мөсөөр хийсэн урлалууд тус наадмын гол чимэг болж, зорин очигсод нүдээ баясгаж, зургаа татуулдаг. Энэ жил гэтэл мөсөн урлалын тоо ширхэг багасч, чанар, загвар нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хэдэн алхмаар ухарчээ. Төв тайзаа тойрсон 10-аад үзвэр, дөрөв тавхан мөсөн гэрүүдийг үзэж сонирхож дуусгахад 10 минут ч зарцуулахгүй. Гайхан шагшиж, өмнө нь зургаа татуулах хүсэл үнэндээ огшиж төрөөгүй. Ирснээ батлах гэж л дуртай дургүй зургаа татуулагсад олон. Монгол залуус мөсөөр бүтэн ордон босгож, үлгэрийн баатруудыг хэдэн арван метрээр сүндэрлүүлж, гадаадын наадмуудад хүртэл тэргүүн байр эзэлж, мөсөн урлал хийж чаддаг болсныг олон улсад хэдийнэ хүлээн зөвшөөрдөг болсон. Гэвч мөсний баярыг зохион байгуулагчид энэ жил урлалд зарцуулах төсөвт гар татжээ. Ийм байвал ирэх жилээс мөсний баярыг зорих хүн цөөрнө үү л гэхээс нэмэгдэхгүй.

 

Дутуу бүхнийг нь байгаль өөрөө дүүргэв үү гэлтэй, жавар тачигнаж, хацар эсгим хүйтэн салхи далай ээжийн баярт оролцогсдыг угтаагүй. Халуун нар төөнөж, зөөлөн салхи сэвэлзсэн, аялж зугаалах таатай орчин бүрдсэн байлаа. Хэрэв цаг агаар таагүй байсан бол халуун цай, хоол хэрэгтэй болох байв. Хоол, хүнсний үйлчилгээ муу байсан үг л дээ. Хоолны гэрүүд байсан боловч мөсний баярт оролцогчдыг багтааж дийлэхээргүй. Хоолны сонголт хэдхэн төрөлд эргэлдсэн, ялангуяа гадныхнаас санаа зовмоор үйлчилгээтэй. Үндэсний хэв маяг, орчин үеийн брэнд хоолны үйлчилгээ алга. Дотоодын жуулчид л аргагүйн эрхэнд хэдэн гэрээр үйлчлүүлж харагдсан.

 

Хомс зүйл үүгээр дуусахгүй ээ. Өнгөрсөн жил 20 мянган аялагч нэгэн зэрэг Хатгал суманд очиход буудал, гэр хүрэлцээгүй байсан. Хонох газаргүй болсон зарим нь өдөртөө Мөрөн рүү буцаж, үлдсэн нь айлуудаар хоног төөрүүлсэн. Тэгээд багтаагүй нь мөнгөө атгаад машиндаа хоноцгоосон. Энэ жил уг дүр зураг мөн л давтагдлаа. Нэг ялгаатай зүйл байсан нь Хатгалын төвд машинд хоносон аялагчдын тоо өмнөх жилээсээ өссөн. Далай тойрсон олон амралтын газруудаас ердөө 15 нь л ажиллаж байв. Тохилог дулаан амралтад бууж, мөсний баярыг үзэхээр очигсдын ихэнхи нь шөнөдөө жиндэж,  өдөртөө бүлээцэж өнжсөн байх.   

Зохион байгуулагчид уртаас урт хөтөлбөр гаргасан байсан. Түүнийгээ Англи, Монгол дээр томоор хэвлүүлээд талбайн голд хадчихсан байсан. Сээр цохих наадам, шилдэг үндэсний хувцас шалгаруулах уралдаан, хатирч морины уралдаан,  мөс мөргөлдүүлэх тэмцээн, сүмо гэхчлэн гадны дотнынхны сонирхлыг татах хөтөлбөрийг тэд гаргаж чаджээ. Зохион байгуулахаар ч төлөвлөж, тайз талбай зассан байв. Гэхдээ яг аль тэмцээн, уралдаан нь хаана болоод байгааг олоход бэрх. Нэг тэмцээн үзэх гэхээр эхэлдэггүй. Хэн нь бүртгэж, хэрхэн шүүх нь ч ойлгомжгүй. Эхлэх болоогүй гээд явчихаад ирэхээр болоод дуусчихсан байх жишээтэй. Дотоодын аялагчид нь ингэж төөрч будлихаар гадныхан яах нь бүр ойлгомжтой. Англи тайлбар, самбар огт байхгүй. Худалдааны хэсэгт нь голдуу Орос болон Хятадаас оруулж ирсэн сувенир, хувцас, эд хэрэгсэл зонхилно. Хөвсгөл далай, Монголын онцлогийг шингээсэн бараа бүтээгдэхүүний нэр төрөл нь бага. Машинаа байрлуулах, орж гарах гарц муутай. Нийтийн бие засах газрын хүрэлцээ тааруу гээд үнэндээ дэндүү салан задгай зохион байгуулалттай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top