Б.Батжаргал: Чаргаа өөрөө хийж, морьдоо өөрөө уядаг

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

"Хөх сувдын орон-2019" мөсний баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Мөсний баярын хамгийн олон үзэгчтэй тэмцээн морин чарганы уралдаан байв. Уралдаанд Хатгал сумын малчин Б.Батжаргалын алаг морь түрүүлсэн. Мөсний баярын гол чимэг болсон тахтай морин чарганы уралдаанд жил бүр хурдан хүлгээ сойдог Б.Батжаргалтай ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.


-Баяр хүргэе. Та хэдэн жил морин чарганы уралдаанд оролцож байгаа вэ?

-Баярлалаа. Би 10 гаруй жил морин чарга хөлөглөн, уралдаанд сойж байна.

-Чаргаа өөрөө хийдэг үү?

-Чаргаа өөрөө хийж, морьдоо өөрөө уядаг.

-Чарганд хөлөглөх морийг хэрхэн уяж сойдог вэ?

-Уралдааны морьтой адилхан уядаг. Өвс, тэжээл нь адилхан байдаг. Чарганд нь сургаж, мөсөн дээр явдаг нь л өөр юм уу даа.

-Хатгал сумандаа ажиллаж, амьдарч байна уу?

-Хатгал сумандаа малаа маллаад амьдарч байна. Энэ сумын уугуул. Нутагтаа л насаараа амьдарна гэж боддог.

-Өмнө нь та морин чарганы уралдаанд түрүүлж байв уу?

-Өмнө нь түрүүлж байгаагүй. Арван жилийн өмнө нэг удаа айрагдаж байсан. Энэ удаад түрүүлнэ гэж бол бодоогүй. Миний морь дээгүүр орно доо л гэсэн таамаг байснаас биш нэг их итгэж найдсангүй. Жил бүрийн мөсний баяраар морин чарганы уралдаанд оролцдог ч энэ жил л амжилт гаргаж байна. Морин чарганы уралдаан зөвхөн мөсний баяраар далай дээр л болдог болохоор өөр уралдаанд морио сойно гэсэн зүйл байдаггүй.

-Та хурдан морь уядаг уу?

-Хурдан морь уядаггүй. Чарганы морио уяад, чарганд нь сургаад л явдаг даа. Дандаа мөсөн дээр явах болохоор үүнд морьдоо сургах хэрэгтэй болно.


 

-Чаргыг яаж хийдэг вэ. Энэ талаар бидэнтэй хуваалцаач...

-Чаргыг тусгай юманд хийж матаж, тахир болгож хийдэг.

-Ямар модоор хийдэг вэ?

-Хуш модоор хийнэ. Гарын ур их ордог. Нарийн ажиллагаа нэлээд бий.

-Чарганы толгой гэж хэлмээр юм уу, моринд их сүр оруулсан хонхтой мод их анхаарал татлаа. Энэ ямар учиртай зүйл вэ?

-Энэ орос гаралтай зүйл байгаа юм. СССР эд гэж ярьдаг.

-Чарганы морьд ямар байх ёстой вэ. Залуу морьдыг голчлон сонгодог юм шиг харагдлаа?

-Бүхий л насны морьдыг хөлөглөж болох ч ер нь бол залуу адуу байх тусмаа л сайн.

-Та энэ морио удаан сойж бэлтгэв үү?

-Би энэ морийг өвөл дүүгээсээ худалдаж авсан юм. Тэгээд анхлан сургаж, уралдаанд оруулж байна. Нэг сар л бэлтгэсэн. 

-Таны морь уралдааны дунд үеэс л цойлоод гараад ирэх шиг боллоо...

-Тэгсэн. Нэлээд араас орж ирсэн. Айргийн тавд л орох болов уу гэж бодож байлаа. Түрүүлнэ гэж бодоогүй /инээв/.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top