Ш.Гунгаадорж: Үндсэн хуулийг аль эрт өөрчлөх ёстой байсан

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Монгол Улсын  15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржтой ярилцлаа.


-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн 20 орчим хувьд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулаад байна. Та хуулийн төсөлтэй танилцсан уу?

-Шинэ төсөлтэй цухас танилцсан. Ерөнхий оруулах ёстой өөрчлөлтөө багтаасан  байна гэж харсан. Одоогийн төсөлд тусгасанчлан “20 хувьд нь өөрчлөлт оруулах уу эсвэл хэлэлцүүлгийн явцад энэ хувь хэмжээг өөрчлөх үү” гэдгийг хэлж мэдэхгүй юм. Хэлэлцүүлгийн явцад бүх зүйл тодорхой болох байх. Ямар ч байсан одоо оруулах гэж байгаа нийт өөрчлөлтийн 70-аас доошгүй хувийг нь “парламент хүлээн зөвшөөрч, өөрчлөх болов уу” гэж харж байгаа.

-Үнэхээр Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон. Аль эрт өөрчлөх ёстой байсан юм. Анх 430 хүн сууж байгаад энэ хуулийг боловсруулан баталж байлаа. Батлалцаж явсан хүний хувьд хэлэхэд маш сайн хууль болсон. Гэхдээ тэр цаг үеэс хойш 30 орчим жил өнгөрчихөөд байна шүү дээ. Улс орны хөгжил, гадаад, дотоод харилцаа гээд олон зүйл өөрчлөгдсөн. Тиймээс цаг үеэ дагаад Үндсэн хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлага гараад байгаа юм. Ялангуяа  төр засгийн эрх мэдлийн үүрэг, хуваарилалттай холбоотой өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Тэр дундаа Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын харилцаа ямар байх вэ гэдгийг тодорхой болгох зайлшгүй шаардлага үүсээд байна.

Манай улс парламентын засаглалыг байгуулахдаа сонгомол утгаар нь байгуулаагүй. Ерөнхийлөгчөө ард түмнээс,  УИХ-аа иргэдийн санал асуулгын дүнд үндэслэн бүрдүүлдэг. Парламентын засаглалтай гэсэн атлаа Ерөнхийлөгчийн эрх мэдэл нь илүү өндөр ч юм шиг эрлийз  байдалтай явсаар өдийг хүрлээ. Тийм учраас энэ бүгдийг нэг талд нь гаргамаар байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хуулийн төслийг боловсруулаад өргөн  бариахад бэлэн болсноо зарласан.  Дээр хэлсэнчлэн эрх мэдлийн хуваарилалт болон  зохицуулалт хийх шаардлагатай бусад гол асуудлаа багтаасан байна лээ. Тиймээс хаврын чуулганаар яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж бодож байна.

-Нэг нам олонх  байгаа үед Үндсэн хуульдаа гар дүрэх хэрэггүй гэх  шүүмжлэл,  сонгуулийн өмнөх жил учраас аливаа ашиг сонирхолдоо нийцүүлсэн заалт шургуулчих вий гэх хардлага  байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Хардлага хаана ч, хэзээ ч байдаг.  Бодит байдал дээр нэг нам арай олуулаа байгаа үед Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол олон намын төлөөллөөс бүрдсэн парламентын үед өөрчилнө гэдэг бараг боломжгүй зүйл. МАН эрх барьж буй энэ үеэ далимдуулаад  улс эх орны тэргүүн эрх ашийг умартана гэж бодохгүй байна. Хэсэг бүлгийн хардаж байгаачлан явцуу эрх ашгаа бодож хуульд өөрчлөлт оруулбал  засашгүй том алдаа болно. Гэхдээ МАН эрх барьж явсан, сөрөг хүчин ч байж үзсэн туршлагатай нам учраас түүхэнд үлдэхүйц том алдаа гаргахгүй гэдэгт би хувьдаа итгэж байгаа. Үүнээс өмнөх парламентууд  Үндсэн хуулийг өөрчлөх талаар ярьсаар ирсэн ч шийдэлд хүрэлгүй өдийг хүрсэн шүү дээ. Тиймээс нэг нам олонх байгаа үедээ л Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй.  

Өөрөөр хэлбэл, хамгийн боломжтой цаг үе нь ирчихээд байна. Гэхдээ би энэ үгийг нэг намын эрх ашгийн үүднээс  хэлж байгаа юм биш. Улс эх орны том эрх ашгийн үүднээс ярьж байгаа юм шүү.  Засаглалынхаа хэлбэрийг зөв голдрилд нь оруулах ёстой. Ингэхгүй бол манай улс  ямар засаглалтай нь тодорхойгүй болчихлоо шүү дээ. УИХ нь Засгийн газраа мэдэлдээ аваад байгаа ч юм шиг, эсвэл Засгийн газар нь УИХ-даа давуу эрх мэдэлтэй  ч юм шиг ойлгомжгүй байдал бий болчихоод байна шүү дээ.

-Үндсэн хуулийг өөрчлөхөд хамгийн чухал нь зөвшилцөл. Таны харж байгаагаар улстөрийн намууд ойлголцож чадсан болов уу?

-Хангалттай  хэмжээнд ойлголцсон болов уу гэж харж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригч намынхан дотооддоо нэлээд ярилцсан. Улс төрийн намуудтай  ч хэд хэдэн удаа уулзаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийж, санал бодлыг нь сонссон. Тийм учраас  улстөрийн намууд  энэ хуулийг өөрчлөх тухайд адил тэнцүү байр суурьтай байгаа гэж ойлгож байна. Ялангуяа парламентад суудалтай намуудын тухайд Үндсэн хуулийн өөрчлөлтийг онцгой эсэргүүцэхгүй болов уу. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхлэхэд сөргөлдөөн, эсрэг байр суурь нэг их гарахгүй болов уу гэж харж байгаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(122.201.21.241) 2019 оны 03 сарын 05

ЭНЭ МАНАНГИЙН Л НЭГ ШҮҮ ДЭЭ.ЭД НАРТ ҮНДСЭН ХУУЛЬ ГАЙ БОЛООГҮЙ.ЭД НАР Л ҮНДСЭН ХУУЛЬТ ЁСЫГ ГАЖУУДУУЛСАН ГАЙ ТҮЙТГЭРТЭЙ.

0  |  0
Ard tumen(202.9.45.176) 2019 оны 03 сарын 05

Энэ хүмүүс муу Үндсэн хууль баталсны харгай нь өнөөдрийн улс орны эдийн засгийн доройтол, авилгал, намуудын дарангуйлал, хууль шүүхийнхний завхрал, ажилгүйдэл, ард түмний ядуурал харуулж байна. Үүний төлөө 1992 онд Үндсэн хууль баталсан болон 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн хүмүүсийг шийтгэж, улс төрд оруулахгүй, тэтгэврийг нь зогсоох ёстой. Лүндээжанцан, Гончигдорж мэт заримыг нь шоронд хийх хэрэгтэй.

0  |  0
Damiran(202.131.245.14) 2019 оны 03 сарын 05

prokuroor shuukh erh medlee heregjuuleed baigaa oros /zuvlult mayagiin,Niamdorjiin prozessiin huuliudaa uurchluuchee...iim huulitai baikhad hezeech erh medelten ba bayan chineeleg negen huuliin hariuzlaga huleehgui prokuror deer zamkhraad bnashdee.iim yumyg olood harakh chadvargui ene olon jil turiin albyg yaaj zalguulj basan yumbe

0  |  0
Зочин(182.160.39.224) 2019 оны 03 сарын 05

Санал бодлыг нь сонсох ёстой мэргэжлийн буурлууд бн, туршлагатай хүмүүс шүү

0  |  0
Иргэн(182.160.39.224) 2019 оны 03 сарын 05

ЧАДВАРЛАГ ХҮН, ИХ ЮМ МЭДНЭ,ЭНЭ ХҮНЭЭС СУРАЛЦАХ ЁСТОЙ

0  |  0
Top