Манай гарагийн хамгийн баян эмэгтэйгээр L`Oreal гоо сайхны эзэнт гүрний өв залгамжлагч Франсуаза Бетанкур-Майерс тодорчээ. Түүний хөрөнгө 49.3 тэрбум ам.доллараар үнэлэгджээ.
Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад тэрбээр 15 дугаарт бичигдэж байгаа ба энэ жагсаалт энэ сарын 15-ны өдөр эцсийн байдлаар хэвлэгдэх гэнэ.
1997 оноос хойш L`Oreal компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй Франсуаза тус компанийг үүсгэн байгуулагч Эжен Шуллерын цорын ганц зээ охин, Лилиан Бетанкурын цорын ганц охин нь юм.
Майерс болон түүний төрөл садангууд L`Oreal компанийн 33 хувийг эзэмшдэг. Өнгөрсөн жил тэрбээр хөрөнгөө 7.1 тэрбум ам.доллар буюу 17 хувиар өсгөсөн. Бетанкур хэмээх нэр дэлхийн тэрбумтан хатагтай нарын дунд хэдийнээ танил болсон. Франсуазагийн ээж Лилиан Бетанкур Forbes сэтгүүлийн жагсаалтад 1987 оноос хойш бичигдэж, 14 жил дараалан тэргүүн баян эмэгтэйгээр 2001 оныг хүртэл тодорч байжээ. 2017 онд тэрбээр нас нөгчсөн хэдий ч тэр ондоо мөн дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр нэрлэгдэж байжээ.
2018 онд дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйгээр Walmart хайпермаркетийн сүлжээг үндэслэгчийн охин Элис Уолтон тодорч байв. Түүний хөрөнгө 46 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байжээ.
Тэгвэл манай гарагийн хамгийн баян эрээр Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос тодорчээ. Тэрбээр өнгөрсөн жил өөрийн хөрөнгийг 19 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, энэ байр сууриа хадгалж авч үлдлээ.
Одоогоор, түүний хөрөнгө 131 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бол өнгөрсөн жил 112 тэрбум ам.доллар байжээ. Forbes сэтгүүлд бичсэнээр, 2018 оны есдүгээр сард Amazon компанийн хөрөнгөжүүлэлт гурван их наяд ам.долларт хүрсэн. Тус компанийн хувьцааны үнэ 22 хувиар буурсан хэдий ч өмнөх жилийг бодвол өндөр байсан байна.
Ингэхдээ, сэтгүүл ирэх жил Безос энэ байр сууриа хадгалж үлдэж чадах эсэх нь сонирхол татах асуудал болно гэж онцолжээ. Учир нь энэ оны нэгдүгээр сард Безос гэр бүлээ цуцлах тухай зарласан. Шүүх хурал Вашингтонд болох бөгөөд орон нутгийн хуулиар хосууд гэрлэлтийн гэрээ байгуулаагүй тохиолдолд хөрөнгөө тэнцүү хуваах ёстой. Түүний гэргий Маккензи Безос гэр бүлийн хөрөнгийн талыг авах тохиолдолд тэрбээр дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийг тэргүүлэх боломжтой болох юм.
Жефф Безос 2018 оны гуравдугаар сард дэлхийн хамгийн баян эр болох Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтсийг ардаа орхисноор, энэ жагсаалтыг тэргүүлэх болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )