Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурийг “Эрдэнэт үйлдвэр-ийн 49 хувийг авахад мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан хэмээн зарим хэвлэл мэдээлж байна. Тиймээс шүүгч М.Батсуурь өөрийгөө шалгуулахаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-т хүсэлт гаргаад байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн. Түүний нэр холбогдоод буй асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулганы хуралдааны үеэр таны талаар ярихдаа "Их залуугаараа карьер хийсэн" гэж удаа дараа хэлж байхыг сонссон. Энэ талаар эхлээд асууя?
-Шүүгч нь УИХ-ын гишүүн шиг 25 нас хүрсэн л бол сонгогдоод, томилогдоод явдаггүй, жинхэнэ мерит буюу шатлан дэвших замаар явдаг. Өөрөөр хэлбэл, анхан, давж заалдах, хяналтын шат бүртээ шалгалтаа өгч, тэнцсэн нь дэвшээд л явдаг гэсэн үг. Миний хувьд Үндсэн хуульд заасан бүх болзлыг хангасан, давж заалдах, Дээд шүүх гээд шат бүрт нь шалгалтыг нь даваад л явсан. Сайдын хэлсэн шиг “кран” шүүхэд байдаггүй.
-Таны шийдвэрлэсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн талаар сүүлийн өдрүүдэд байнга яригдаж байна. Шүүгч хүнээс хэргийн талаар асууж болдог юм болов уу?
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж бий. Тэнд шүүгчийг шийдсэн хэрэгтэй нь холбогдуулж хэрэг бүртгэж, мөрдөн байцаахыг хориглодог. Энэ нь шүүгч ирээдүйдээ итгэлтэй байж, айдаст автахгүй, хараат бусаар маргаан шийдэх даатгал юм. Харин шийдвэрээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бичиг үсэг тайлагдсан хүн бүр уншаад ойлгохуйц байдлаар үндэслэлээ сайтар бичиж, ил тод байлгах учиртай. Уг нь хэргийн шийдвэрийн талаар асуухаас илүү түүний үндэслэлийг тойрч ярьдаг бол шударга ёс илүү тодорно гэж боддог.
Өмнө нь миний оролцоотой шийдвэрлэсэн хэргийн талаар гомдсон талууд янз бүрийн байр суурь илэрхийлж байсан. Би энд огт эмзэглэдэггүй. Учир нь ардчилсан нийгэмд албан тушаалтныг хардах эрх иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага хэнд ч байх ёстой гэж боддог. Шүүгч, прокурор гээд хуульчид иймэрхүү “гал авахад” сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн хүмүүс. Нөгөө талаас би жилдээ 300-400 орчим хэрэг шийдвэрлэхэд оролцдог. Ингээд бодохоор шүүгчээр томилогдсоноос хойш 3000 орчим хэрэг шийдвэрлэсэн, үүний цаана гомдсон талыг тоолж барахгүй. Өөртэйгээ зөрчилдөн хуулийн дагуу алхаа цохих үе зөндөө тохиолдоно. Намайг хүнд гэмт хэрэгт холбож мэдэгдэл гаргасан. Ингэхдээ Монгол Улсын сайд болон УИХ-ын нэр бүхий гишүүд энэ мэдэгдлийг хийсэн учир би тайлбар хийх нь зөв гэж бодсон. Завсар зайгүй нүдэх бөмбөрийн нүргээн дунд лимбэ сонсогдохгүй гэдэг. Чөлөө олдсон дээр тайлбараа өгөх нь зүйтэй гэж бодлоо.
-Таныг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн маргаанд холбоод байгаа. Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан учир ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна?
-Албан тушаалтны хувийн ашиг сонирхлыг хязгаарлах зорилготой “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” гэсэн урт нэртэй хууль бий. Уг хуульд ямар шийдвэр гаргахад оролцож болохгүй талаар зохицуулсан, ингэхдээ өмнө нь ямар нэгэн байгууллагад ажиллаж байсан бол хоёр жилийн хугацаанд тухайн байгууллагатай холбоотой шийдвэр гаргахыг хориглосон. Миний хувьд 2009-2011 онд Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан учир энэ заалтыг зөрчөөгүй. Шүүх хурлын үеэр ч энэ талаар хэлж, хариуцагч байгууллагуудаас асуухад татгалзахгүй гэсэн байдаг. Бас нэг зүйлийг хэлэхэд хэрэгт Худалдаа хөгжлийн банкны талаар огт байхгүй, харин “Монголын зэс корпорейшн” гэдэг компани байсан, би үүнтэй огт холбоогүй учир бас зориуд цохож асуусан байдаг. Ер нь энэ банктай холбоотой хэд хэдэн хэрэг шийдвэрлэхэд оролцсон, шийдвэрүүд нь янз бүр гараад явсан байдаг. Хэнд ч гэсэн ажил хэргийн холбоотой түүх байдаг л биз дээ.
-Ер нь ямар шийдвэр гарчихсан юм бэ?
-Нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд, бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн өмчлөлийн асуудлыг огт шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, төр өмчлөх үү, үгүй юу гэдэг маргаан огт биш. Харин УИХ-аас 23 дугаартай тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгож, ингэхдээ хамгийн гол нь хувийн хэвшилтэй “хэлцэл” хийх замаар шийдвэрлэхийг даалгасан. “Хэлцэл” гэдгийг Иргэний хуульд тодорхойлсон бөгөөд хуулийн сургуулийн наад захын оюутан энэ бол “тохиролцоо” хийх замаар шийдэгдэх юм байна гэж ойлгоно. Гэтэл Засгийн газар тогтоол гаргахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг шууд төрийн мэдэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгаад, үүнтэй холбоотой ТУЗ-ийг мөн төрийг төлөөлөн байгуулах үүрэг өгсөн.
Би хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд оролцсон болохоос ганцаараа шийдвэрлээгүй гэдгийг зориуд хэлье. Бас нэг зүйл нэмж хэлэхэд би Танхимын тэргүүний хувьд бүх шүүх хурлыг даргалдаг, түүнээс сонгож даргалдаг юм биш. Мөн хурал даргалж байгаа хүн хамгийн сүүлд зөвлөлдөх тасалгаанд саналаа хэлэх хуультай. Зарим хэрэг миний санал ч байхгүй шийдвэрлэгддэг. Тиймээс намайг удирдаад ийм шийдвэр гаргуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь худлаа. Бас намайг Худалдаа хөгжлийн банкны хуульч гэж мэдэгдээд байгаа нь ор үндэслэлгүй. Тэр банкнаас гараад удаж байна. Надад энэ банкинд хувь байхгүй, зээл байхгүй, хамаатан садан ч байхгүй.
-Процесс яаж явсан юм бол?
-Дээр хэлсэнчлэн энэ бол өмчийн маргаан биш, харин бүртгэлтэй холбоотой маргаан байсан. Энэ маргааныг задлаад үзвэл иргэн, захиргааны журмаар явж, гурван шатны есөн удаагийн шүүх хурал болж, тухай бүртээ шийдвэрүүд гарсан байдаг. Энэ бүх шүүх хуралд гурван шатны 27 орчим шүүгч оролцсон бөгөөд агуулгаараа бүх шийдвэр нь “Монголын зэс корпорейшн” компанийн талд гарсан. Мэдээж үндэслэл нь янз бүр учир өөрчлөлт орсон зүйл байгаа, гэхдээ үндсэн зарчмыг би дээр хэлсэн. Тэгэхээр зөвхөн М.Батсуурь удирдаад хувийн компанид үйлчилсэн зүйл огт байхгүй. Бас гурван шатны шүүх хуралд бүгдэд нь намайг оролцсон гэсэн байна лээ. Уг нь Л.Оюун-Эрдэнэ сайд хуулийн сургууль төгссөн, надаар хичээл заалгаж байсан. Гэхдээ эрдэм огт сураагүй нөхөр байна. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэг үг сайдад лав тохирохгүй юм байна. Хууль төгссөн хүн ийм юм яриад явахаар хэлэх үг ч олдохгүй юм. Нэг шүүгч анхан шатны шүүх дээр шийдвэр гаргахад оролцсон бол тэрийгээ давж заалдах, хяналтын шатанд өөрөө хянадаггүй гэдгийг жирийн иргэн ч гадарлана. Тийм зүйл хийсэн бол би шууд ёс зүйн хариуцлага хүлээе. Шат бүрт өөр шүүгч оролцож, хэргийг шийдвэрлэдэг. Шүүгч бол тангараг өргөсөн, асар их бие даасан хүмүүс байдаг. Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн хэн ч байсан Үндсэн хуульд тангараг өргөсөн бол дээрх шийдвэрийг гаргах байсан гэж бодож байна.
-Төрийн мөнгөөр авсан, мөнгө угаасан гэж тайлбарлаад байгаа?
-“Монголын зэс корпорейшн” компанийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэрэгт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахдаа хэний мөнгөөр, ямар компаниуд оролцсон талаар ямар ч баримт байхгүй. Дахин дахин хэлэхэд энэ бол бүртгэлийн л маргаан. Бүртгэлийн маргаанд бүртгэл үнэн зөв явагдсан эсэх нь чухал. Харин тэр босгосон, эсхүл зээлсэн мөнгө нь хэнийх байсан бэ гэдэг нь өмчлөлийн маргаан учир иргэний журмаар, хэрвээ мөнгө угаасан гэвэл эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх ёстой. Нэг зүйлийг ойлгохгүй байгаа. Захиргааны шүүх Засгийн газрын тогтоолын зарим заалтыг хүчингүй болгохдоо дахиж ийм шийдвэр гаргаж болохгүй гэж огт хэлээгүй. УИХ-ын 23 дугаар тогтоолд нийцүүлээд дахин шийдвэр гаргах эрх бий. Хэрвээ төрийн мөнгөөр авсан гэвэл УИХ-д 23 дугаар тогтоолдоо өөрчлөлт хийх эрх мөн байгаа. Яагаад энэ алхмаа хийхгүй, бүртгэлийн маргааныг өмч шийдвэрлэсэн болгож тайлбарлаад шүүх тойрсон хэрүүл үүсгээд байгаа нь хачирхалтай. Шүүгч бусдад таалагдах гэж биш, зөв гэж үзсэн шийдвэр гаргадгаараа зарим улс төрчдөөс ялгаатай. Хэнд ч таалагдахгүй шийдвэр гаргах үе ч байдаг. Шүүхэд сэтгэл дундуур үлдсэн хэн бүхэн ийм арга замаар эсэргүүцэл тэмцэлд уриалаад байвал юу болох бол.
-Таны аавын компаниар 70 сая ам.доллар орсон, гарсан, тэр компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахад оролцсон гэсэн яриа байна?
-Үнэнийг хэлэхэд, энэ талаар мэдэгдэл, нэвтрүүлэг зэргээс мэдсэн учир зориуд тодруулсан. Миний аавыг Д.Мишиг гэдэг, хүмүүс Д.Миша гэдгээр нь сайн таньдаг. Тэр компанид 2011-2015 оныг хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаад ажлаа өгсөн. Ажиллаж байхад нь 70 сая долларын гүйлгээ огт хийгдээгүй. Л.Оюун-Эрдэнэ сайд эхний мэдэгдэл дээрээ энэ тухай зөв хэлсэн боловч дараа дараагийн мэдэгдэл дээр хувь эзэмшдэг, үүсгэн байгуулсан гээд бүүр хадуураад явсан. Энэ тухай ааваас асуухад огт мэдэхгүй, АТГ-т ч гэсэн мэдүүлгээ ингэж өгсөн. УИХ-ын гишүүдийн хэлж байгаачлан тэр компанийг үүсгэн байгуулаагүй, хувь эзэмшдэггүй, Баатар гэдэг ганц хүний нэр дээр байдаг компани юм билээ. Миний аав энэ компанид ажиллах байх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой ямар ч үйл ажиллагаанд оролцож байгаагүй, огт холбоогүй гэдгийг цохон хэлье.
-Ажлаа яагаад өгсөн юм бол?
-Эрүүл мэндийн шалтгаанаар. Миний аав энэ жил 71 нас хүрч байна. 1977 онд Дулааны гуравдугаар цахилгаан станцад слесариар ажилд орсноос хойш тус станцын ерөнхий инженер, үйлдвэрийн дарга, Эрчим хүч, хүнд үйлдвэрийн дэд сайд болтлоо дэвшин ажилласан. Мэдэгдэл хийгээд байгаа зарим хүмүүс шиг даргын цүнх барьж гүйгээд сайд болоогүй. 1996 оны сонгуулийн дараа ажлаа өгөөд бизнест хөл тавьсан. Үүнээс хойш 2015 он хүртэл ажилласан, одоо гэр зуур байгаа. Сая битүүний өдөр хагалгаанд ороод тэнхэрч ядаж байхад нь УИХ-ын гишүүд удаа дараа худал мэдэгдэл хийгээд, АТГ-аас асууж байцаагаад тиймхэн л байгаа. Гэхдээ гэмт хэрэг хийсэн биш, удахгүй үнэн тодроод л гараад ирнэ. Худал сүржин болов ч хоосон, үнэн алгуур болов ч жинтэй гэдэг үг байдаг даа.
Сэтгэгдэл ( 12 )
Yooyo! Ene odoo shuugch uu? Ee matar matar! Yadmaghan shuugch bol dio!
харах царайны луухай байна, харин гүрийхийг дээд зэргээр эзэмшсэн нь ойлгомжтой, эрхээ хураалгаад шалгуул
buxana gel enedee
Хэлцэл ,тохироо ,гэдэг ,үгэн ,дээр ,энэ ,шүүгч ,тогложээ. Хохирогчийн ,талд ,ийм ,тайлбарыг ,хүргүүлж ,мэтгэлцээний ,журмаар ,явсан ,бол ард нийтээрээ ,хохирсон ийм ,балай ,шийдвэр ,гарахгүй ,байсан ,байна. Шүүгч сэжигтэн ,этгээдүүдийг ,хорьж ,шалгахгийг болиулаад тавиад явуулж ,байх юм. Жирийн иргэнийг яадаг билээ. Мөнгөтэй хүмүүс ,ингээд ,гадуур байцаагддаг.
АЛДАРТ ШҮҮГЧ БОЛЛОО ДОО.
Хуульч бэтгэдэг их сургуулиуд гарын хуруунд багтахгүй олон байхад хуульчийн бакалавын боловсролыг оройн болон ээчнээ хэлбэрийн сургалтаар олгож ядмагхан ”xyyльч” бэлтгэж байгаа тогтолцоог бүрмөсөн халах хэрэгьэй дээ
захиалгатай бэлтгэсэн ийм ярилцлагаар яах юм сэтгүүлч та өөрөө танай сайт муу харагдаж байгаагаа мэддэггүй юмуу жирйин уншигч ч яриж сууж байгаад асуумаар асуулт баЙХАД болио ч дээ тэгээд ч зиндаа руу орохооо болиж баЙНА ДАА
захиалгатай бэлтгэсэн ийм ярилцлагаар яах юм сэтгүүлч та өөрөө танай сайт муу харагдаж байгаагаа мэддэггүй юмуу жирйин уншигч ч яриж сууж байгаад асуумаар асуулт баЙХАД болио ч дээ тэгээд ч зиндаа руу орохооо болиж баЙНА ДАА
shudarga shvvgch
Ядарсан санаанд нь нийцэхгүй бол хамаагүй хорино энэ хулгайчыг эрхыг нь хасаад шоронд нь хатаа
Эргэлзээтэй.
Занданы хэлснээр 2 сарын дараа та нар алга болно гэсэн шүү дээ Шударга бус шүүгч нар тонил