Ж.Эрхэмбаатар: Албан тушаалтны хэрэгт өмгөөлөл үзүүлэх боломжгүй болж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Монголын хуульчдын холбооноос “Хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгаа, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс болон хуульч, өмгөөлөгчдийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогч зарим хуульчдын байр суурийг хүргэе. 


Монголын хуульчдын холбооны гишүүн, "Ананд адвокатс" хуулийн фирмийн партнер, хуульч Ж.Эрхэмбаатар “Эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож, хэн нэгний эрх ашгийг хамгаална гэдэг хүндрэлтэй болсон. Өнөөдөр гэрчээр байцааж, яллагдагчаар татах арга зонхилж байна. Тухайн хүний өмгөөлүүлэх эрх нь хууль танилцуулах төдий л байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуульд өмгөөлөх эрхийн зохицуулалт байгаа ч мөрдөгч, прокурор, шүүгч нарт хууль зөрчих тохиолдол олон бий. Жишээлбэл, хэрэг мөрдөгч иргэнийг зургаан цаг саатуулах эрхтэй ч цаг хэтрүүлэн байцаалт авсан бол хууль зөрчсөн үйлдэл болно. Ийм алдаа гаргасан шүүгч, прокурорт эргээд хуулийн дагуу хариуцлага тооцно гэж заасан ч аль хуульд хэрхэн заасан нь тодорхой бус. Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах боломж байхгүй. Мөрдөн байцаалтын үед өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах эрх байхгүй, зөвхөн шүүгч прокурор танилцдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг шалгагдаж дуусах хүртэл өмгөөлөгч хэрэгтэй танилцах боломжгүй, хуулиа тэврээд л зогсож байдаг. Мөн тухайн хүнийг цагдан хорьж байгаа шалтгаан нөхцлийг танилцуулдаггүй зэргээс харахад, хувь хүний өмгөөлөл авах эрх болон өмгөөлөл үзүүлэх эрхийн баталгаа байхгүй байна. Нэг үгээр хүний эрх ашгийг хамгаалах боломжгүй болсон гэсэн үг. Ялангуяа эрүүгийн болон албан тушаалтны хэрэгт өмгөөлөл үзүүлж, эрхийг нь хамгаалах нөхцөл боломж хаагдсан гэж хэлж болно” гэсэн юм. 

Хорих ангид цагдан хоригдсон иргэд хууль эрхзүй, өмгөөллийн үйлчилгээ авах үндсэн эрхээр хангагдаж чаддаггүй болохыг Хүний эрхийн үндэсний комиссоос явуулсан судалгааны дүн харуулжээ. Тус газраас ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р анги болон орон нутагт байрлах 11 хорих ангид судалгаа явуулсан байна. Уг судалгаанд нийт хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч нараас түүврийн аргаар 700 хүнийг сонгон хамруулжээ. ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнээс энэ талаар тодрууллаа.  

-Ял эдэлж байгаа хүмүүсийн дунд зонхилон ямар зөрчил илэрч байна вэ?

-Хүний эрхийн үндэсний комисс бүрэн эрхийнхээ хүрээнд цагдан хорих ангиудад хоригдож байгаа хүмүүсийн эрхэд хяналт шалгалт зохион байгуулдаг. Шалгалтын хүрээнд цагдан хорих ангид хоригдож байгаа хүмүүсийн хууль зүйн туслалцаа авах эрх ямар байгааг ярья. Бидний хийсэн судалгаагаар анх удаа баривчлагдаж байгаа сэжигтэн, эсвэл цагдан хоригдсон яллагдагчдад хууль зүйн туслалцаа авах эрх хамгийн түрүүнд яригдаж байна. Жишээ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд баривчилсан хүнд мөрдөгч хууль зүйн туслалцаа авах эрхийг нь сануулна гэж заасан байдаг. Үүний дагуу тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулдаг. Гэвч цагдан хоригдсон хүмүүсээс авсан ярилцлагаас үзэхэд, тухайн хүнд хууль зүйн туслалцаа авах эрхийг нь сануулахдаа нэр төдий сануулдаг, мөн мэдлэг, ойлголт дутуугаас яг юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэлгүйгээр гарын үсэг зурж, баталгаажуулж байна.

Хууль зүйн туслалцаа авах эрхийг сануулах гэдэг нь тухайн гэмт хэрэгт холбогдсон хүн өөрийн эрхийг хамгаалах чиглэлээр өмгөөлөх үйл ажиллагаанд бэлдэх боломжийг олгох. Гэтэл үүнийг мэдэхгүйн улмаас хэрэг прокурор, шүүхийн шатанд шилжихийн өмнө өмгөөлөгчтэй болж байгаа нь шалгалтаар ажиглагдсан.

-Судалгаагаар өмгөөллийн чанарын асуудал хэр түвшинд байгаа харагдсан бэ?

-Цагдан хоригдсон хүмүүс өмгөөллийн чанар бусад хүмүүсийнхээс өөр байна. Тухайн хүн цагдан хоригдсон тул эрх чөлөө нь хасагдсан, гадаад орчинтой харилцах боломжгүй байдаг гэдэг утгаараа өөрийн сонгосон өмгөөлөгчтэй хүссэн үедээ уулзаж чаддаггүй. Ингэснээрээ хууль зүйн туслалцаа авах эрхийг бодитойгоор бүрэн утгаар нь авч чадахгүй байна. Өмгөөлөгч нь цагдан хорих анги дээр сард 1-2 удаа очдог, хуумгай ханддаг тохиолдол байна. Гэтэл өмгөөлөгчийн туслалцаа авч байгаа хүн байцаалт өгөхдөө өмгөөлөгчийг байлцуулах, ганцаарчилсан нөхцөлд уулзах зэрэг бүх шаардлагуудыг хуулиар заасан байдаг. Энэ бүхнийг хангаж ажиллах шаардлагатай байна. Цагдан хоригдсон хүн боломжийн үнэ төлөөд өмгөөлөгчөө сонгосон байтал өмгөөлөгч хангалттай үйлчилж чадаагүйгээс давж заалдаж чадахгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top