Ослоос долоо хоногийн өмнө нуралт болж болзошгүй талаар мэдээлж байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 23

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас /МХЕГ/ “Эко алтан Заамар” компанийн уурхайд гарсан ослын талаар өчигдөр /2019.03.22/ мэдээлэл хийлээ. Тус газраас “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийн, улсын байцаагчийн 9 заалт бүхий дүгнэлт гаргаж, 19-ний өдөр  Уул уурхай хөнгөн үйлвэрийн яаманд /УУХҮЯ/ албан бичгээр хүргүүлжээ. Дүгнэлтэд дурдсанаар “Эко алтан Заамар” компани Улсын комисст уурхайг хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, ТЭЗҮ-нд заагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагааг явуулаагүй, мөрдөгдөж байх ёстой уулын ажлын хэмжээсүүдийг баримтлаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн гидрогеологийн судалгаагаар 51 м-ийн гүнд уст үе илэрсэн байтал ТЭЗҮ-д усыг хэрхэн зайлуулах, ус нэвчих үед гарч болох эрсдэлийг хэрхэн бууруулах талаар заагаагүй нь гулсалт, нуралт үүсэх нэг шалтгаан болсон гэв. Газар дээр нь ажиллах үед урьдчилсан байдлаар усан сангийн ус нэвчсэнээс хөрсний гулсалт, нуралт үүссэн байж болзошгүй гэж үзэж байсан хэдий ч лабораторийн шинжилгээгээр хөрсний ус болох нь батлагджээ.

Мөн тус уурхай дотоод хяналтын журмыг батлан, мөрдөж ажиллаж байсан хэдий ч илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах тал дээр тодорхой заагаагүй байжээ. Тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан осол болохоос 7 хоногийн өмнө буюу 02 сарын 21-ний өдөр  дотоод хяналт шалгалтаар мөстсөн хана, мөс нурж болзошгүй талаар эрсдэлийн үнэлгээ хийж, дүнг захиралдаа хүлээлгэж өгсөн байна. Тодруулбал “Мөс хагарч, уналтаас болж насосчид, ажилчид мөсөнд даруулах болон техник хэрэгсэл мөсөнд даруулж эвдрэх аюултай, хананд тогтсон мөс хана нурах, хагарч унах ажилчдыг дарах, бэртээх мөн техник хэрэгсэл даруулах, өндөр хананы нуралтад хүн дарагдаж, амь насаа алдах магадлалтай” талаар эрсдэлийн үнэлгээг гаргаж байжээ. Харамсалтай нь уурхайн захирал, удирдлагууд эрсдэлийн үнэлгээний дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулаагүйгээс 4 хүний амь үрэгдсэн харамсалтай осол гарсан аж.

Түүнчлэн ажлын байран дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэтэрхий нэгдсэн байдлаар өгдөг, тухайн өдөр, тухайлан хийх гэж байгаа ажилтай холбогдуулж зааварчилгаа өгөхгүй байгаа талаар  эрсдэлийн үнэлгээнд дурдсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор  байгууллага, аж ахуйн нэгж дотоод хяналтын нэгж, ажилтантай байх ёстой бөгөөд дотоод хяналтын журам батлуулан, хэрэгжүүлж ажиллах учиртай. Гэвч дотоод хяналтыг хангалттай төлөвшүүлээгүй, дотоод хяналтаар илэрсэн зөрчлийг арилгахад аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд ач холбогдол өгдөггүйгээс эрсдэл үүссээр байгаа талаар мэргэжлийн хяналтынхан онцоллоо.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас уул уурхайн чиглэлээр ажиллаж буй компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг улсын хэмжээнд энэ сарын 18-наас эхлүүлээд байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.165) 2019 оны 03 сарын 24

Мэргэжлийн хяналтынхан шударга сайн ажиллаагүйгээс ийм хэрэг гарч байгаа шшардлага хангаагүй газар зөвшөөрөл олгодог. Танил талаараа ажлаа явуулдаг, хахууль авдаг. Орон сууцнуудыг хахууль авч хүлээж авч дараа нь оршин суугчдыг хохироодог.(барилгын компануудаас байр, талбай, зогсоол, мөнгө...авдаг)

0  |  0
Иргэн(66.181.160.3) 2019 оны 03 сарын 24

ХАБЭАХариуцсан ажилтан 7 хоногийн өмнө осол гарч болзошгүйг анхааруулсан бнш дээ. Удирдлагууд нь.хүнээ бодсонгүй мөнгөө хараад ингээд л 4 хүнийг бурхан болгосон байна

0  |  0
Гэрэл(110.70.59.140) 2019 оны 03 сарын 24

Ингэж бахирч байгаад хэдэн төгрөг салгаад ух ух гээд нам болно биз

0  |  0
Зочин(66.181.178.48) 2019 оны 03 сарын 24

Манай мэргэжлийн хяналтынхан ажлаа мэддэггүй, хийж чаддаггүй. Ниргэсэн хойно нь бархирав гэгчээр заавал юм болсоны дараа, хүний амь үрэгдсэний дараа хөдөлцгөөж олон юм хуцаж байх юм. Энэ асуудалтай холбогдуулан мэргэжлийн хяналтынханд ч арга хэмжээ авах нь зөв. Өнгөрсөн хойно нь нээх их зөрчил илрүүлсэн хүмүүс ...

1  |  1
Top