Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Хууль эрхзүйн хэлтсийн дарга асан Д.Цэрэнбадамтай ярилцлаа. Түүнийг Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд тус үйлдвэрийн тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар тэргүүтэй удирдлагуудыг ажлаас халах үеэр үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан өрөөг нь битүүмжлээд байгаа юм.
-2019.03.06-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрт ажиллагаа явуулан Таныг болон нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлж, албан өрөөг нь битүүмжилсэн. Чухам ямар үйл ажиллагаа болсон юм бэ?
-Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдөр батлагдсан хууль гэж бий. Энэ хууль нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хуулиас дээгүүр үйлчлэлтэй. Үндсэн хуулийн суурь зарчмуудаас гажсан зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль батлагдахаас өмнө хүчин төгөлдөр болсон хуулийн дагуу ажлаас чөлөөлөх процесс болсон. Энэ бол цаашдаа Үндсэн хуулийн Цэц болон шүүхээр шийдэгдэх асуудал. Тухайн үед би ажлаа хийгээд сууж байтал гэнэт орж ирээд өрөөг маань битүүмжилсэн. Ер нь үйл явдал болохоос хоёр хоногийн өмнөөс цагдаа, тагнуулын хамгаалалт үйлдвэр дээр ирчихсэн байсан тэр утгаараа төлөвлөгдсөн үйл ажиллагаа болсон гэж харж байгаа. Үндсэндээ Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Энэ утгаараа хууль ижил тэгш үйлчилж чадаагүй гэж би үзэж байгаа. Ажилчдыг бөөнөөр нь халж байгаа тохиолдолд “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын гэрээний дагуу 45-аас доошгүй хоногийн өмнө бидэнд мэдэгдэх ёстой. Ажил олгогчийн санаачлагын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталж ажлаас чөлөөлдөг.
-Үүний ард ямар нэгэн эрх ашиг нуугдаж байна гэх хардлага Танд байна уу?
-Улс төр байна. Сонгууль дөхсөн байна. Өөрөөр тайлбарлах арга алга. Ялсан нам “Эрдэнэт” үйлдвэрт хүнээ байршуулдаг бичигдээгүй хууль байдаг. Түүнийхээ дагуу л ажиллаж байгаа юм болов уу гэж ойлгож байна. Бусдаар би “Эрдэнэт” үйлдвэрийн дотоод журам, хамтын гэрээнд заагдсаны дагуу зөрчил дутагдал гаргасангүй, ажлаа тасалсангүй. Угтаа бол амьжиргааны эх үүсвэрээс минь салгахдаа урьдчилаад мэдэгдэх ёстой байсан. Бүр халах тушаал гараагүй байхад ажлаас хөөчихсөн. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн зүйл заалтыг зөрчсөн үйл явдал боллоо.
-“Эрдэнэт” үйлдвэрийн ашгийн үзүүлэлт 2016 оноос хойш өсөлттэй гарсан байна. Сүүлийн нэг жилд гэхэд түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажиллажээ. 2018 онд 440 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 655 тэрбум төгрөгийн татвар төлсөн байх юм. Та “Эрдэнэт” үйлдвэрт 2016.07.19-нд ажиллаж эхэлсэн байна. Үйлдвэрийг ийм амжилтыг үзүүлэхэд Та ямар оролцоотой ажиллаж ирсэн бэ?
-Анх ажил авч байхад үйлдвэр 50 орчим тэрбум төгрөг, 35 орчим сая ам.долларын өр, авлагатай байсан. Мөн зургаан арбитрын маргаантай. Эдгээрийн нэг дээр нь нэхэмжлэгч бусад дээр нь хариуцагч байсан. Хуулийн хэлтсийн даргын хувьд эдгээрийг цэгцлэх шаардлагатай болсон. Арбитрын маргаанд нэхэмжлэгчээр оролцсон асуудлаар “Балхаш мес” компанитай 20 сая ам.долларын асуудал байсан. Үүнийг шийдсэн. 19.4 сая ам.доллар “Эрдэнэт” үйлдвэрийн дансанд ороод ирсэн. Үлдэгдэл төлбөр нь удахгүй орж ирнэ. Өөр маргаануудын хувьд “Эрдэнэт” үйлдвэр хариуцагч байсан бөгөөд нийтдээ 100 гаруй сая ам.долларын өр төлбөрт орох байсан эрсдэлээс зайлуулж чадсан. Өөрөөр хэлбэл, “Стандарт” банкны өр төлбөртэй тэнцэхүйц хэмжээний өр үүсэх эрсдэлээс хамгаалж чадсан. Үүнийг би өөрийн болон багийнхаа ажлын үр дүн гэж харж байгаа. “Стандарт” банкны өрийн тухайд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөр нь 95.3 сая ам.доллар. Шүүхийн шийдвэр гарсан цаг үеэсээ 2017.08.22 хүртэлх хугацааны хүү, зардлыг тооцоод үзэхээр 98.4 сая ам.доллар болж байсан. Энэ дүн 2018.12.31-ний өдрийн байдлаар 110.8 сая ам.доллар ба сар бүр 1.2 сая ам.доллараар нэмэгдэж байгаа. Намайг ажилд томилогдсоноос хойш үйлдвэрт томоохон өр төлбөр үүсээгүй. Өмнө нь ажиллаж ирсэн байдлыг нь ажиглахад үйлдвэр томоохон өр төлбөрийнхөө араас хөөцөлддөггүй, удирдлагын зүгээс дэмжлэг туслалцаа багатай байсан.
-Таны болон танай багийн “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон сайн жишиг цаашид тогтвортой үргэлжлэх нөхцөл байдлыг бүрдүүлж чадсан уу?
-Зөвхөн эхлэлийн шатандаа явж байсан. Эхлээд аливаа байгууллагын засаглалыг сайжруулах шаардлагатай байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн засаглалыг зөв болгох ажлыг харамсалтай нь дөнгөж эхлүүлээд л орхилоо. Намайг очиход “Эрдэнэт” үйлдвэр 5092 хүнтэй байсан. Одоо 6500 гараад явчихсан. Учир нь бүтцийг ТУЗ-аас баталж өгөөгүй. Ажилтан нэмэгдүүлэх шийдвэрийг хэн ч гаргаагүй байхад тоо нь нэмэгдээд байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин, Москвагийн төлөөлөгчийн газрууд гэж бий. Тэнд юу хийгдэх нь тодорхойгүй. Гэсэн ч хүн нь нэмэгдээд байдаг. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрт засаглалын хувьд зөв хандлага бий болох ёстой. Өглөө ажилдаа ирэхэд л “Тэр ажлаас халагдах гэнэ” гэсэн хов живний орчин угтдаг байсан. Энэ бүхнийг өөрчилж, уул уурхайн компанийн жишгээр хөгжүүлэх учиртай. Энэ хүрээнд тухайн ажлын байрны зураг авалт бодитоор хийгддэг, цех, нэгжүүдийн уялдаа холбоо сайтай байх ёстой.
-Таныг яг ямар асуудал дээр ажиллаж байхад ажлаас халсан бэ. Танд цаашид хийх ажлын ямар төлөвлөгөө байсан бэ?
-Том зургаар нь харвал “Эрдэнэт” үйлдвэрийн засаглалыг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Монголын хамгийн том компани маань дэлхийн зах зээл дээр ямар үнэлгээтэй вэ гэдэгт хэн ч хариулж чадахгүй. Засаглал, хяналтын тогтолцоо нь тодорхой бус. “Эрдэнэт” үйлдвэрт дотоод аудит гэж бий. Санхүү болон компанийн гүйцэтгэх үйл ажиллагаанд хяналт тавих учиртай энэ бүтэц “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх захирлын удирдлагад ажиллаж байна. Тэгэхээр энэ үйлдвэрт дотоод аудит байна уу гэдгийг бодох учиртай. Нөгөөтэйгүүр энэ том компани олон улсын зах зээлд гаръя, хямд эх үүсвэрээр 40 жил ашигласан тоног төхөөрөмжөө солихыг хүсвэл олон улсын рейтинг үнэлгээ авах зайлшгүй шаардлагатай. “Эрдэнэт” үйлдвэр 30 жилийнхээ төлөвлөгөөг баталлаа гэдэг. Яг үнэндээ уурхайн олон улсын стандартад нийцсэн ТЭЗҮ-д үндэслэсэн эсэх нь эргэлзээтэй. Аливаа үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудад үндэслэж явах ёстой. Үүнд “Эрдэнэт” үйлдвэр анхаарах ёстой гэж би боддог. Мөн ажилтны ажил мэргэжлийн ялгаа заагийг тодруулах шаардлага байгаа нь харагдсан. “Эрдэнэт” үйлдвэрт үйлдвэрлэлийн цех нэгжүүд, нийгмийн цех нэгжүүд гэж хоёр том бүлэг байдаг. Тэдний цалин нь хоорондоо ялгаагүй. Хамгийн бага цалин нь 1.1 сая төгрөг, дундаж цалин нь 2.4 сая төгрөг. Өнгөрсөн хоёр жилд ажилчдын цалин 25 орчим хувиар нэмэгдсэн. Тэгэхээр бүтээмжээсээ хамаарч цалингийн ялгамж байх ёстой гэж бодож байна. “Оюутолгой” зэрэг бусад уул уурхайн компаниудтай өрсөлдөхүйц цалин олгодог байх ёстой. Гэхдээ би хуульч мэргэжлийг эзэмшээд явж байгаагийн хувьд хууль бус үйлдэлтэй тэмцэнэ. Хууль бус шийдвэр байсныг тогтоолгохоор Үндсэн хуулийн Цэцэд хандана. Энэ бүхнийг би өөрийнхөө төлөө хийх гэж байгаа юм биш. “Эрдэнэт” үйлдвэрийн дараа дараагийн ажилтнууд хууль бусаар халагдах нөхцлийг хааж шүүхэд хандах болно. Миний хийсэн бүхэн цаасан дээр баримттай байгаа. Магадгүй миний үйлдэл зарим хүнд таалагдахгүй байх. Эцсийн бүлэгтээ миний ажиллаж байсан газарт зөв тогтолцоо бий болсон байх ёстой. Тэр бол миний ажлын үр дүн. Түүнийг хэн хийсэн байх нь чухал биш. Гол нь улс орны хувь заяатай холбоотой “Эрдэнэт” үйлдвэр засаглалын зөв тогтолцоотой болох юм бол миний үйлдвэрт ажилласны бахархал болно. Үүнийг минь ямар ч байдлаар мушгиж магадгүй. Улс төрийн зорилгоор намайг буруутгаж байгаа олон зүйл байгаа юм билээ. Эцсийн бүлэгтээ үр дүн чухал.
Сэтгэгдэл ( 5 )
Ene hun neg heden jil ajillasan bol ch. Daanch tiim bolomj bololtsoo olgosongvi de. Tun haramsaltai. Vildwer asnigtai ajillanaa gdg chin ard tumend l heregtei bsiin.
ene heden Erdenet-iig avsan huuheldei zaluuchuud unheer sunsgui dotor ni mongol hunii mus 1% uldeegui
ОНЦ БАЙДЛЫГ НЭГ Л САЙН ОЙШООЖ ОЙЛГОХГҮЙ Л БАЙГАА ХУУЛЬЧ БАЙНА ДАА.ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД ӨӨРӨӨР АЖИЛЛАДАГ ХУУЛЬТАЙ.