АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт АНУ Хятадын нийт 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг 25 хувьд хүртэл нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Хоёр талын худалдааны гэрээ хэлэлцээ хэт удааширч байгаа тул ийм арга хэмжээ авах болно гэж тэрбээр тайлбарласан байна.
Энэ долоо хоногийг лхагва гарагт Хятад улсын өндөр түвшний төлөөлөгчид худалдааны сүүлийн шатны яриа хэлэлцээ хийхээр Вашингтонд хүрэлцэн ирэхээс өмнө ийнхүү мэдэгдсэн байна.
Сүүлийн арван сард Хятад улс нийт 50 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий өндөр технологийн бүтээгдэхүүний экспортод 25 хувь болон 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бусад төрлийн бараа бүтээгдэхүүний экспортод 10 хувийн татварыг АНУ-д төлсөн гэж Трамп жиргэжээ. Дээрх 10 хувийн татварыг энэ долоо хоногийн баасан гараг буюу тавдугаар сарын 10-ны өдөр 25 хувь болгож нэмэгдүүлнэ хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Өнгөрсөн оноос хойш хоёр тал нийт 360 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар харилцан ногдуулаад байгаа билээ. 2018 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар худалдааны дайны “галыг” түр хугацаанд зогсоох тохиролцоонд хүрсэн.
Өнгөрсөн долоо хоногийг хүртэл АНУ-ын тал хоёр талын худалдааны хэлэлцээний явцад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байсан.
Трампын хэлснээр, 2018 онд хоёр талын худалдааны баланс 378.73 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна. Хэдийгээр Хятадын тал АНУ-ын бараа бүтээгдэхүүнд зах зээлээ илүү нээлттэй болгож, тодорхой арга хэмжээ авч байгаа ч, Трамп Хятад улсад үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын компаниудыг технологио дамжуулах чиглэлээр шахалт үзүүлэхээ зогсоож, бүтцийн өөрчлөлт хийхийг Хятад улсаас шаардаж байгаа юм. Тэрбээр мөн Хятад улсыг оюуны өмчийг хулгайлах, төрийн өмчид компаниудад дотац олгохоо зогсоохыг шаардаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )