Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл тавдугаар сарын 13-ны өдрөөс эхэлсэнтэй холбогдуулан БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.
-Нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл эхлээд байна. Ер нь бүртгэлийг хавар явуулахын давуу талууд юу байна вэ?
-Өнгөрсөн намар нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл хийж эхэлсэн. Наймдугаар сард зохион байгуулахад асуудал их гардаг. Жишээлбэл, сургуулиуд 300 хүүхэд долоон бүлэгт хувааж авахаар төлөвлөсөн байтал эрэлт хэрэгцээ нь түүнээс их болж, найман бүлэг авсан бол найман бүлэг авахаар төлөвлөхөд 10 бүлэг авах гэх мэт төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тохиолдол олон байсан. Үүнээс үүдэн сандал ширээ болон багш нарын хэрэгцээ шаардлага үүсч, төсвийн өөрчлөлт оруулах шаардлага гардаг учраас элсэлтийн бүртгэлийг хавар зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Хүүхдийн тоо гарсан даруйд төсөв санхүү болон багш, анги танхимын судалгаа эрт эхлэх боломжтой болох юм. Тиймээс тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд элсэлтийг эхлүүлэх тов зарлаад өчигдрөөс /2019.05.13/ нийслэл даяар албан ёсоор эхлүүлж байна.
Өнгөрсөн жил цэцэрлэгийн бүртгэлийг албан ёсоор цахимаар хийж байсан. Тэгэхээр яг энэ зохион байгуулалтаар нэгдүгээр ангийн хүүхдүүдийн элсэлтийг цахимаар хийхээр төлөвлөж, БСШУСЯ-ны вэб сайтад дэд сайт үүсгэн, бүртгэх ажлыг туршиж байна. Ингэснээр интернетэд холбогдсон утас, компьютер, нөүтбүүкээр аль ч байршлаас хүүхдээ сургуульд нь бүртгүүлэх боломжтой гэсэн үг юм. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр туршилт эхэлж, бүртгэж байна. Мөн үүнтэй холбоотойгоор Нийслэлийн боловсролын газрын дарга хуульд заасан хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд хамран сурах тойргоо тогтоож, зарим ачаалал багатай, магадгүй хамран сурах тойроггүй хүмүүст хамран сурах тойргийг нь өргөжүүлж, аль болох 2019-2020 оны хичээлийн жилд 2-3 хичээлийн ээлжид шилжихээр ажиллаж байна.
-Тэгвэл аймаг, сумдуудад эдгээр өдрүүдэд бүртгэл эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Аймгуудын хувьд тухай бүртээ бүртгэх товоо зарлах юм. Орон нутаг бүр өөрсдийн нөхцөл байдалд тулгуурлаж бүртгэлээ хийнэ. Тухайн хамрах хүрээний суралцах сургууль нь тодорхой байвал заавал эцэг, эхийн шаардлагагүйгээр статистик тоон мэдээлэл дээр тулгуурлан ирэх жилийнхээ төсвийг төлөвлөөд бүртгэлээ хийх юм. Аймаг, орон нутаг, сумдуудад тухайн нутгийнхаа онцлогт тохируулан дүрэм журам боловсронгуй болгох, эцэг эхчүүдэд чирэгдэл бага учруулах талаар санал гомдол, хүсэлтүүд маш их ирсэн.
-Зөвхөн Чингэлтэй дүүрэг цахимаар бүртгэж байгаа юм уу. Бусад дүүргүүд яах вэ?
-Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд энэ жил туршилтаар цахим бүртгэл хийж байгаа. Харин бусад дүүргийн Ерөнхий боловсролын сургууль бүрт бүртгэлийн комисс ажиллаж байна. Тэгэхээр эцэг, эхчүүд өөрсдийн биеэр төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхээ авч очин, хүүхдээ бүртгүүлэх шаардлагатай. Нийслэлийн зарим сургуулиуд дээр ачааллаас шалтгаалан тухайн дүүрэгт оршин суудаг нь үнэн эсэх, түр оршин суугч мөн эсэх гэх мэт зарим шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлага үүсч болно. Нарийвчилсан мэдээллийг тухайн сургуулиас авах нь зүйтэй.
-Энэ жил нэгдүгээр ангид элсэгчид шалгалтгүйгээр сургуульдаа орох боломж бүрдсэн. Харин гүнзгий сургалттай ангиуд хэрхэн хүүхдүүдээ авах вэ. Шалгалт өгөх шаардлага байгаа юу?
-Өнгөрсөн жилүүдэд эцэг, эхчүүдийн өөрсдийн эрэлт хэрэгцээг дагаад зарим сургуульд хэт их ачаалал үүсч байлаа. Сургуулиудад төлөвлөснөөс давж хүүхдүүд бүртгүүлэх тохиолдол байдаг. Тиймээс л дөнгөж зургаан настай хүүхдээс тест, сорилт авч тэнцсэн тэнцээгүй гэх байдлаар хүүхдүүдийг ялгаварладаг. Үүнээс үүдэн эцэг, эхчүүд маш их өргөдөл гомдол ирүүлдэг. БСШУС-ын сайдын 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны А/200 тоот тушаалын дагуу шалгалт авахыг хориглосон. Энэ тушаалын нэгдүгээрт шинээр элсэгчдээс шалгалт авахгүй байх, хоёрдугаарт таван настай хүүхдүүд элсүүлэхгүй байх чиглэлүүдийг гаргасан. Шалгалт явуулснаар хүүхдийг сургуульд ороогүй байхад суралцах чадвараар нь ялгаж байна гэсэн үг. Хүүхдийг чадна, чадахгүй гэж ангилах, тухайн хүүхдийн сэтгэл санаа болон суралцах чадварт нь нөлөө үзүүлэх муу талтай гэж үзсэн.
-Гүнзгий сургалттай сургуулиудын хувьд ч энэ чиглэлийг барих ёстой юу?
-Бага боловсролд гүнзгийрүүлэх, төрөлжүүлэх бодлогоос татгалзаж байгаа. Бага боловсролын хүрээнд аль болох л суралцах арга барил заах ёстой. Тухайн хүүхдийн цаашдаа суралцах хүсэл эрмэлзлэлийг улам нэмэгдүүлэх шаардлагатай. Хүүхдийг гүнзгийрүүлж, төрөлжүүлж байна гэж багаас нь хэт их ачаалал өгөх нь буруу гэж үзэж байна. Гэхдээ сургууль бүрийн онцлог бий. Жишээлбэл, гадаад хэлний сургалттай сургууль анх элсэгчээ авахдаа эцэг, эхчүүдийн хүсэлт болон сургуулийн онцлогоос хамаарч ангилж хүүхдүүдээ авах боломжтой.
-Жил бүр таван настай хүүхдийг элсүүлнэ, элсүүлэхгүй гэсэн асуудал үүсээд байдаг шүү дээ?
-Ер нь жилд 1000 гаруй таван настнууд элсэх хүсэлт өгдөг. Үүнтэй холбоотойгоор сургуульд, багш нарт маш их ачаалал үүсэж байгаа. Оны сүүлээр буюу 11,12 дугаар сард төрсөн хүүхдүүдийн хөгжил бага зэрэг дутаж байвал эцэг эхчүүдийн саналаар дараа жил нь элсүүлж болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Зургаан настай хүүхдээс гадна долоон настай, таван настай хүүхэд нэмэгдэнэ. Энэ нь багшид маш хүнд ачааллыг өгнө. Өөрөөр хэлбэл гурван өөр насны хүүхэд бүрийн хөгжил тэс өөр байдаг учраас багшид их ачаалал өгч байгаа гэсэн үг юм. Түүнээс гадна сургууль бүрийн хүртээмж хэр билээ дээ. Сургууль хоёр ээлжээр хичээллэдэг байсан бол гурван ээлжээр хичээллэх шаардлага үүсэх муу талтай. Ер нь Монголын боловсролын систем зургаан настай хүүхдэд зориулагдсан шүү дээ.
-Ачаалал үүсэх өндөр магадлалтай ерөнхий боловсролын сургуулиудын талаар мэдээлэл өгөөч?
-Сүхбаатар дүүргээс нэгдүгээр сургууль, хоёрдугаар сургууль, гуравдугаар сургуульд ачаалал үүсдэг. Чингэлтэй дүүргээс 23,24,50,5-р сургуулиуд дээр ачаалал үүсдэг. Хан-Уул дүүргээс 52, 18 дугаар сургууль, Баянзүрх дүүрэгт 33,48,84,44,14 ерөнхий боловсролын сургуулиудад ачаалал үүснэ. Харин Баянгол дүүрэгт 93, Эрдмийн өргөө, 20 гэсэн сургуулиуд дээр ачаалал үүсдэг. Сонгино хайрхан дүүрэг харьцангуй ачаалал багатай байдаг. Эдгээр сургуулиуд нь хамрах дүүргийнхээ элсэгчдийг бүрэн багтаахаар ажиллана. Харин бусад нэмэлтээр орж ирж байгаа элсэгчдээс нэмэлт материал шаардаж болно. Сургууль бүр дээр комисс байгуулагдсан учраас тухайн комисс нь нээлттэй ил тод ажиллах үүрэгтэй. Сургуулийн менежер ч юм уу, удирдлагуудад ямар нэгэн ачаалал үүсэх тохиолдол байхгүй.
-Энэ жил нэгдүгээр ангид элсэх хэд орчим хүүхэд байна вэ?
-2017-2018 оны хичээлийн жилд 597 мянга гаруй хүүхдийн ерөнхий боловсролын сургуульд сурч төгссөн. 2018-2019 оны хичээлийн жилд 603 орчим мянган хүүхэд сурч байна. Ирэх хичээлийн жилд энэ тоо 640 орчим мянга болох магадлалтай байна. Өнгөрсөн хичээлийн жилд 72 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байсан бол ойролцоогоор 70 гаруй мянган хүүхэд элссэн байна. Энэ хичээлийн жилд 70-80 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэх хандлагатай гэж харж байна. Яагаад гэвэл өнгөрсөн жил малчны хотонд ч юм уу, хөгжлөөс хамааралтай элсэж чадаагүй 1400 гаруй долоон настай хүүхэд элсэх магадлалтай байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )