УИХ дахь АН-ын Зөвлөлөөс Хэнтий аймагт болох 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар Үндсэн хуулийн Цэцэд сануулж, мэдэгдэл гаргаж байгаа талаараа өнөөдөр /2019.05.14/ мэдээлэл хийлээ. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдон гарсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь эмэгтэй хүнийг хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт холбогдсон нь хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, УИХ-ын нэр хүндийг унаган, олон нийтийн дургүйцлийг хүргэж, хууль тогтоох байгууллагын нэр хүндийг унагасан үйлдэл болсон нь чөлөөлөгдөх том шалтгаан болсон юм. Ийнхүү гишүүн асан Д.Гантулгыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн.
Хэнтий аймгийн 42-р тойрог нь 30 мянган гаруй иргэд, сонгогчидтой. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлгүй болоод удаж байна. Үндсэн хуулийн Цэц анх зарлагдсан нөхөн сонгуулийг дунд суудлын хуралдаанаас хэлэлцээд үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Ингээд УИХ-ын 2018 оны 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлэх дүгнэлт гаргаж нөхөн сонгууль явах боломжгүй болсон билээ. Улмаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд, сонгогчдын эрх ашгийг хангах үүднээс уг Үндсэн хуулийн зөрчилтэй асуудлыг УИХ засч, нөхөн сонгууль дахин зарлаж 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдахаар байсан. Гэвч нэр бүхий иргэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг гаргаад байгаа нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохгүй байх нөхцөл байдал үүсэж болзошгүй юм. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан тодорхой зүйл, заалт, шалтгааны улмаас өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Гантулгын асуудлыг улстөржүүлж байгааг буруу гэж үзэж байна. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлтэй байх эрхийг хангахын тулд тус тойрогт дахин сонгууль журмын дагуу явагдах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Ирж байгаа мэдээллийн хүрээнд авч үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц эрх баригчдын сануулгаар тус сонгуулийг явуулахгүй байх сонирхол давамгайлж болзошгүй байгаа учир, хууль дээдлэх зарчмыг баримтлан шударга шийдвэрлэхийг АН-ын зүгээс албан ёсоор сануулж байна" гэлээ.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын мэдээллийн үеэр түүнээс цаг үеийн асуудлаар тодруулга авсан юм.
Д.ЭРДЭНЭБАТ: ИТГЭЛИЙН ЗЭЭЛ БОЛ СОНГУУЛЬД ЗОРИУЛАГДСАН ЗЭЭЛ
-Хэрвээ Үндсэн хуулийн Цэцээс хариу шийдвэр мэдэгдлээс эсрэгээр гарч сонгууль цуцлагдвал танай намын зүгээс ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Үндсэн хуулийн Цэц яг үндсэн хуулийг мөрдөж түүнд заагдсан хүний сонгох сонгогдох эрх, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг дагаж сануулах мэдэгдэл хийж байна. Энэ бол шахалт дарамт биш. Үүнийг зөв харж, зөв шийдвэр гаргах нь чухал. Яагаад гэвэл тэнд Улс төрийн сонгууль болох гэж байна. Гэтэл нэг хүний хараат байдлаас болж гацааж болохгүй гэдгийг л сануулж байгаа юм. Хэрвээ улс төрийн захиалгаар эсрэг шийдвэр гарвал цаашлаад Үндсэн хуулийн Цэцийг өөрчлөх санал гаргана. Үндсэн хуулийн Цэц нь хараат бус байгууллага байх ёстой. Гэтэл эхний шийдвэрт эрх баригчтай холбоотой нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаснаар цуцлагдсан. Үүнийг улс төрийн захиалгаар гаргасан шийдвэр гэж харж байна. Яг үүн шиг дахин ийм зохион байгуулалтай улс төржсөн шийдвэр гарах юм бол бид шударга Үндсэн хуулийн Цэцийг шаардах болно.
-"Оюутолгой"-н асуудал дээр АН ямар байр суурьтай байгаа вэ?
-Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтэд өнөөдрийн гэрээний нөхцөлийг зайлшгүй өөрчлөх шаардлага байна гэж гарсан. Үүн дээр бодлогын зөрчлийн асуудал гарсан. Өөрөөр хэлбэл эрх баригчид нэг бодлого дээр ажиллаж чадахгүй асуудал. Оюутолгойн гэрээг нэн яаралтай авч хэлэлцэх шаардлага үүсээд байна. Уг нь Оюутолгойн гэрээг хийх эрхийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Гэтэл Засгийн газарт бүрэн эрх нь байхад үүнийг УИХ-д оруулж, улс төржүүлэх нь зарчмын хувьд буруу гэж бид харж байна. Тиймээс Засгийн газар Оюутолгойн асуудлаар эцсийн үгээ хэлэх хэрэгтэй. Гэрээгээ өөрчлөх юм уу, эсвэл гэрээг өөрчлөхгүйгээр цаашдаа яах гэдгийг Засгийн газар өөрөө санаачилж, УИХ-д оруулж ирэх нөхцөл байдал үүссэн гэж бодож байна.
-МАН-аас 20 сая төгрөгийн “Итгэлийн зээл”-ийг олгож эхэлнэ гээд ярьж эхэллээ. Үүн дээр АН ямар байр суурьтай байна вэ?
ЖДҮХС-ийн мөнгийг зохион байгуулалттайгаар хулгай хийгээд авсан хүмүүс тэрийг цайруулах янз бүрийн аргуудын нэг нь Итгэлийн зээл. Энэ бол сонгуульд зориулагдсан зээл. 300 тэр бум төгрөгийг төсвөөс гаргаад гуравхан хувийн хүүтэй барьцаагүй өгөх арга хаана ч байхгүй. Тэр дундаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүст өгөх гэж байгаа бол энэ Итгэлийн зээл биш халамж. Энэ мэт худал амлалтууд хэрээс хэтэрч байгааг сануулж байгаа юм. Тэрнээс бид иргэддээ зээл өгч болохгүй гэсэн асуудал яриад байгаа юм биш. Үүнийхээ оронд иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд Зээлийн хүүг бууруулах тал дээр ажиллах зарчмын хувьд зөв. Эрх баригчид хэдэн удаа энэ мэт ард иргэдийг хуурах вэ? Үүнийхээ оронд 2016 оны амлалтуудаасаа нэгийг ч болов биелүүлэх нь чухал болоод байна.
-Улс төрчид хуулийн шахаа хэр хийдэг вэ? Таны хувьд хуулийн шахаа хийж үзсэн үү? Жишээ нь: Хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хуульд оруулсан энэ өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байна вэ?
Би хуулийн шахаа гэж мэдэхгүй. Би ямарваа нэгэн хууль дээр зарчим бодлогыг л баримталдаг. Энэ бол туйлын чухал. Өнөөдөр Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэм хэрэг үйлдсэнээс хойш шүүхийн шийдвэр гарсан хүртэлх хугацаа гэж заасан нь өөрөө ялаас мултрах боломжийг бий болгож байна. Ялангуяа энэ нь авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой. Жишээ дурдахад энэ хуулиар явбал "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахад хоёрхон жил үлдээд байна. Энэ нь хэрэг цагаатах, ялаас мултрах боломж бүрдэж байгааг харуулж байна. Үүнээс харахад тэд өөрийн авлига хээл хахуультай холбоотой хэргийг хаах, цайруулах үйлдлийг улайран хийж байгаа нь энэ төрд байж болшгүй зүйл юм. Тиймээс энэ Хөөн хэлэлцэх хугацааг бид зайлшгүй эргэн харах шаардлагатай.
-Засгийн газрын сайд 10 сая ам.долларын авлигын асуудалд холбогдлоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ тал дээр мэдээлэл өгөөч.
Бид үүнийг Зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцээд Ерөнхий сайдад асуулга явуулна. Иргэд олон нийт үүн дээр их анхаарал хандуулж байна. Тиймээс үнэн үү үгүй юу гэдэг дээр асуулга явуулж мэдээлэл авна. Үүний дараа нийгэмд дахин мэдээлэл гаргах байх.
Сэтгэгдэл ( 1 )
ПЗДА МИНЬ ТЭТГЭВЭРТЭЭ ГАР ЧИЧ БАС АСУУДАЛТАЙ ШҮҮ??? ХУЛГАЙЧ ЦАРАЙЛСАН ЁЛ ТА????