БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намыг хөнөөсөн дуулиант хэргийг шүүж дуусан, ял оноосон ч энэ нь хүмүүст хариулт болоогүй, харин ч асуулт дагуулсан юм.
Малайзын Цагдаа, Прокурорын газар, Дээд шүүх хоёр жил гаруйн хугацааг зарцуулаад ч гэгээн цагаан өдөр дунд нисэх онгоцны буудалд хүний аминд хүрсэн хэрцгий хэргийг шийдвэрлэсэнгүй. 2017 онд Малайзын нийслэл Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд Хойд Солонгосын иргэн, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намыг хөнөөсөн гэгдэх хоёр сэжигтэн эцэст нь дүүжлэн цаазлах ялаас мултарч, эрх чөлөөтэй боллоо.
Шүүх эцэстээ хоёр эмэгтэйн нэгт нь л ял оноогоод байв. Гэхдээ цаазын ял биш, ердөө л гурван жилийн хорих ял. Вьетнамын иргэн уг эмэгтэйн баривчлагдан шалгагдаж байсан хугацааг нь оруулаад ялаа эдэлж дууссанд тооцов. Тэрбээр энэ сарын 3-нд эх орондоо иржээ. Хоёр сарын өмнө түүний хамсаатан, Индонезийн иргэн эмэгтэйг буруугүй гэж үзэж, шүүхийн танхимаас шууд сулласан билээ. Прокурор түүнийг ямар ч буруугүй гэж үзжээ.
ҮЙЛ ЯВДАЛ САЙТАР БЭЛТГЭГДСЭН БАЙСАН УУ?
Куала-Лумпурын нисэх буудалд 2017 оны хоёрдугаар сарын 13. Энэ өдрийн өглөө Ким Жон Нам Малайзын нийслэлээс Макао руу гэр бүлийнхэн рүүгээ нисэх гэж байжээ. “Макао дейли таймс” сонинд мэдээлснээр тэрбээр тус улсад тансаг харштай байжээ. Колоан арлын амгалан тайван дүүрэгт харштай, төвд нь орон сууцтай байсан аж. Олон гэрчийн ярианаас үзэхэд Ким Жон Нам үргэлж хамгаалалт авдаг байжээ. Хятадын тусгай алба түүнийг хамгаалагчдаар хангадаг байсан аж. Мөн Японы “Санкэй” сонинд бичсэнээр 2000 оноос эхлэн түүнийг сайтар хамгаалж эхэлжээ. Тус сонины мэдээлж буйгаар Бээжин Ким Жон Намыг улс төрийн хөзөр гэж хардаг байсан аж. Пеньянд тогтворгүй байдал үүсвэл уг хөзрийг гаргаж ирнэ.
Макао болон Малайзаас гадна Ким Жон Нам сүүлийн жилүүдэд Бээжин, Сингапурт амьдарч байсан юм. Хятадад байхдаа тэрбээр эрх чөлөөтэй байжээ. Яагаад гэвэл бусад газарт түүнийг хаа сайгүй Бээжингээс илгээсэн тусгай албаныхан дагадаг байв. Өмнөд Солонгосын тагнуулын мэдээгээр тэд Ким Жон Намын болон түүний ойр дотныхны аюулгүй байдлыг хангадаг байжээ.
Гэвч тэр өглөө Ким Жон Нам яагаад ч юм хамгаалагчгүй, ганцаараа байсан аж. Эмгэнэлт явдал болсон уу, аллага зохион байгуулагчид БНАСАУ-ын удирдагчийн ахын хөдөлгөөн бүрийг нь сайтар мэдэж байсан уу? Хоёр дахь хувилбар нь гарцаагүй байж мэдэх юм. Үйл ажиллагаа нарийн бэлтгэгдсэн, бүгдийг нь бодож төлөвлөсөн байсан байх боломжтой.
ЭМЭГТЭЙЧҮҮД
Ким Жон Нам царайлаг тамирчин байгаагүй. Гэхдээ энэ нь түүнд ямар ч оронд эмэгтэйчүүдийг эргүүлэхэд нь саад болоогүй. Сайхан бүсгүйчүүдэд дуртай байсан сул тал нь түүнийг хөнөөхөд гүйцэтгэгчээр нь царайлаг, залуу эмэгтэйчүүдийг сонгоход хүргэв үү? Вьетнам, Индонезийн иргэд болох Доан Тхи Хыонг, Сити Айсиа гэх эмэгтэйчүүд түүн рүү очжээ. Ким Жон Нам ч тэр өдөр сээтэгнэхээс зайлсхийж чадаагүй. Хяналтын камерын бичлэгээс харахад бүсгүйчүүд эхлээд түүнтэй яриа өдөж, хэсэг хугацааны дараа түүний нүүр рүү ямар нэгэн шингэн цацаж байгаа харагддаг. Үүнийхээ дараа тэд нисэх буудлыг маш хурдан орхин оджээ.
ҮХЭЛ
Ким Жон Намын бие шууд тавгүйтэж, нисэх буудлын жижүүрийн эмч нарт ханджээ. Гэвч тэрээр эмнэлэг хүрэх замдаа амьсгал хураасан юм. Тэр хордсоноосоо хойш ойролцоогоор 15 минутын дараа амьсгал хураажээ. Цагдаа нар хэдэн өдөр шаргуу хайсны эцэст бүсгүйчүүдийг өөр улс руу явахаар тасалбар авсан байхад нь баривчилсан байдаг. Тэднийг буруутган баривчлах шийдвэр гаргахад баримт хангалттай байжээ.
Бүсгүйчүүд хэргийн талаар мэдээгүй гэж эхнээсээ зүтгэсэн билээ. Тэд хажуугаараа яваа хүмүүсийг шоглодог тоглоомд оролцож, Японы нэгэн телевиз нууц камераар зургийг нь авч байна гэж бодсон гэж мэдүүлдэг. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр Ким Жон Нам руу халдахаасаа өмнө Индонезийн иргэн эмэгтэй нь Малайзын нийслэлийн нисэх буудалд хийсэн үйлдлээ Камбожийн нийслэл хотын нисэх буудалд “бэлджээ”. Тэр хэд хэдэн удаа танихгүй хүмүүсийн хажуугаар гүйж, тэдний нүүрэнд цөцгийн тос түрхжээ. Уг үйлдлээ телевизийн шоглоом нэвтрүүлэгт оролцож байна гэж хүмүүст тайлбарлаж байсан аж. Нэг зураг авалтын төлөө түүнд батлагдаагүй мэдээллээр 75 орчим доллар төлжээ. Гэвч Ким Жон Намыг хөнөөсөн хэрэгт холбоотой байж болзошгүй өөр хэд хэдэн хүн байсан гэх. Хяналтын камераас харахад нэгэн эрэгтэй хүн нисэх буудалд эмэгтэйчүүдийг байнга дагаж, ажиллагааны явцыг хянаж байжээ. Мөрдлөгөөр түүнийг БНАСАУ-ын иргэн болохыг тогтоосон байна. Тэрбээр ажиллагаа дууссаны дараа Малайзын хилээр гарч явж чаджээ. Малайзын хууль, хяналтын байгууллага Интерпол руу түүнийг хайж, баривчлах хүсэлт явуулсан байна. Кимийг хөнөөсөн хэрэгт холбоотой байж болох БНАСАУ-ын дөрвөн иргэнийг баривчлах хүсэлт Интерпол руу явжээ. Тэд одоо Пеньянд нуугдаж байгаа аж.
ЦӨЦГИЙН ТОСНЫ ОРОНД ҮХЛИЙН ХОР
Аллагаас ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа Малайзын шүүх эмнэлгийн дүгнэлтээр Ким Жон Намыг хордуулахад ашигласан бодис нь мэдрэл саажуулах үйлчилгээтэй байсан нь тогтоогджээ. Өнгө, үнэргүй уг хор нь НҮБ-ын ангиллаар үй олноор нь устгах химийн зэвсэгт ордог.
КИМ ЖОН НАМЫН ҮХЛИЙН ТАЛААР ЮУ ТОДОРХОЙ БАЙДАГ ВЭ?
Түүнийг хордуулсан бодисыг судалгаа шинжилгээ, эмнэлгийн зориулалтаар ашиглах нь ч хууль бус. Гэхдээ уг бодисыг “Аум Шинрикё” шашны урсгалыг дагагчид нэг бус удаа хэрэглэжээ. Тэд 1995 онд Токио хотын метронд халдлага үйлдэж, 13 хүний аминд хүрч, 6.3 мянга гаруй хүнийг гэмтээж шархдуулж байв.
Малайзын Цагдаагийн газар одоог хүртэл уг бодис тус улсад хаанаас орж ирснийг тогтоож чадаагүй байгаа аж. Гадаадаас авчирсан байв уу эсвэл Малайзын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн үү гэдгийг тогтоогоогүй.
ШҮҮХИЙН УРВАЛТ
Малайзын Дээд шүүх 2017 оны зургадугаар сард хэргийг хянаж үзээд бүсгүйчүүдэд санаатайгаар аллага үйлдсэн гэж үзэж, цаазын дээд арга хэмжээг авч, дүүжлэх ял оноожээ. Гэвч өнгөрсөн оны аравдугаар сард цаазын ялыг хойшлуулах шийдвэр гаргасан бол удалгүй ялыг бүрэн цуцлах асуудлаар хэлэлцэв. Мөн өнгөрсөн гуравдугаар сард прокурор Индонезийн иргэн эмэгтэйг буруутгахаасаа татгалзжээ. Сүүлд нь Малайзын Ерөнхий прокурор Томми Томасын мэдээлснээр тэр нь хоёр улсын хоорондын нөхөрсөг харилцааны илрэл байсан аж. Гэхдээ Индонезийн зүгээс улс төрийн ямар нэгэн дарамт шахалт байхгүй, прокурор, шүүх бие даан хэнээс ч хамааралгүйгээр ажилласан гэжээ.
Харин Вьетнамын иргэний асуудал арай өөрөөр шийдэгдсэн. Прокурор түүнийг огт буруугүй гэж үзсэнгүй. Бусдыг үхэлд хүргэх үйл ажиллагаанд оролцсон гэж үзэж, түүнд гурван жил, дөрвөн сарын хорих ял оноосон билээ. Гэхдээ уг эмэгтэй энэ сарын 3-нд суллагдсан юм. Малайзад шүүгдэж байсан Доан Тхи Хыонгийг суллахыг Вьетнамын эрх баригчид өнгөрсөн гуравдугаар сард шаардсан билээ. Гэхдээ Малайзын шүүх сэжигтэн эмэгтэйг суллахаас татгалзсан юм. Вьетнам эмэгтэйн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг шударга бус байна гэж эсэргүүцэж, Доан Тхи Хыонгийн бие муу байгаа талаар мэдэгдэж байв.
Сэтгэгдэл ( 1 )
EDNUUS CHINI NUGUU GRANAT BIYENEES NI ZVVJAAGAAD DELBELCHIHDEG GAJ MUSLIM HUJAANUUD BIZDE