МУЗЕЙН ӨДӨРТ  |  Мусейоноос эхтэй музей Монголд ирсэн нь...

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 18

Олон улсын музейн зөвлөл 1977 онд хуралдаж дэлхий даяар музейн өдрийг тэмдэглэж байхаар тогтон жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг Олон улсын музейн өдөр болгосон юм. Дараа жил нь ЮНЕСКО албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр дэлхий даяар тэмдэглэх болжээ. Дэлхий дахин ойрын 25 жилд технологийн өндөр хөгжилд суурилан музейн хэв шинжийг өөрчлөхөөр ажиллаж буй бөгөөд энэ жил "Уламжлалаа хадгалсан ирээдүй"  уриан дор олон улсын музейн өдрийг тэмдэглэж байна. Одоогоор дэлхийн 140 гаруй улсад музейн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Уншигч та бүхэнд музейн тухай түүх болон Монгол Улсад орчин цагийн музей үүссэн түүхийг товчоор хүргэе.


МУЗЕЙН ӨМНӨХ "МУЗЕЙ"

Грек хэлний “мусейон” гэх үгнээс орчин цагийн музейн нэршил үүсчээ. Тухайн үедээ урлаг, утга зохиол, шинжлэх ухааны охин тэнгэр “Мюс”-д зориулан элдэв төрлийн сургууль, ордон харш барьдаг байсан гэж түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн нь бий. Энэ нэршлийг албан ёсоор музей болгосон хүн нь I Птолемей юм. Аугаа Александрын орыг залган хаан ширээнд суусан тэрээр өмнөх хааныхаа дурсгалд зориулан МЭӨ 300 онд Александрын номын санг байгуулан тухайн үедээ эд өлгийн зүйлийг нь олон нийтэд дэлгэн үзүүлж байжээ. 


ОРЧИН ЦАГИЙН МУЗЕЙ

Орчин цагийн музей нь аугаа сэргэн мандалтын он жилүүдэд өнөөгийн төрх шинжээ олжээ. Тухайн цаг үед баян худалдаачид, нэр нөлөө бүхий банкирууд тэр ч бүү хэл угсаа залгамжилсан язгууртнууд эрх ямба, нийгмийн байдлаа олон нийтэд харуулахын тулд музей байгуулдаг байжээ. Ромын папын зөвлөл дэргэдээ шашны музей байгуулж байсан нь буурал тивдээ хамгий эртний музейд тооцогдоно. Өнөөг болтол уг музей олон нийтэд үйлчилж буй. Ромын пап, Флоренцийн хамгийн алдартай гэр бүл болох Медичигийн угсааныхан, аугаа банкирууд гэгдэх Ротшильдын гэр бүл гээд түүхэн цаг үеийг өнөөтэй холбосон музейн өнгө төрхийг цогцлоосоор байсан юм.


МУЗЕЙ МОНГОЛД ИРСЭН НЬ

Судар бичгийн хүрээлэнгийн анхны байр


Монгол Улсад 1923 оны намар Судар бичгийн хүрээлэнд цугларсан үзмэрүүдийг ашиглан Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд музей байгуулсан юм. Анхны даргаар О.Жамьян гүн томилогдсон байдаг. Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан судлаачид 1921-1923 онд музей байгуулахаар судалж, бэлтгэл ажлаа хангаж байсан гэдэг. Музей байгуулахад тухайн цаг үед Монголд ажиллаж байсан ЗХУ болон Америкийн хайгуул шинжилгээний олдвор цуглуулгууд ихээхэн нэмэр болж байжээ. Ялангуяа Зөвлөлтийн нэрт эрдэмтэн П.К.Козловын эртний судлалын олдвор болон, Рой Чепмэн Эндрьюсээр удирдуулсан экспедицийн үлэг гүрвэлийн олдворууд музейн сан хөмрөгт дээгүүр байж эзэлж байлаа. 


БОГДЫН ОРДОН МУЗЕЙ БОЛОВ

VIII Богд Жибзундамба хаан насан эцэс болсны дараа Богд хааны ордонд хааны эдэлж хэрэглэж байсан зүйлс Судар бичгийн хүрээлэнд ирсэн нь дотоодоос музейн сан хөмрөгөө баяжуулахад ихээхэн тус нэмэр болжээ. Улмаар Засгийн газрын 1926 оны тогтоолоор улсын музейг Богд хааны өвлийн ордонд өргөтгөн байгуулахаар болсон юм. Богд хааны ордон музей болгон тохижуулсны дараа музейн анхны эрхлэгчээр тухайн үед Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтэн В.И.Лисовский ажиллах болжээ. Анхны музей 200 гаруй үзмэртэйгээр нээгдэж байв. Музейн сан хөмрөгийг баяжуулахад Монгол ардын намын Төв хорооны шийдвэрээр тухайн сум орон нутгийн захиргаа болон эвлэлийн байгууллагуудад чиглэл өгсний дагуу ховор нандин эд өлгийн зүйл ихээр цугларан, сан хөмрөг нэмэгдэж байжээ.


ТЕХНИКУМИЙН БАРИЛГААС ТӨВ МУЗЕЙ

Монгол ардын хувьсгалт намын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 464/46-р тогтоолоор 1954 онд “...Энгельсийн гудамжинд баригдаж буй шинэ байшинд түүхийн төв музей байгуулсугай...” гэж зааснаар өнөөгийн Байгалийн түүхийн музей байгуулагдсан юм. Гэвч энэ барилга нь Хөдөө аж ахуйн техникумийн зориулалтаар баригдаж байсан тул музейн зориулалтаар засаж, шинэ тоног төхөөрөмж суурилуулах шаардлагатай болжээ. Энэ их ажил 1954-1956 оны хооронд үргэлжилж тайлбар судалгааны гарын авлага боловсруулах, үзмэр бэлтгэх, үзмэрийн стенд бэлтгэж дууссан бөгөөд 1956 оны намар олон түмэнд үүдээ нээсэн юм. Монголдоо төдийгүй ази тивдээ анх удаа амьтдын чихмэл үзмэр нэмж, тухайн орчин нөхцөлтэй нь харуулж байсан зэргээрээ тухайн үедээ орчин цагийн технологи нэвтрүүлсэн музейд тооцогдож байлаа. Үүний зэрэгцээ Улаанбаатар төдийгүй орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хэд, хэдэн музейг хавсран удирдах болжээ. Улсын төв музейн үзмэрүүд байрандаа багтахгүй болсон цаг үетэй өөрчлөн шинэчлэлтийн үе таарч улмаар 1991 оны өвөл Улсын төв музейг татан буулган хуучнаар "Хувьсгалын музей"-н байранд угсаатны зүй болон түүх, антропологийн үзмэрийг салган байршуулсан юм. Улсын төв музейн хуучин байрыг шинжлэх ухааны салбараар нь Байгалийн түүхийн музей болгон 1992 онд шинээр байгуулсан түүхтэй. 


МУЗЕЙН ЗОРИУЛАЛТТАЙ АНХНЫ БАРИЛГА

Монгол Улсад музейн зориулалтаар баригдсан анхны барилга бол хуучнаар В.И.Лениний төв музей юм. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1973 оны дөрөвдүгээр сарын 30-ны 103, Сайд нарын Зөвлөлийн 264 дүгээр тогтоолоор пролетарийн их удирдагч В.И.Ленинд зориулсан музейн барилгыг барих газрыг сонгон, зураг төслийг нь гаргуулахаар болсон байдаг. Улмаар Соёлын яамны захиалгаар 1974 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр барилгын шавыг албан ёсоор тавьсан уг музей 1980 оны долоодугаар сарын 09-ний өдөр ашиглалтад орсон юм. Тухайн үед музейг барихад улсаас 34 сая төгрөг зарцуулсан байдаг.  Эзэмшлийн маргаан болон бусад шалтгаанаар кино театр, үүрэн телефон хэрэглэгчийн байр, уушийн газар зэргээр ашиглагдаж байгаад 2013 оны нэгдүгээр сарын 12-нд Монгол Улсын Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор "Үлэг гүрвэлийн төв музей" болсон юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top