Байнгын хороо: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үеийн чуулганы дэгийн төслийг хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.05.21/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар 2019.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх дэгийг тодорхой болгоход чиглэсэн болохыг хууль санаачлагч Я.Содбаатар гишүүн хэлж байлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулж байгаа боловч Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал … хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална” гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 68, 69 есдүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зарчим, журмыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тодорхойлон зохицуулсан байдаг. Гэвч УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулалт байхгүй байгаагаас үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсхүл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл бий болж болзошгүйг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл 6 зүйлтэй. Төсөлд:

 – Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх журам болон ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам бүхий бүлэг шинээр нэмж, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох;

 – УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байх;

 – Байнгын хороо төслийн талаар санал, дүгнэлт гаргах хүрээ хязгаарыг хязгаарлаж өгөх зэрэг хэд хэдэн нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эдгээр өөрчлөлтийг хийх нь хангалттай байж чадах уу? УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын өргөн барьсан өөр хуулийн төсөл байгаа шүү дээ. Зарчмын хувьд Үндсэн хуулийг тусгайлан дэгд оруулаад явахыг би дэмжиж байгаа. Нарийн ярихгүй бол цаг хугацаанд баригдсан байдалтай явбал хангалтгүй тийшээ явна шүү” хэмээн асуухад хууль санаачлагч Я.Содбаатар гишүүн “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэх үеийн дэгийг нарийвчлан зохицуулаагүй учраас бид хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бусад хууль хэлэлцэхээр ондоо. Тиймээс байнгын хорооны гишүүдийн ирцийг ¾ байхаар оруулж байгаа. Асуулт асуух хугацааг ч мөн нэмэгдүүлж байгаа. Гишүүний үг хэлэх хугацааг 10 минут болгож нэмэхээр оруулж өгсөн. Мөн байнгын хорооны санал дүгнэлтийг эцсийн хэлэлцүүлэгт хэрхэн нэгтгэх асуудлыг тусгасан. Ард нийтийн санал асуулгыг чуулганы хуралдаанаар хэрхэн танилцуулах тухайг ч зохицуулж байгаа. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын өргөн барьсан хуулийн төсөл бол УИХ-ын нийтлэг үйл ажиллагаатай холбогдсон байсан. Чуулганы үйл ажиллагааг боловсронгуй болгох, санал өгдөг цаг, үг хэлдэг цагийг тусад нь гаргах зэрэг чиглэлээр хуулийн төсөл боловсруулсан юм билээ” хэмээн тайлбарлалаа.

Мөн С.Бямбацогт гишүүн “Өнгөрсөн жил УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Түүнд Үндсэн хуулийг УИХ-аар хэлэлцэх үед ямар дэг баримтлах тухай орхигдсон тал бий. Тэгэхээр хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүдийн саналыг тусгаад Монголын төрийн хүлээж байгаа том асуудлыг шийдэх боломжийг хуулийн хүрээнд бий болгоё. Ажлын хэсэг байгуулбал би ахалж ажиллахад бэлэн байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Үүнд байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Одоо ажлын хэсэгт орж ажиллахаас аргагүй болно шүү. С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар анхаараарай” хэмээж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top