"Босож үг хэлэх" хуулийн төслийг гишүүд дэмжсэнгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын таван гишүүн 2019.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс 2018 онд хийсэн “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” судалгаанд суурилан, ХБНГУ, ОХУ, БНСУ, Австрали, Франц, Канад, Финланд зэрэг улсын парламентын дэгийг судалж, уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Энэ хуулийн төслийг дэмжихгүй тал руугаа явах нь дээ. Яагаад гэвэл өмнө нь маш олон удаа өөрчлөлт оруулсан. Олон удаа өөрчилсөн хуулийн төслийг цоо шинэ хууль болгон шинэчлэн найруулах цаг нь болсон. УИХ-ын гишүүн чөлөөтэй үгээ хэлж, санал өгөхгүй байх эрх нь нээлттэй байх ёстой. Ирцийг болон саналыг хуруугаараа өгнө гэдэг бол дэвшил байсан. Харин та бүхний хууль хүлээс болох гэж байна. УИХ-ын гишүүн заавал санал өгч болно, болохгүй гэж дэг хийх ямар хэрэгтэй юм бэ. Өнөөдөр хууль боловсруулах чадвар дэндүү учир дутагдалтай байгаа. Энэ чиглэлээр тусгасан зүйл алга. Бодлогогүй, тооцоогүй, ард түмэнд таалагдах гэсэн зүйл оруулж байна. Тиймээс гишүүний эрхэд халдаж байгаа нь буруу. Хуулиа чанартай гаргахын тулд хэлэлцэж байгаа дарааллаа өөрчлье. Хуулиа хэлэлцдэг цагаа нэмье. Гишүүд итгэл үнэмшлээрээ юу ч хэлж болно. Түүнд нь хариуцлага тооцоод байвал төр гэж байгаад хэрэггүй” хэмээхэд хууль санаачлагч Х.Нямбаатар гишүүн “Таны ярьж байгаа зүйл парламентат ёс төлөвшсөн орнуудад ер байдаггүй. Бүх улс оронд гишүүдийг хариуцлагажуулахыг шаардсан зохицуулалт байдаг. Бид энэ төсөл дээр гурван сар суусан. Та төслийг сайн уншаагүй байна. Төслийн зүйл, заалт бүрээр нь хэлэлцэхдээ дараах журмыг баримтална гэх байдлаар гишүүдийг оролцоог нэмэгдүүлж, популизм хийхээс сэргийлж, нээлттэй, хаалттай байдлаар хэлэлцэхээр зааж өгсөн. Хэлэлцүүлгийн шатанд хэн юу асуухыг зааж өгснөөр илүү үр дүнтэй, хариуцлагатай болох юм. Энэ төсөлд гадаад, дотоодын судлаачдын гаргасан зөвлөмжид үндэслэж парламентат ёс өндөртэй орнуудын сайн туршлагыг оруулж өгсөн. Канадын парламентын урьдчилж долоо хоногийн өмнө хэлэлцэх асуудалтай холбоотой үг хэлэх хүсэлтээ цахимаар өгдөг жишгийг тусгасан. Тэгэхгүй бол манай гишүүд юу хамаагүй хэлдэг. Түүнээсээ болоод УИХ-ын нэр хүндийг унагаж байгаа” хэмээн тайлбарлаж байсан юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “УИХ-ын гишүүд заавал босож байгаад үг хэлэхээр хариуцлага сайжрах уу? Энэ дэгээр хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүд үг хэлэхэд зовлонтой болох юм байна. Тойрогтоо ажиллаад хөдөө явж байгаа гишүүн сүлжээнд холбогдоогүй бол яаж үг хэлэх хүсэлтээ урьдчилж өгөх вэ? Төрийн айлчлалаар яваа гишүүн Хойд Солонгост ажиллаж таараад интернетгүйн улмаас хүсэлтээ гаргаж амжихгүй бол яах вэ. Манайх 76-хан гишүүнтэй. Зарим улс оронд 500 гишүүнтэй парламент ажиллаж байна. Ийм байхад гаднын орны туршлагыг шууд авах нь зөв үү?. Ингээд бодохоор дэмжмээргүй л байх юм” гэхэд Х.Нямбаатар гишүүн “Манайх хамгийн цөөхөн гишүүнтэй парламентад тооцогддог. Тухайн үеийн хурлын тэмдэглэлээс харахад олон дарга нарын зардал чирэгдэл гэдэг асуудал үүсээд 76-аар тогтсон байдаг. УИХ-ын даргын захирамжаар бид БНСУ-ын парламенттай танилцсан. 300 гаруй гишүүнтэй. Байнгын хороон дээрээ зүйл заалт бүрээр хэлэлцдэг. Гишүүд нь босож саналаа хэлдэг. Бидний ашиглаж байгаа төхөөрөмжийг хэрэглэдэг. Бид 1990 оноос хойш Ардын их хурлынхаа хэв шинжийг хадгалж байгаа. Дээр нь Англи маягийн парламентын сайн жишгийг тусгасан холимог тогтолцоотой. Тэгэхээр гаднын улс орны мэтгэлцээний жишгээр явах санал оруулж байгаа. Босож үг хэлснээр гишүүд хэлэх үгээ бэлтгэж орж ирнэ. Тухайн гишүүн томилолттой байж таараад сүлжээгүй байж таарвал ажлын албандаа байгаа хүмүүсээр дамжуулж хүсэлтээ гаргах боломжтой” хэмээн тайлбар хийв.

 Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгаад байсан юм. Үүнд:

1. УИХ-ын нэгдсэн хуралдаан болон Байнгын, дэд, түр хороодын хуралдааны үндсэн зарчимд УИХ хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоож байх зарчмыг нэмж тусгах;

2. Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байх;

3. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох;

4. Анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд даргыг сонгох журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулж байгааг өөрчилж, хуралдааны дэгээр зохицуулах;

5. Шинээр бүрдсэн УИХ хуралдааны дэгээ шинэчлэн тогтоох, эсэх асуудлыг анхны ээлжит чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж байх;

6. Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байх, тухайн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр хэлэлцэж байх;

7. УИХ-ын дарга хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бусад баримт бичгийг нэгдсэн хуралдаанд мэдээлж, харин УИХ-ын Тамгын газар өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бусад баримт бичгийг өргөн мэдүүлмэгц нь УИХ-ын гишүүдэд тарааж байх;

8. Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж байх;

9. Байнгын хороо хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг зүйл, хэсгийн заалт бүрээр хэлэлцэж байх;

10. Төслийг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлэх, иргэн, хуулийн этгээдээс тухайн төсөлтэй холбогдуулан УИХ-д хандаж ирүүлсэн саналыг хуралдаанд танилцуулж байх;

11. Байнгын хороо хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх явцад тухайн төсөл, түүний зүйл, заалтаар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн тохиолдолд УИХ-ын Тамгын газар дүгнэлт гаргаж байх;

12. УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх;

13. Нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан бол төслийг эцсийн найруулга хийлгэж батлахад бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлж байх;

14. Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дүгнэлт гаргах,  хуралдааны дэгийн заалтаар тайлбар хийх, хуралдааны дэг зөрчигдсөн асуудлаар хуралдаан даргалагчид зөвлөх, тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх дэгийг тогтоох санал, дүгнэлт гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх Дотоод асуудлын Байнгын хороотой холбогдсон зохицуулалтыг тусгах;

15. Гишүүн хуралдааны дэгийг дагаж мөрдөх, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон журам, зохицуулалтыг тодорхой болгох, тодорхой хариуцлага хүлээсэн гишүүн тухайн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах, уг гомдлыг хэлэлцэж шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгахаар боловсруулаад байв. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.138.79) 2019 оны 05 сарын 21

Xuvi xynii ch soel baixgyi ene tatgalzaj baigaa gishyyd uls toriin soeld yaj ch suraltsax uu dee!

0  |  0
зочин(202.9.43.72) 2019 оны 05 сарын 21

энэ пацаан будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг шиг л байна. тэр зөрчлийн хуулиа харин эргэж хармаар юм биш үү

0  |  0
Zochin(202.21.127.164) 2019 оны 05 сарын 21

yaaj demjih bilee dee. Esvel uvgurch, emgereed esvel zovlogoo daahgyi targan hymyysiig uur shigee bodood bosch zogs geh yum.

0  |  0
Close menu