Дэлхийн хамгийн задгай бүжгүүд

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Бүжиг хэзээ үүссэнийг хэн ч яг таг хэлж чадахгүй. Магадгүй эртний зэрлэг хүмүүс агуй дотроо бүжиглэдэг байсан байж болох. Хүн төрөлхтөн түүдэг галын дэргэд ялалтаа тэмдэглэн бүжиглэж байсан бол дараа нь вальс гишгэж, танго хатирдаг болсон. Гэтэл гэнэт тверк гарч ирсэн. 2013 онд Майли Сайрус энэ бүжгээрээ ганцхан мөчийн дотор даруухан охиноос халуухан хүүхэн болон хувирсан билээ. Twerking хэмээх үг Оксфордын англи хэлний толь бичигт орж, харин бүжиг нь олныг шүтүүлэн дэлхийг тойрсон юм. Ингээд дэлхийн хамгийн задгай бүжгүүдийг толилуулья.

Дундад зууны эхэн үе

Задгай гэхээр мэдээж жирийн нэг бүжиг биш. Энэхүү задгай, зарим хэлэнд завхай гэгдсэн бүжгүүд олон жилийн турш нийгэмд шүүмжлүүлж ирсэн. Христийн шашны эртний номонд эрэгтэй, эмэгтэй хүмүүс биеэ нийлүүлж бүжиглэхийг хориглосон байв. Дундад зуунд байдал бага зэрэг өөрчлөгдсөн. Хамтрагчаа сольж бүжиглэдэг болсон нь нийгэм өөрчлөгдөж байгааг илтгэн харуулж байлаа. Дайн, боолчлол, улс төр, эдийн засгийн хөгжил бүжгийг даяарчилсан юм. Шинэ бүжиг тэр дороо дэлхий даяар тархдаг болсон.

La Volta

Үүссэн он: 1556

Италийн энэ бүжиг залуу язгууртнуудыг байлдан дагуулахад Англи, Францын Эзэн хааны ордон жинхэнэ шоконд орсон юм. Тэр үеийн удаан бүжигтэй харьцуулахад La Volta бүжигчнээс хурд, ухаан, сэргэлэн зан шаардаж байлаа. Эрэгтэй нь бүсгүйгээ бүсэлхийнээс барин, хөлөөрөө дээш өргөдөг байсан энэ бүжиг ямархуу харагддаг байсныг төсөөлөхөд бэрх.

Сushion

Үүссэн он: 1698

Сushion бүжиглэж байгаа хүмүүс бүжгийн талбай дээр хамтрагчаа сонгож, үнсэж болдог байв. Зөнчдийг шулам хэмээн амьдаар нь шатааж, банзлаа хэт дээш сөхсөн эмэгтэйг шийтгэдэг байсан 17 дугаар зуун шүү дээ. Мэдээж шинэ бүжиг хуучныг баримтлагчдын уурыг хүргэсэн. Бүжигчдийг “Ромын  католицизмийн талыг баримтлагчид” гэж нэрлэн, “Сushion бол тамд шууд аваачих завхай бүжиг” гэж сургаж байв.

Вальс

Үүссэн он: 1816

19 дүгээр зууны эхээр энэ бүжиг Их Британи орныг тэр чигээр нь байлдан дагуулсан юм. Тэр үед хуримын өмнө сүйт бүсгүйтэйгээ хоёулахнаа уулзаж болдоггүй байтал вальс гараад ирдэг.

The Times сонин “Жинхэнэ англи хатагтай нарын даруу занд таарахгүй бүжиг. Нэг нэгнээ тэврэн эргэхээс гадна бүжигчдийн нүүр хэдхэн см зайтай байгаа нь шившиг гэж шүүмжилж байлаа.

Канкан

Үүссэн он: 1868

1820-иод оны сүүлээр ажилчин ангийнхан кадриль бүжгийг арай өөрөөр буюу хөлөө өндөр өргөн бүжиглэдэг болсон нь канканы эхлэл байлаа. Ажилчид мэдээж ёс суртахууны хэм хэмжээ доогуур байсан биз. 

“Pall Mall Gazette” сонин “Нэг ч эмэгтэй хүн эрчүүдийн алга ташилт дор хувцсаа тайлж, биеэ харуулж болохгүй”

Дундаж түвшний хотынхон энэ бүжгийг хүлээж аваагүй ч канкан одоо болтол варьетед байсаар байна.

Танго

Үүссэн он: 1913

Эдвардын үед засаг тун сулхан байсан юм. Энэ нь олон нийт, нийгмийн байдалд ажиглагдаж байв. Танго бүжиг аргентин гаралтай ч Их Британид Францаас орж ирсэн. Сонин хэвлэлээр тангог “Ковбой, янхан улсуудын бүжиг” гэж шүүмжилсэн нь харин ч эсрэгээр улам дэлгэрэхэд нь тус болсон гэдэг.

Чарльстон

Үүссэн он: 1925

Жаз хөгжмийн нэгэн адил чарльстон АНУ-д төрсөн. Бүжгийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн эр хүнгүй ч хосоороо бүжиглэх боломжтой болсон юм. Гараа алдлан, биеэрээ хөдлөх энэ бүжгийг Америкийн зарим мужид “Чөтгөрийн бүжиг” гэж нэрлэсэн байдаг.

Життербаг

Үүссэн он: 1934

Життербаг бол америк хар арьстнуудын линди-хоп бүжгээс үүссэн. Хойд Америкийг эзлээд дэлхийн хоёрдугаар дайны үеэр америк цэргүүдийн дэмээр энэ бүжиг дэлхийг тойрсон билээ.

Дэн Гилберт “Тамд үүсэж, бордельд хөгжсөн энэ бүжиг үнэхээр бузар”

АНУ-д ад үзэгдсэн ч Англид харин бүжгийг тун сайн хүлээж авсан. Нутгийн од бүжигчин Алекс Мур життербагийг “Ямар ч хэмнэлгүй, хүний нэр төрийг гутаасан бүжиг” гэж нэрлэсэн ч нэмэр болоогүй.

Твист

Үүссэн он: 1964

Чабби Чеккер тайзан дээр хэд хөдлөөд л твистийг дэлхий нийтийн үзэгдэл болгон хувиргасан. Энэ үед олон нийт ямар ч задгай бүжгийг хүлээн авахад бэлэн болсон байсан тул шүүмжлэлд өртөөгүй.

Чабби Чеккер “Та шүршүүрээс гараад гэнэт тамхиа хоёр хөлөөрөө гишгэн унтраахаар шийдсэн гэж бодоод л хөдлөөд үз”

Харин эмч нар твист бүжигчдийн дунд өвдөгний бэртэл их байгааг анхааруулаад бүжиглэхийнхээ өмнө биеэ халааж байхыг сануулж байв.

Ламбада

Үүссэн он: 1989

Бразилиас ирсэн ламбада Европыг солиоруулсан билээ. Хэт тачаангуй бүжиг байсан тул бүх дэлхийн хуучинсаг үзэлтнүүд нийлэн муулж байлаа.

Тверкинг

Үүссэн он: 2013

Тверкингийн эх орон бол Баруун Африк. Тив дотроо омог отго дунд тайван амгалан “амьдарч” байсан энэ бүжгийг Майли Сайрус “илчлэн” дэлхийд цацаж орхисон. Диско, концертноос тверкинг гудамжинд гарч, сүүлдээ бүх сургуулийг эзэлсэн.

Майли Сайрус энэ бүжгээрээ ганцхан мөчийн дотор даруухан охиноос халуухан хүүхэн болон хувирсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top