БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсын Бугат хотноо байрлах "Баошанг" банкийг системийн хямралд өртөж болзошгүй, зээлийн болзошгүй эрсдэлтэй гэж үзэн, БНХАУ-ын Банк, даатгалын зохицуулах зөвлөл хяналтаа тогтоожээ. Одоогоор тус банкны хөрөнгийг битүүмжлэн, хэвийн үйл ажиллагаа явуулах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлээд байна. Дээрх шийдвэрийн дагуу БНХАУ-ын Ардын банк хяналтаа тогтоож, өдөр тутмын үйл ажиллагааг нь ханган ажиллах юм.
"Баошанг" банкны удирдлагуудтай өнгөрсөн долоо хоногоос эхлэн БНХАУ-ын Банк, даатгалын зохицуулах зөвлөлийнхөн уулзаж хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулжээ. Уг хурлаар банкны удирдлага болон ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, зээлийн хүү болон цаашдын баримтлах бодлого зэрэг чухал асуудлыг хөндөн ярилцсан юм. Одоогоос гурван жилийн өмнө 2016 оны сүүлээр "Баошанг" банкнаас олгосон нийт зээлийн тоо 156.5 тэрбум юаниар хэмжигдэж байсан нь 2014 оны үзүүлэлтээс 65 хувиар өсөж шуугиан тарьж байлаа. Зээлийн хэт хөөсрөлт нь хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэлтэй байсан тул БНХАУ-ын Төв банк 50 сая юаниас бага хэмжээний хадгаламж болон банк хоорондын шилжүүлэгт баталгаа гаргуулж, 50 сая юаниас дээш хэмжээний санхүүжилтэд хэлэлцээ хийх боломжтой болгож зохицуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )