Хар зайрмагны найрлагад ашигласан өнгө оруулагчийг хүнсний нэмэлтэд бүртгэвэл худалдаална гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Үйлдвэрлэгдсэн даруйдаа олны сонирхлыг ихээр татсан “Хар зайрмаг” идэвхжүүлсэн  нүүрсээр өнгө оруулан эрүүл мэндэд тустай хэмээн сурталчлаад байсан. Харин энэхүү зайрмагны орц найрлагад ашиглаж буй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн /Уголь растительный Е-153/ нь Монгол Улсад  мөрдөгдөж байгаа “Хүнсний нэмэлтийн техникийн  ерөнхий шаардлага MNS САС 192-2015 стандартад тусгагдаагүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоож гурван тонн зайрмагийг устгасан талаар бид өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл энэхүү “Хар зайрмаг” цаашид худалдаанд гарах эсэх тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Олон нийттэй харилцах ажилтан Т.Балжиннямаас дараах зүйлийг тодрууллаа.

-“Хар зайрмаг” хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Эрүүл мэндийн гэх тодотголтой энэхүү зайрмаг худалдаанд гарсан. Шалгалтаар эрүүл мэндэд эерэг нөлөөтэй буюу идэвхжүүлсэн нүүрсээр баяжуулсан биш зөвхөн өнгө оруулах зорилготой хүнсний нэмэлт будагч бодистой зайрмаг үйлдвэрлэгдэж байсан нь тогтоогдсон. Мөн тухайн үйлдвэр дээр хийсэн хяналт шалгалтаар нянгийн бохирдолтой байсан тул гурван тонн орчим зайрмагийг устган гадуур худалдаанд гарсан зайрмагийн татан авч худалдаалж байсан газруудыг битүүмжилсэн. Гол асуудал нь зайрмагны үйлдвэрлэлд хар өнгө оруулагч бодисыг ашиглах тухай Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хүнсний нэмэлтийн стандартад  зөвшөөрөгдөөгүй  байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсад мөрдөж Хүнсний нэмэлтийн техникийн ерөнхий шаардлага MNS САС 192-2015  стандартад тусгагдсан Е код бүхий нэмэлт  бүтээгдэхүүнийг  өнгө, үнэр,  амт,  оруулах,  хадгалах  хугацааг уртасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн технологийн  боловсруулалтад  ашигладаг.  Гэтэл хар зайрмагт хэрэглэсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бүртгэгдээгүй, зөвшөөрөгдөөгүй нэмэлт  байгаа.

-Хэрвээ энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг /Уголь растительный Е-153/ бүртгэх юм бол худалдаанд гарна гэсэн үг үү?

-Хүнсний тухай хуулийн 16-р зүйлд  Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний журмыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас  баталж, бүртгэх заалттай.  Тийм учраас  бүртгэлд орж хэрэглэхийг зөвшөөрвөл  уг  асуудал нэг мөр  шийдэгдэнэ.

-Хар өнгө оруулагч энэхүү хүнсний нэмэлт бүтээгдэхүүн импортоор орж ирдэг юм уу?

-Тухайн компани  хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг  импортоор оруулж  ирсэн бөгөөд   Монгол улсад  бүртгэгдээгүй гэдгийг мэдээгүйгээс,  тухайн нэмэлтийг хэрэглэж шинэ бүтээгдэхүүн гаргах гэж байгаа  талаар мэргэжлийн байгууллагаас асууж  тодруулаагүй,  дур  мэдэн  хэрэглэснээс  эдийн засгийн эрсдэлд орж, улмаар хүн амын хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл үүссэн тул  ашиглах, хэрэглэхийг зогсоогоод байна. Цаашдаа энэ төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг импортлоход заавал мэргэжлийн байгууллагаас асууж  тодруулах нь зүйтэй. 

-Хар зайрмагны орц найрлагад ашигласан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хүний биед ямар сөрөг нөлөөтэй юм бэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Хар зайрмагийн орц найрлагад ашигласан “Уголь растительный Е-153” гэх хүнсний нэмэлт бодис нь Монгол Улсад одоогоор мөрдөгдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандартад тусгагдаагүй учраас хүнсний нэмэлтээр ашиглах шаардлагагүй  гэсэн үг. Ер нь Хүнсний тухай хуулийн 10.1.1-д  Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааны үр дагаварыг  өөрөө хариуцах,  Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5.1.2-т  “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд  хүнсний түүхий эд  бүтээгдэхүүнийхээ  аюулгүй байдлыг  хариуцна”  гэсэн хуулийн заалтыг мөрдлөг болгож хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахдаа Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм,  стандартын хүрээнд  өөрийн үйлдвэрлэлд  дотоод хяналтыг сайжруулж  ажиллах ёстой. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд өөрсдөө анхаарлаа хандуулж хууль, дүрэм,  журамд  нийцүүлэн  хүнсний  бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол эрсдэл гарахгүй. Хэрэглэгчид ч гэсэн эрүүл мэндээрээ хохирохгүй.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
You (64.119.19.210) 2019 оны 06 сарын 13

Mongo olj baival boloo gej boddog humuus ih bh yumaa.

0  |  0
You (64.119.19.210) 2019 оны 06 сарын 13

Mongo olj baival boloo gej boddog humuus ih bh yumaa.

0  |  0
Top