“Эрдэнэс Тавантолгой” компанийн “1072 Мэдээллийн алба”-ны менежер Э.Баатарцогттой хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар ярилцлаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компани “1072 Мэдээллийн төв” байгуулаад чамгүй хугацаа өнгөрчээ. Энэ талаар мэдээлэл өгч, үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?
-Манай компанийн “1072 Мэдээллийн төв” нь иргэдэд санхүүгийн зах зээлийн талаар мэдээлэл өгч, мэдлэг олгох зорилгоор байгуулагдаад нэг жил гаруйн нүүр үзжээ. Өнгөрөгч нэг жилийн хугацаанд бид 17 аймаг, есөн дүүрэгт ажиллахад иргэд хөрөнгийн зах зээлийн талаар ойлголтгүй байгааг харлаа. Тиймээс бид бүхий л тал дээр мэдлэг олгож, мэдээлэл өгөх замаар иргэдийн дунд ажилласан. Хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар иргэдэд гарын авлага, материал түгээж, видео хэлбэрээр тараасан ч тэр бүрий хүрдэггүй. Харин иргэдтэй очиж уулзаад нүүр тулахаар сая ойлголттой болдог. Иргэд маань хөрөнгийн зах зээлд зөвхөн хөрөнгөтэй мөнгөтэй, боловсролтой хүн оролцдог гэж ойлгодог. Гэтэл манай улсад хөрөнгийн зах зээл 1992 онд үүсээд 27 жил болчихсон. Иргэд үнэт цаас, хувьцааны тухай ямар ч ойлголтгүй байгааг ганцхан жишээгээр хэлье. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд манай иргэдийн бүх хувьцааны мэдээлэл байдаг. Энэ төв дээр 1992 оны цэнхэр тасалбартай холбоотой 11 тэрбум төгрөг байгаа нь Монголын ард түмний өмч, ногдол ашиг юм. Гэтэл иргэд үүнийг очиж авдаггүй, эзэн нь гардаггүй. Яагаад гэхээр иргэд үүнийгээ мэддэггүй. Хаана ямар газар, ямар дансанд хэдэн төгрөг байгаагаа мэдэхгүй байна гэдэг хөрөнгийн зах зээлийн ямар ч ойлголтгүй байгааг харуулсан хэрэг.
-Сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн ойлголт харьцангуй гайгүй болж, манай Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын тоо өссөн, иргэд сонирхож байгааг ярьж байсан?
-Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй арилжаанд оролцож байгаа компанийн тоо 220 болж өссөн. Гэхдээ иргэд хөрөнгийн зах зээл рүү бус хурдан хугацаанд ашгаа өгөх зүйлд хөрөнгө оруулалт хийж хөрөнгөө алддаг нь ойлголтгүй байгаагийн шинж. Тухайлбал, “Жи тайм”-д 40 тэрбум, “Stamford”-д 14 тэрбум төгрөг оруулаад алдчихсан. Сүлжээний бизнес эрхлэгчид нь мөнгөө ч өгөөгүй, зугтаагаад алга болсон. Энэ бол иргэдийн санхүүгийн мэдлэггүйгээр нь далимдуулж хохироосон зүйл. Сүлжээний бизнес хөгжил буурай орнуудад ихэд дэлгэрсэн байдаг юм билээ. Тиймээс иргэдэд сайн, муу талыг ялгаж салгаж ойлгох мэдээлэл өгөх, хөрөнгийн зах зээлийг таниулах зорилгоор Мэдээллийн төвийг байгуулсан. Олны дунд 1072 хувьцаатай холбоотой маш олон асуудал байдаг. Ногдол ашиг гэж юу юм, ногдол ашгаа хэзээ өгөх юм, энэ ашиг нь амьдралд хэр тустай юм, зарах эрх өгөх үү, нас барсан иргэний хувьцааг яах юм гээд олон асуудал бий. Нөгөө талаар компанийн засаглал, нээлттэй ил тод байдлыг бий болгохын тулд Мэдээллийн төвтэй байх ёстой гэж үзсэн. Олон улсын жишиг ч ийм байдаг.
-Дээр ч дурдлаа, 1992 онд хөрөнгийн зах зээл бий болох үед цэнхэр, ягаан тасалбарыг иргэн бүрт өгсөн. Үүнийг ёстой л салхинд хийсгэсэн байх?
-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж ахуй цагт буюу 1992 онд “Их хувьчлал” нэрээр 475 улсын аж ахуйн нэгж, үйлдвэрийг цэнхэр тасалбараар дамжуулж хувьчилсан. Тухайн үед хүмүүс цэнхэр тасалбарыг хувьцаа юм байна гэж ойлгосон. Уг нь бол цэнхэр тасалбарын дээд талд “Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг” гэсэн дөрвөн үг бий. “Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг” гэдэг бол тэр 475 аж ахуйн нэгжийн хувьцаанаас худалдаж авах эрх байсан ч иргэд тухайн үед мэдээгүй. Одоо ч авдрандаа, жаазандаа хадгалсан хүмүүс байгаа гэж дуулдсан. Гэтэл тэр цэнхэр тасалбарыг хоёр цоолоод дээд талд нь бичилт хийлгээд “АПУ” компанийн хувьцаанаас 100 ширхэгийг авлаа, “Мах импекс”-ын хувьцаанаас 500 ширхэгийг авлаа гэж тэмдэглүүлэх ёстой байсан ч ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй дарчихсан. Эсвэл маш хямд үнээр бусдад худалдаалчихсан байдаг.
-Хүмүүсийн энэ мэдлэг, мэдээлэлгүй байдлыг ашиглан тасалбарыг нь хямдхан худалдаж аваад улсын үнэ цэнэтэй зүйлийг авсан хүмүүс олон байдаг нь нууц биш?
-Цэнхэр тасалбар олгож байх үед Засгийн газар иргэддээ ямар ч мэдлэг олгоогүй, мэдээлэл ч өгөөгүй. Харин мэдээлэлд хамгийн ойр байсан нөхөд улсын үнэ цэнэтэй үйлдвэр объектуудыг хувьчилж авсан. Одоо олигархиуд гэж яриад байгаа нөхөд шүү дээ. Гэхдээ монголчуудад хоёр дахь боломж гарч ирсэн. Энэ цэнхэр тасалбар 1992 оноос өмнө төрсөн 1.1 сая хүнд очсон байдаг юм. Бидний аав ээж, өвөө эмээ нар хөрөнгө оруулалт хийсэн ч тэдэнд мэдлэг мэдээлэл байгаагүй учраас үр ашиггүй өнгөрөөсөн. Тухайн үед хар зах дээр цэнхэр тасалбарыг 1000 төгрөгөөр хүртэл зарж байсан гэдэг. Энгийн жишээ дурдахад Болд өвгөн хөдөөнөөс ирээд хоёр газар хөрөнгө оруулчихсан. Нэгдүгээрт, монголчууд архи их уудаг учраас архины хэрэглээ тасрахгүй гээд “АПУ” компанид хөрөнгө оруулчихлаа. Нөгөө нь талх хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ учраас “Талх чихэр” дампуурахгүй гэх үүднээс оруулчихсан учраас Болд өвгөн үр хүүхэд, ач зээ нартаа өв хөрөнгө үлдээж чадсан байдаг. Гэтэл үр хүүхэд, ач зээ нь мэдэхгүй явж байгаад саяхнаас хувьцааны данстай гэдгээ мэдэж байх жишээтэй. Данс байгаад зогсохгүй Төвлөрсөн хадгаламжийн төв дээр зөвхөн ногдол ашиг гээд 100 гаруй сая төгрөг байж байна. Ингэхээр нөгөө 11 тэрбум төгрөгийн эзэд эхнээсээ гарч ирж байна гэсэн үг. Бид хөрөнгийн зах зээлийг хэзээ ч сонирходоггүй, зөвхөн мэдлэгтэй, мөнгөтэй болж байж хөрөнгийн зах зээл рүү ордог гэсэн ойлголттой байдаг ч тэнд 200 төгрөгийн хувьцаа ч бий, 20 төгрөгийн хувьцаа ч байгаа шүү дээ.
-Тэгэхээр л манай иргэдэд илүү дэлгэрэнгүй, тодорхой энгийн ойлгогдох мэдээлэл маш чухал байж таарна?
-Иргэн та дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьцаанаас худалдаж авснаар өөртөө, дотоодын үйлдвэрлэлд, эх орондоо хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Тухайн компани иргэдийн хувьцаа, хөрөнгийг цуглуулахаар хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, үйл ажиллагаа нь ч томорно, цар хүрээ нь ч өргөжинө. Бизнесийн хүрээ тэлэхийн хэрээр ажлын байр нэмэгдэж, тэнд монгол хүмүүс ажиллана. Энэ хэрээр Монгол Улсад төлөх татварын хэмжээ нэмэгдэж байгаа нь эх орондоо хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг. Нөгөө талаар хувьцаанаас хоёр төрлийн ашиг олдог. Нэгдүгээрт, ногдол ашиг юм. Үүнийг жил болгон “Компанийн тухай хууль”-иараа тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шийдвэр гаргаад ногдол ашгаа хувааж өгдөг. Хоёрдугаарт, ханшийн зөрүүнээс ашиг олох гэж байдаг. Үүний хамгийн тод жишээ бол “Сүү” хувьцаат компани. Анх 2008 онд “Сүү” компанийн хувьцаа 1000 төгрөгөөр гарсан байдаг. Харин үүнээс хойш 10 жил өнгөрч 2018 онд нэг ширхэг хувьцааны үнэ 200 мянган төгрөг болж, 200 дахин өссөн. Хэрвээ хөрөнгийн зах зээлийн ойлголттой хүн “Сүү” компанийн нэг ширхэг хувьцааг тухайн үед нэг сая төгрөгөөр авсан бол одоо 200 сая төгрөгтэй байх байжээ. Энэ бол хөрөнгийн зах зээлийн үр өгөөж нь юм. Яахав, бүгдээрээ ийм биш. Улсын их дэлгүүрээс эхлээд эрсдэлтэй, ашиг тарааж байгаагүй компаниуд байдаг. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжиж байгаагийн нэгэн жишээ юм. Энэ талбарт муу нь ч бий, сайн нь ч байгаа гэсэн үг.
-Хөрөнгийн зах зээл бууриа засаад 27 жилийн нүүрийг үзжээ. Гэтэл иргэд ямар ч ойлголтгүй байгаагийн учир юу вэ. Эсвэл ойлгуулахыг хүсээгүй явж ирэв үү гээд асуудал байдаг байх?
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд 2010 онд Монгол Улсын 2.7 сая гаруй иргэнд 1072 ширхэг хувьцааг оногдуулсан. Гэтэл иргэд 1072 хувьцаагаа цаасан хэлбэрээр эзэмшинэ гэж ойлгосон байна. Монголчууд аливаа зүйлийг барьж, хазаж, авдрандаа хийж байж сая миний өмч гэж ойлгодогтой холбоотой. Гэтэл цаасан хувьцаа гэж байхгүй, цахим хувилбараар 2012 оноос өмнө төрсөн бүх иргэнд 1072 хувьцаа эзэмшүүлсэн. Монголчууд 1992 оны хөрөнгийн зах зээл, хувьцааны мэдлэггүйгээс болоод үр ашиггүй өнгөрөөжээ. Харин одоо монголчуудад хоёр дахь том боломж гарч ирсэн нь иргэд нийтээрээ эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа. Бид хэдийгээр боломжийн өмнө зогсож байгаа ч ахиад алдах гэж байна. Учир нь 1072 хувьцааны зарах эрхийг нээгээд өгөөч ээ, зараад нэг сая төгрөгөө авъя гэх иргэд олон бий. Хоёрхон цонхоор хараад байх юм. Хэрвээ энэ хувьцааны зарах эрхийг нээгээд өгчихвөл хүн болгон хувьцаагаа зарах хандлагтай байна. Хэрвээ хувьцаагаа зарвал суурь онолоороо нийлүүлэлт их болно. Энэ хэрээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны үнэ цэнэ нь унана. Магадгүй ахиад л өнөөх хэдхэн олигархиудын гарт төвлөрөх нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр иргэд маань 1072 хувьцаагаа битгий зараасай, үр хүүхэд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийгээсэй гэх байна.
-Тав, зургаан ам бүлтэй өрх хувьцаагаа зарвал бас чиг 5-6 сая төгрөг олчих боломжтой. Иргэд хувьцааны зарах эрх нээхийг тэсэн ядан хүлээж байгааг нуух аргагүй. Тэгэхээр ямар арга хэмжээ авах вэ?
-Өнгөрөгч есдүгээр сард хувьцаагаа ил болго гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан. Тэгэхээр зарах эрх үүсэх өдөр ирнэ. Юуны өмнө нөхцөл байдалд уялдуулан компани дээр “Эрсдэлийн сан” байгуулахаар ажиллаж байна. Яах аргагүй иргэд хувьцаагаа зараад үнэгүйдээд ирэхээр нь компани өөрөө энэ сангийнхаа мөнгөөр хувьцаагаа худалдан авах гарц юм. Нөгөө талаас манай иргэний нийгмийн байгууллагууд иргэдэд ихээхэн буруу ташаа ойлголт өгч турхирж байна. Тухайлбал, энэ компани хэдэн жилийн турш та нарт юу ч өгөөгүй. Тиймээс ногдол ашгаа ав гээд өдөөгөөд байдаг. Гэтэл энэ компанийн үр ашгаас монголчууд бүгд хүртсэн. “Хүний хөгжлийн сан”-гаар дамжуулан олгосон 21 мянган төгрөгөөс эхлээд хүртсэн. Энэ мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.долларын өр тавиад “Хүний хөгжлийн сан”-д оруулсан. Дараа нь 2011, 2012 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, ахмад настнуудад, тухайн үед сурч байсан оюутнуудад сая төгрөг өгсөн. Эндээс үүдсэн хувьцааны тоо ширхэгийн зөрүү гарч ирсэн гэдгийг дуулгах хэрэгтэй. Дараа нь 2016 оны сонгуулиар Хөгжлийн банк болон бусад банкнаас 250 сая ам.доллар зээлээд “Сайн хувьцаа” нэрээр тараасан. Үүнийг иргэд Засгийн газар аль нэг халааснаасаа аваад тараасан гэж ойлгоод байх шиг. Үнэн хэрэгтээ “Тавантолгой” компанийг барьцаанд тавиад 250 сая ам.доллар зээлсэн. Энэ мэт зүйлээс үүдээд тус компани 2016 он хүртэл сүүлийн жилүүдэд Хятадын “Чалко”-д төлөх 350 сая, Хөгжлийн банк болон бусад банкинд төлөх 250 сая ам.долларыг төлсөн. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар 1.1 сая гаруй иргэн 300 мянган төгрөг авсан, сүүлдээ мөнгө нь хүрэлцэхгүй 200, 100 мянгаар тараасан. Хэрвээ иргэн 100 мянган төгрөг авсан бол 964 ширхэг хувьцаатай, 200 мянган төгрөг авсан бол 857 ширхэг, 300 мянган төгрөг авсан бол 750 ширхэг хувьцаатай байгаа юм. Хэрвээ сургалтын төлбөрт шууд нэг сая төгрөг өгсөн бол ямар ч хувьцаагүй, “Эх орны хишиг” хэлбэрээр нэг сая төгрөг авсан бол бас ямар ч хувьцаагүй байна гэсэн үг. Эндээс миний дээр дурдсан хувьцааны зөрүү гарч байгаа юм.
-Өнөөдрийн байдлаар ногдол ашиг гэж 50 гаруй тэрбум төгрөг байгаа ч нэг хүнд ногдохоороо бага юм билээ. Үүнээс харвал “Эрдэнэс Тавантолгой” компани гайгүй ашигтай ажиллаж байна гэж болох уу?
-“Эрдэнэс Тавантолгой” компани 2016 он хүртэл өр төлж байгаад 2017 онд 471 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн татварын дараах ашигтай ажилласан. Гэхдээ улсад төвлөрүүлсэн татвар нь 470 тэрбум төгрөг байсан учраас “Топ-100” аж ахуйн нэгжийн хоёрдугаарт жагссан юм. Бид зургаан жилийн турш өр төлж мөнгөгүйн зовлон эдэлсэн бол ашигтай ажиллаад ирэхээр мөнгөтэйн зовлон эдэлж байна. Одоо иргэд, иргэний нийгмийн байгууллагууд “Бид эх орны эзэн гэдгээ мэдэрмээр байна” наад мөнгөө тараа гэсэн шаардлага тавьж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани бол нүүрсийг амнаас нь шууд аваад ямар ч нэмүү өртөг шингээлгүй нэг замаар хил гаргаж байгаа л айл. Гэтэл энэ компанид орлогоо хоёр дахин нэмэгдүүлэх боломж байсан уу гэвэл байсан. Зөвхөн 2018 онд хоёр их наяд төгрөгийн орлоготой ажилласан гэхээр хоёр замаар тээж байсан бол дөрвөн их наяд төгрөгийн орлоготой ажиллах боломж байжээ. Үүний цаана өнөөх хувьцааны үнэ цэнэ өсч байх учиртай. Зах зээлийн зарчмаар хөгжүүлээгүй улстөрчдийн буруу бий, сонгуулийн амлалт, мөнгөний барьцаанд тавьсаар ирсэн. Гэтэл одоо ард иргэд нь мөнгө авснаа санахгүй байна. Иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 14.75 хувь нь байгаа бол төрийн эзэмшлийн хэмжээ нь 85.2 хувь байна. Хэрвээ ногдол ашиг тараахаар бол 807 тэрбум төгрөгийн 53 тэрбум нь иргэдэд ногдол ашиг хэлбэрээр очих юм. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшиж буй 2511000 сая хүнд хуваахаар 26 мянган төгрөг оногдоно гэхээр бага мөнгө. Гэхдээ хэрэгтэй хүндээ энэ мөнгө хэрэгтэй л байх
-Таны ярьж байгаагаар бол илүү их ашигтай ажиллах боломж байжээ?
-“Эрдэнэс Тавантолгой” орд газраа түшиглэн баяжуулах үйлдвэрээ бариад цааш явсан бол өнөөдөр нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар бус боловсруулсан эцсийн бүтээгдэхүүнээ 200-250 ам.доллараар зарах байлаа. Дээрээс нь Оюутолгойг түшиглэж жилдээ 200 сая ам.долларын ашиг олох Цахилгаан станц барих боломж байсан. Мөн дээр дурдсан төмөр замаа барьсан бол гээд олон зүйлээс өндөр ашиг олж болох байлаа.
-Одоо хоёулаа иргэдэд нэн тулгамдаж байгаа мэдээллийн талаар яръя. Тухайлбал, дансаа яаж нээх, шалгах гээд мэдэхгүй байхыг үгүйсгэхгүй?
-Тоо ширхэгийн зөрүү яагаад байдгийг дээр би дурдсан. Тэгэхээр та хэдэн ширхэг хувьцаатай юм, хувьцааны данстай юу гэдгээ “www.schod.mn” сайт руу орж регистрийн дугаараа оруулаад шалгаж болно. Мөн орон нутагт интернэт ашиглах боломжгүй иргэн байдаг бол 151589 дугаарт мессэж бичээд шалгаж болно. Интернэт ашиглаж болохгүй, мессэж бичих боломжгүй байвал энгийн утасны тарифаар ажиллаж байгаа манай мэдээллийн төвийн 1800-1072 дугаарт холбогдон регисрийн дугаараа хэлээд мэдээлэл авч болно. Хувьцааны данстай дансгүй талаар мэдээлэл авахад Брокерийн компанид хэрхэн данс нээх юм, энэ компани нь цаашид яах вэ, данс нээхийн тулд заавал 5000 төгрөг өгөх нь ямар учиртай юм гээд иргэд түмэн зүйл асуудаг. Гэтэл иргэд өөрсдөө хувьцааны дансгүй байж банкны маш олон данстай байдаг. Хувьцааны данс нээлгэхэд авч байгаа 5000 төгрөгийн 2000 төгрөг нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үйл ажиллагааны шимтгэл, 3000 төгрөг нь брокерын компаниудын үйл ажиллагааны хөлс юм. Хүн хувьцааны данс нээснээр зөвхөн 1072 хувьцааны данс нээгээгүй, тухайн хүн хөрөнгийн зах зээлийн талбар дээр очиж, 220 компанийн хувьцааг худалдаж авах боломж нээгдэж байгаа хэрэг.
-Уг нь 53 тэрбум төгрөг гэдэг их мөнгө ч нэг хүнд оногдох хувь маш бага. Энэ тал дээр Засгийн газраас ч, салбарын зарим мэргэжилтнүүд ч гадны сайн жишиг дурдах юм билээ?
-Бидэнд энэ мөнгөө зөв хэлбэр рүү оруулах, хэрхэн яах вэ гэдэг хоёр гурван сонголт байгаа. “Норвегийн хөгжлийн сан”, “Тэтгэврийн сан” байгуулж, тэндээ мөнгөө хуримтлуулаад, түүнийгээ дэлхийн хөрөнгийн зах зээл дээр арвижуулаад нэг их наяд ам.долларын орлоготой болсон юм билээ. Зарим улс оронд стратегийн орд газраа зөв ашиглан, хөрөнгөө зөв удирдаад “Хамтын сан” бий болгодог. Ингээд иргэдийнхээ хувьцааг тэндээ төвлөрүүлээд дотоодын аж ахуйн нэгжүүддээ хөрөнгө оруулалт хийх замаар бусад салбаруудаа дэмжиж хөгжүүлсэн байдаг. Манайх бол найман жилийн турш дандаа бэлэн мөнгө тараасан. Тэгэхээр бид өөрт оногдож байгаа 26 мянган төгрөгөө нэг санд төвлөрүүлэх ёстой. Одоо бол бид буруу явах гээд байна. Тухайлбал, бид хамтын нэг үнээтэй, тэр нь тугалжээ. Үнээ бол хамтын эзэмшлийнх, тугал бол ногдол ашиг. Гэтэл тугалаа алж идэх талаар яриад байна. Уг нь тугалаа өсгөөд, нас биед хүрэхээр нь илүү их ашиг хүртэх ёстой. Олсон орлогоо бид хувааж идээд байвал хуучнаараа л амьдраад байна. Тиймээс хамтын, тэтгэврийн гээд сангийн ажлыг судалж байна. Хэрвээ ийм сантай болвол туршлага бүхий гадны хүмүүсийг авчирч ажиллуулах хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 6 )
Зарнаа . Та нарын ашиг хувиарлахыг харвал бүтэхгүй. Бушуухан зарах эрхийг нь гаргаад өгчих. Иргэдээ бүү хуурч мэхэл
Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү\nбидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай.\nИмэйл: birothhospital@gmail.com\nWhats програмын дугаар: 33751490980\n\nСайн сайхныг хүсье\nМЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР\nDR MAXWELL..CH
Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү\nбидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай.\nИмэйл: birothhospital@gmail.com\nWhats програмын дугаар: 33751490980\n\nСайн сайхныг хүсье\nМЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР\nDR MAXWELL
Tertei tergui san baiguullaa geed luivarchid ni idej uugaad hoosrood baih yum chin ashig ni ard tumend hezee ch ochihgui, tegsnees zugeer nogdol ashgaa aviya. Harin ter hun zarna uu hadgalana uu uursduu medeg. Norway gedeg uls chin shuuh zasaglal ni shudarga ajilladag, hyanalt sain tavij chaddag uchraas ashig ni ard tumend ni hurj ochdog. Heree galuu duuraij huluu hulduuguud yahav.
Зүгээр л иргэн бүрт ноогдол ашигийг нь өг! Зарах байх нь хүвь хүний асуудал!! Олон юм чалчих хэрэггүй шүү!
Nogdol ashigaa avmaar bn ene jiliin shuud dur meden ashiglchih yum