Гадаад дахь монголчуудыг эх орондоо үл хөдлөхтэй болгох “ИХ ГЭР” төсөл

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

Монгол Улсын 220 мянган иргэн /залуус/ гадаадад сурч, ажиллаж амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Үүнээс Америк тивд 90 мянга, Европт 49 мянга, Азид 70 мянга, Австралид 17 мянган монголчууд ажиллаж, амьдарч байна. Эх орныхоо төлөө суралцаж, ажлын дадлага хуримтлуулж байгаа эдгээр иргэдийн 85 хувь нь эх орондоо үл хөдлөх хөрөнгө худалдан авах сонирхолтой бөгөөд 60 хувь нь итгэлтэй хамтран ажиллах байгууллага олдсон тохиолдолд урьдчилгаа төлбөрөө шилжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Учир нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн 80 хувь Монгол дахь аж амьдралаа сайжруулах зорилготой хилийн дээс алхсан байдаг аж. Өнгөрсөн хугацаанд гадаад дахь монголчууд эх орондоо үл хөдлөх хөрөнгө авах сонирхлоо хэрэгжүүлэхээр бүх төрлийн боломжийг ашиглаж ирсэн бөгөөд харамсалтай нь буруу хүмүүстэй холбогдох нь бий гэнэ. 2016 онд Швейцарт 48 монгол иргэн хэдэн зуун сая төгрөгөө луйвардуулсан нь гадаад дахь монголчуудад томоохон сургамж болжээ. Тиймээс гадаадад ажиллаж, амьдарч байсан залуус нэгдэн гадаадад байгаа монголчуудыг эх орондоо үл хөдлөх хөрөнгө худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх нэгдсэн бодлогыг боловсруулан төрөөс дэмжлэг авч чадсан байна. Энэ бол “Их гэр” төсөл юм.

“ИХ ГЭР” ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Гадаад дахь монголчуудыг үл хөдлөх хөрөнгөтэй болоход нь туслах зорилготой “Их гэр” төслийг “Их гэр” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага /НҮТББ/-аас хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2016 оноос эхлэн судалгааны ажлаа эхлүүлж, гадаад дахь монголчуудын өмнө тулгамддаг асуудлуудыг нэгтгэн 2019 оны тавдугаар сарын 9-нд Монгол Улсын Засгийн газарт танилцуулж, дэмжүүлж чаджээ. 2025 он хүртэлх хугацаанд хэрэгжих энэхүү төслийг гадаадад буй монголчуудыг эх орондоо үл хөдлөх хөрөнгөтэй болоход нь зуучлах, дотоодын барилгын салбарын борлуулалтыг дэмжих бодлого болгон өргөн цар хүрээтэйгээр Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгаа юм. Энэ хүрээнд гадаад орны туршлагыг эх орондоо нутагшуулах, мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэхээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан томоохон ажлын хэсэг байгуулагдаад байна. Бүрэлдэхүүнд нь Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, “Хилийн чанд дахь монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ зэрэг байгууллагууд хамтран ажиллахаар болжээ.

“Их гэр” төсөл амжилттай хэрэгжихэд гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын дөнгөж 1.4 хувь буюу 3000 иргэн захиалга өгөхөд хангалттай гэсэн тооцоо гарсан байна. Гэвч төслийг сонирхож байгаа иргэд 200 мянга хол давсан нь уг төслийн амжилтыг илэрхийлэх биз ээ. Үүний тулд гадаад дахь монголчуудад үнэн зөв мэдээллийг хүргэх явдал болохыг төслийн баг ихээхэн анхаарч байгаа аж. “Их гэр” төслийн хүрээнд веб суурьтай “Их гэр” платформыг хөгжүүлж дэлхий дахинд тархан суурьшсан монголчуудтай холбоо тогтоох юм байна. Одоогоор www.ihger.com сайтын системийн хөгжүүлэлт хийгдэж байгаа ба барилгын компаниудын борлуулалтын хөтөлбөрүүдийг нэгтгэн суурилуулах ажил ид хийгдэж байгаа аж. Мөн Монголын үндэсний олон нийтийн телевизээр “Гэртээ харих зам хамгийн зөв зам” уриан дор монголчууд олноор суурьшсан Европын холбооны 10 улс, 15 хот, АНУ-ын гурван муж, 10 хот, Азийн зургаан улс, Австрали Улсаас бэлтгэсэн 60 цуврал нэвтрүүлгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Галаарид бэлтгэн хүргэхээр замдаа гарчээ.

ЭНЭ БОЛ “ЗӨГИЙН ҮҮР”-ИЙН НАРИЙВЧИЛСАН ХӨТӨЛБӨР

“Ажилч зөгий үүрэнд амьдардаг. Харин үүрийг бэлдэж өгснөөр ажилч зөгийнүүд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс нисэн ирэх юм” хэмээн “Их гэр” төслийг санаачлагч “Их гэр” НҮТББ-ын тэргүүн Э.Мөнгөнзалаа хэлсэн. Үнэхээр хүний анхдагч хэрэгцээ болсон орон сууцны асуудлыг шийдсэнээр тухайн хүн дараагийн асуудал болох нийгэмдээ хүчээ өргөх боломжтой болохыг гадаад дахь монголчууд хэлж байлаа. Хилийн чанд дахь монголчуудын зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхгэрэл “Их гэр” төслийг хилийн чанд дахь монголчуудын гуравдугаар чуулганаар танилцуулж байхыг харсан. Тухайн үед гадаадад байгаа монголчууд ихэд дэмжиж байсан. Өнөөдөр үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байгаад баяртай байна. Энэ төслийг хилийн чанд дахь монголчууд дэмжиж, талархан хүлээн авч байгаа. Гадаадад байдаг монголчууд эх орондоо эргээд ирнэ зүрхэндээ эх орноо тээж явдаг. Үе үеийн Засгийн газар гадаад дахь монголчуудаа татах төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан ч амжилт олж байгаагүй. Харин “Их гэр” төсөл орчин үеийн дижитал технологийг бүрэн ашигласан маш сайн төлөвлөлттэй ажиллаж байгааг хараад гадаад дахь монголчууд орон сууцтай болох үйл хэрэг амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй болсон” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

“ИХ ГЭР” ТӨСӨЛ БА ӨНӨӨДӨР

“Их гэр” төслийн гол зарчим нь хамтын ажиллагаа. Зах зээлд хуримтлагдсан зарагдаагүй орон сууцыг гадаадад амьдарч байгаа үл хөдлөх хөрөнгө худалдан авах сонирхолтой иргэдэд борлуулах явдал. Үүний тулд Засгийн газар, Монголбанкны дэмжлэгтэйгээр мөнгөн шилжүүлгийн найдвартай урсгалыг бий болгох ажлыг төслийн зүгээс хийсэн байна. Түүнчлэн гадаад дахь монголчуудыг эх орондоо сайхан амьдрах боломж олгох үүднээс Хөдөлмөрийн яамны тусламжтайгаар гадаадад бэлтгэгдсэн боловсон хүчнийг Монголд ирэхэд нь ажилд зуучлах санаачилгыг ч гаргажээ. Харин одоо Монголын барилгын салбарынхан төсөлд нэгдэх үлджээ. 2019 оны байдлаар барилгын салбарт 6947 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба 30 гаруй мянган орон сууц борлуулагдаагүй хүлээгдэж байгаа гэсэн судалгаа бий. Нөгөө талд гадаадад амьдардаг монголчууд метр квадрат нь 1.8-2.5 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авах сонирхлоо илэрхийлсэн байх юм. 

“Их гэр” НҮТББ-ын тэргүүн Э.Мөнгөнзалаа “Гадаадад байгаа монголчуудад тулгардаг томоохон асуудал нь зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрийнхөө нэр дээр орон сууцтай болох боломж байдаггүй. Заавал хамтран зээлдэгч, батлан даагч хэрэгтэй. Гэтэл Монголд байгаа ар гэрийнхэн нь бүгд ямар нэгэн зээлтэй байдаг. Эсвэл банкнаас ам.долларын буюу өндөр хүүтэй зээл авахыг тулгадаг. Мөнгөн гуйвуулгын шимтгэл өндөр. Тиймээс Монгол Улсын бүх бодлогоос орхигдсон 220 мянган монголчуудын асуудлыг шийдэхээр бид төслөө санаачилсан юм. Бид Засгийн газар, Монголбанктай хамтран мөнгөн гуйвуулгын тодорхой шийдэл гаргасан. Гадаадад байгаа бүх хүний мөнгөн гуйвуулга Төрийн банкаар дамжиж барилгын компанид орох боломжтой. Гадаадад байгаа монголчуудад зориулж нэгдсэн мэдээллийн сайт бий болгохоор ажиллаж байна. Энэ платформ Монголд анх удаа барилгын компаниудын борлуулалтын нэгдсэн системийг үүсгэнэ” хэмээн мэдээлэл өгсөн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.204) 2019 оны 12 сарын 23

Шударга л ажиллах хэрэгтэй Барилгын дарим кампани чанаргуй хулхи байруудаа борлуулах гэж оролдоно шуу Зайсангийн байрууд шиг ууж болохгуй гуний худгийн устай усаа зоодог бол дэмий шуу дээ

1  |  0
Mongol niigem hetsuu(108.218.234.108) 2019 оны 08 сарын 30

Bi mongold ul hudluh avahgui yagaad geheer hujaagiin chanargui materialaar hiisen het unetei, hunsnii ayulgui baidal batalgaagui, agaariin bohirdoltoi, bolovsrol dampuursan, emneleg uilchilgee ni chanargui, amgalan taivan baidal hangaltgui, niigmiin stress ihtei, buh yumiig avilgaar shiiddeg zahialdag, baiguullaguud hund surtaltai, jiriin irgen business hiih geheer yanz bureer daramtaldag, hulhidah zalilah setgelgeetei humuus ni olon. Tiim niigemd hichneen hyamd baisan ch ul hudluh avj uuriiguu uyahgui. Tegsnees buh yum ni batalgaatai niigemd ul hudluh unetei ch hamaagui avna.

4  |  0
Top