БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер болон сангийн сайд Стивен Мнучин нартай утсаар ярьж, хоёр талын худалдаа, эдийн засгийн асуудлаар санал бодлоо солилцлоо гэж Хятадын Синьхуа агентлаг мэдээлжээ.
АНУ-ын талын хүсэлтээр болсон ярианы үеэр талууд харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. АНУ-ын албаны эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Осака хотноо БНХАУ-ын Ши Жинпиньтэй хийх уулзалтаас ихээхэн хүлээлттэй байгаа гэнэ. Өнгөрсөн сард хоёр талын худалдааны яриа хэлэлцээ үр дүнд хүрэлгүй, талууд нийт 260 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд харилцан татвар ногдуулсан. Удалгүй Трамп Хятадын харилцаа холбооны Huawei компанийг хар жагсаалтад оруулсны хариуд Хятадын тал “найдваргүй” компани, хувь хүмүүсийн жагсаалтыг гаргана хэмээн хариу сүрдүүлсэн билээ.
Хятадын албаны эх сурвалж БНХАУ “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр протекционист бодлогын эсрэг нэгдмэл фронтыг эрэлхийлнэ гэж мэдэгджээ. Даваа гарагт БНХАУ-ын худалдааны дэд сайд Ванг Шоувен Вашингтон, Бээжин хоёр харилцан буулт хийж, аливаа яриа хэлэлцээг харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай байх зарчим болон ДХБ-ын дүрмийн дагуу явуулах ёстой гэж мэдэгдсэн юм.
Трамп Хятад, Япон, Мексик, Европын Холбоо зэрэг хэд хэдэн улс орон, бүс нутагтай худалдааны дайн эхлүүлээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )