Филиппинээс ачсан 69 чингэлэг хуванцар хог хаягдал ачсан усан онгоц Канад улсад хүрэлцэн ирж, 2013 онд тус хоёр улсын хооронд үүсээд байсан хог хаягдлын маргааныг дуусгавар болголоо.
Канадын тал эдгээр хог хаягдлыг Бэрнаби хот руу хүргүүлэх бөгөөд тэндээ хог хаягдлаас эрчим хүч гаргах үйлдвэрт шатаах гэнэ.
Эдгээр хог хаягдал Манила, Оттавагийн хооронд дипломат маргааныг үүсгэх гол шалтгаан болж, энэ оны тавдугаар сарын 15-наас өмнө хог хаягдлаа аваагүй тохиолдолд Канад улсын эсрэг дайн зарлана хэмээн Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дүтертэ сүрдүүлж, Оттава дахь элчин сайдын яамны дипломатуудаа эгүүлэн татаж байсан билээ. Канад улс маргааны эзэн болсон эдгээр хог хаягдлыг 2013 болон 2014 онуудад Филиппин руу дахин боловсруулах хуванцар хог хаягдал нэрийдлээр борлуулж байсан хэдий ч бодит байдал дээр живх, хаягдал сонин, цаас байсан гэнэ. Филиппиний шүүх эдгээр хог хаягдлыг буцаах шийдвэрийг 2016 онд гаргаж байжээ.
Хог хаягдлыг борлуулах асуудал Зүүн Өмнөд Ази, хөгжилтэй орнуудын хооронд улс төрийн маргаан дэгдээж буй гол шалтгаан болоод байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд, энэ оны тавдугаар сард Малайз улс АНУ, Япон, Франц, Канад, Австрали, Их Британи зэрэг улсаас гурван мянган тонн хог хаягдлаа эргүүлэн авахыг шаардсан юм.
Сэтгэгдэл ( 0 )