ОХУ-ын хоёр тээвэрлэгч онгоц Туркийн Анкара муж дахь Мюртэд цэргийн баазад С-400 зенит пуужингийн цогцолборын эхний ээлжийг хүргэлээ. 2017 онд байгуулсан гэрээний нөхцөл ёсоор ОХУ С-400 дөрвөн цогцолборыг 2.5 тэрбум ам. доллароор нийлүүлэх юм.
Турк улс Оросын хамгийн шинэ үеийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг худалдан авах асуудал олон улсад шуугиан дэгдээж, АНУ энэхүү гэрээнээс татгалзаж, оронд нь Patriot цогцолборуудыг худалдан авахыг Анкарагаас шаардаж, шинэ үеийн F-35 сөнөөгч онгоцны нийлүүлэлтээ цуцална хэмээн сүрдүүлж байсан ч Турк энэ гэрээг цуцлахаас татгалзсан билээ.
С-400 цогцолборын эхний ээлжийг Турк улс хүлээн авсантай холбогдуулан Туркийн батлан хамгаалахын сайд Хулуси Акар, АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер нар утсаар ярьжээ. Акар Турк улсыг агаараас довтлох аюул нүүрлэсэн хэвээр байгаа тул Оросын системийг худалдан авах шаардлага байсан гээд АНУ-ын Patriot системийг мөн худалдан авах асуудлыг судалж байгаа хэмээн онцолжээ. Тэрбээр мөн Турк улс Оросын С-400 худалдан авсан нь стратегийн байр сууриа өөрчилсөн гэж үзэж болохгүй гэж мэдэгджээ.
С-400 “Триумф” цогцолбор нь нисэх онгоц, далавчит болон баллистик пуужин, газар дээрх объектыг устгах зориулалттай. Цогцолбор нь 400 км хол зайд байг онож, 30 км өндөрт байгаа устгах чадалтай юм.
Сэтгэгдэл ( 0 )