Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг буюу Говийн их дархан цаазат газрын "Б" хэсэгт нутагшуулж байсан тахины хоёр нь зургадугаар сарын 30-нд нутгаасаа холдож, сураг алдарсан талаар бид мэдээлсэн билээ.
Дөнгөж сая Говийн их дархан цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар холбогдож, алдагдсан хоёр тахийг олсон тухай мэдээллээ.
-Тахинуудаа олсон гэж сураг сонслоо. Сая сураг гарав уу?
-Бид өнөөдөр /2019.07.17/ эрлээ үргэлжлүүлж яваад, Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг хавиас хоёр тахиа оллоо. Үндсэн байршлаасаа 140-150 км холдсон гэсэн үг юм. Зүүн гарын говиос холдож, Алтайн өвөр говийн салбар болох Алаг нуурын говьд хоёр тахь хүрсэн байна. Гол нь энэ хэсэг маань “Алтайн хүдэр” компанийн төмрийн хүдэр зөөвөрлөдөг хэсэг учир хүмүүсийн нөлөөгөөр цочиж үргэх вий гэдэг болгоомжлол байна.
-Замтайгаа хэр ойр байна вэ?
-Ер нь ойрхон. Хоёр тахины хувьд цочоо багатай, тэр хавьдаа нэлээд дассан маягтай байна. Гэхдээ л тээврийн замын ойролцоо байгаа болохоор жолооч, зорчигчид сонирхон, зураг хөрөг авах, чанга дуугаар цочоор зэргээр үргээх эрсдэлтэй. Тиймээс иргэдээс энэ чиглэлийн замд хэрэв хоёр тахьтай таарвал бүү үргээгээрэй гэж хичээнгүйлэн хүсмээр байна. Битгий их ойртоорой.
-Тахийг нутагшуулж байгаа газар руу нь яаж аваачих боломжтой вэ. Энэ тал дээр та ямар төлөвлөгөөтэй байгаа бол?
-Эхний байдлаар бид хэсэгтээ харзнах бодолтой байна. Цээл сумын байгаль хамгаалагчтай уулзаж, бензин, шатахуун дөхүүлж өгөөд, сайн эргэж тойрч байхыг захиад буцаж байна. Хэзээ хэрхэн нутагт нь буцаах талаар одоо бид холбогдох албаны хүмүүстэйгээ ярилцаж шийднэ. Магадгүй, хоёр азарга үрээ юм уу, үржлийн хос байсан бол энэ ирсэн нутагт нь үлдээж, байдлыг цаашид харзнаж болохоор байв. Гэтэл алга болсон хоёр тахь маань эгч дүү хоёр буюу шүдлэн байдас, эр даага хоёр байгаа тул аль болох холдуулалгүй Бугат сум руу аваачих нь зөв байх.
-Нутаг руу нь аваачихын тулд ямар арга хэрэглэх вэ. Хөлөөр нь туух уу?
-Ер нь хөлөөр нь туух болов уу. Зайны хувьд гэхдээ жаахан хол байна. 100 гаруй км газарт хөлөөр нь туухад 1 өдрийн турш болно. Унтуулах зэрэг арга ч байдаг. Үүнийг мөн ярилцаж байж шийднэ.
Сануулахад, Говийн их дархан цаазат газрын "Б" хэсэгт 280 тахь нутагшдаг. Эдгээр тахийг Герман, Чех, Австри, Хятад зэрэг таван орноос сэргээн нутагшуулахаар авчирсан юм. Дархан цаазат газарт 248 тахь нутагшуулж байсны дээр зургадугаар сарын 19-нд нэмж 32 тахь авчирсан ба алга болсон хоёр тахь сүүлд сүрэгт нийлүүлсэн тахинууд байжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Турж үхэх гэж байгаа өлөн лалрууд алаад идчнээ
залуу хосууд зугаалжээ ккк зөнгөөр орхивол шинэ сүрэг үүсгэх байлгүй дээ
Төрсөн нутаг руугаа, Европ руу л гүйх санаатай байх л даа, зайлуул.
Tahi bish yangir bna sh dee malnuudaa lalruudaa
хөөрхийн