АНУ-ын цөмийн зэвсэг хадгалагдаж буй газрыг санамсаргүй илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

НАТО-гийн Парламентын ассамблейн хорооны илтгэлд АНУ-ын цөмийн зэвсэг хадгалагдаж буй газруудын байршлыг санамсаргүй илрүүлсэн талаар тэмдэглэсэн тухай The Washington Post сонинд мэдээлжээ.

Энэ оны дөрөвдүгээр сард НАТО-гийн Парламентын ассамблейн батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн, Канад улсын төлөөлөгчийн “Цөмийн зэвсгийг хязгаарлах шинэ эрин үү? Зэвсэглэлийн шинэчлэл, хяналт болон холбоотнуудын цөмийн хүч” сэдэвт илтгэл нийтлэгдсэн байсан бөгөөд удалгүй илтгэлийг устгасан байна. Энэхүү илтгэлд Америкийн 150 нэгж цөмийн зэвсэг Европт байрлаж буй байршлуудыг заасан байжээ.

Өчигдөр (2019.07.16) тус илтгэлийн хуулбарыг Бельгийн De Morgen сонин нийтэлжээ. “Цөмийн бөмбөг Бельги дэх Kleine Brogel, Герман дахь Büchel, Итали дахь  Avianо болон Ghedi-Torre, Нидерланд дахь Volkel, Турк дэх Инжирлик зэрэг зургаан Америкийн болон Европын баазуудад хадгалагдаж байна” гэж нийтлэлд заажээ. Энэхүү мэдээллийг ямар нэг эх сурвалж дурдалгүйгээр өгсөн байна.

Илтгэлийн эзэн болох Жозеф Дэй баримт бичигт буй бүх мэдээллийн нээлттэй эх сурвалжуудаас авсан хэмээн мэдэгджээ.

Гэсэн хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эл илтгэлийг аль хэдийн ил болсон баримтын нотолгоо хэмээн үзэж байна. De Morgen сонинд гарсан нийтлэлийг “Цагаан дээр хараар: Бельгид Америкийн цөмийн зэвсэг байна” гэдэг гарчигтай нийтэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top