Бидний баатар

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

-Төр нь умартсан ч  түмэн олон, үр хүүхдүүд нь үл мартана-

Хан Тайшир уулын аймгийн Сэцэн сартуул уулын хошуу одоогийн Завхан аймгийн Ургамал сумын гуравдугаар багийн нутаг болох Хулж, Моринтолгой хэмээх газар  1914 онд Пунцагийн гэрт Дорж хэмээх хөвүүн төрсөн нь хожмоо эх орноо хамгаалах баатар эр болжээ. Дорж 15 насандаа ааваасаа өнчрөн үлдсэн ч сумын бага сургуульд бичиг үсэгт идэвхийлэн сурч эрдмийн мэлмий тайлагдаж, 1928-1935 оныг хүртэл орон нутагтаа бичээч, сумын болон хамтралын нарийн бичгийн даргаар ажиллаж байв. П.Дорж 21 настайдаа буюу 1935 оны долоодугаар сарын 01-нд  ардын цэргийн албанд татагдаж ирээд 1936 оныг хүртэл Улаанбаатар хотын харуулын сумангийн бичээчээр ажиллаж байхдаа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Будын Чанцалтай танилцан хожим нь тоонот гэрт толгой холбожээ.

 

/Эхнэр Б:Чанцалын хамт/

 

Эх орон гэдэг хүний оршихуй, хамгаас эрхэмлэн хайрлах ёстой аминаас үнэтэй зүйл билээ. Мөндөр шиг шүрших суман бороог цээжээрээ сөрөн  тэмцэх зоригт дайчин хөвгүүд эх орноо хамгаалж байлаа.

 

Цэл залуу насны халуун сэтгэлдээ хөтлөгдөн тайван амгалан амьдрах эрх тэдэнд байсангүй. Монгол орны зүүн хязгаар нутагт улс орны бүрэн бүтэн, аюулгүй байдалд гадаад гүрний заналхийлэл илэрхий буй болсон тул 1936 онд П.Дорж зүүн хязгаар руу цэргийн бэлтгэгдсэн офицерын хувьд эх орноо хамгаалахаар  мордсон юм. Эх орон гэдэг хүний оршихуй, хамгаас эрхэмлэн хайрлах ёстой аминаас үнэтэй зүйл билээ. Мөндөр шиг шүрших суман бороог цээжээрээ сөрөн тэмцэх зоригт дайчин хөвгүүд эх орноо хамгаалж байлаа. 1937-1939 онд тэрээр Матадын хуягт дивизонд жагсаал ангийн эх зохиогч, байлдаан ангийн дарга, нууцын дарга, салааны дарга, дивизон, сумангийн даргаар ажиллаж байжээ. Тэрээр өнөөдөр Монгол, Оросын ард түмэн ялалтынх нь 80 жилийн ойг тэмдэглэн буй Халх голын дайнд наймдугаар морьт дивизийн наймдугаар хуягт дивизоны даргаар оролцсон, бидэнд энэ ялалтыг авчирсан гавьяатны нэг билээ.

Түүний бага охин Д.Тунгалаг аавынхаа тухай дурсан ярихдаа, нүдэндээ нулимс цийлэгнүүлж ирснээ, төдхөнөө залгин, их л бахархангуйгаар “Би аавыгаа тэргүүний, шинэ бүхнийг хамгийн түрүүнд хүлээн авах чадвартай шинэчлэгч хүн байж дээ гэж боддог юм. Худам Монгол бичгээр, хортой харандаагаар таталган бичсэн аавын минь тэмдэглэл надад хадгалагдаж байсан бөгөөд хааяа хүнд үзүүлэн уншуулж, ямар гоё таталган бичиг вэ хэмээн хэлэхийг нь  сонсчихоод миний сэтгэл ханаж, аавтайгаа уулзсан мэт болон тэмдэглэлийг нь илээд л далд хийдэг байсан даа. Аав маань цэрэгт алба хааж байхдаа орос хэлийг сайн  сурсан гэдэг. Ямар ч гэсэн аав маань ээжтэй ярин өнгөрсөн амьдралаа дурсаж суух үед нь “Нянтайсүрэн, Квантуны арми, Манжгоо, Хамардаваа, Смирнов сургагч, Яковлов даргын шийдвэрээр...” гэх мэтийн яриа чихэнд танил болтол яригддаг байв. Нэг удаа би ааваасаа “Яагаад таныг хүмүүс ”Чёрт Дорж гээд байгаа юм бэ, чёрт гэдэг чинь чөтгөр гэсэн үг гэж байна ш дээ” хэмээн асуухад тун их инээснээ юу ч хариулаагүй юм даг. Хайртай аавыг минь чөтгөр гэхэд их л эмзэглэх миний энэ асуултад ээж маань намайг тайвшруулан  “Аав чинь орос хэлээр сайн ярьдаг,  бас бачимдахаараа тэгж оросоор загнадаг байхгүй юу” гэж хэлснээс хойш миний сэтгэл амарч билээ” хэмээн дурсан ярив. 

 

/1939 оны Халхын голын дайнд Наймдугаар морьт дивизийн наймдугаар хуягт дивизоны дарга байх үед/

 

Түүний охин Д.Тунгалагийн ярианаас дүгнэхэд “Олзлогдсон япон шиг” гэж зарим нэг хүнийг шоолдог байсан хэрнээ “ер нь япончууд маш хичээнгүй, чамбай, хариуцлагатай хүмүүс байсан шүү” хэмээдэг байсан нь П.Дорж нь хүнийг дүгнэхдээ нэг талыг барин туйлширдаггүй, үзэл сурталд хаагдан боогддоггүй байсны илрэл бөгөөд одоо ч нэн ховор тааралдах “хүн ёсны хэм хэмжээг дээдэлдэг ёс зүйтэй хүн байжээ” хэмээн бодогдном. 

 

П.Дорж дайны хүнд бэрх цагт эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө тууштай тэмцэгч байсан учир элсэхэд  тун ч хатуу шалгууртай байсан МАХН-ын жинхэнэ гишүүнээр 1939 оны долоодугаар сарын 15-нд элсэн орж 013309 тоот Бат илэрхийлэхийг наймдугаар морьт дивизийн наймдугаар хуягт дивизоны даргаар ажиллаж байхдаа гардан авсан архивын материал өдгөө ч байдаг. Мөн түүнчлэн Байлдааны гавьяаны хүндэт медаль-2, Засгийн газрын хүндэт жуух бичиг хоёр, улс хувьсгалын ойн медалиудаар удаа дараа шагнагдаж, маршал Х.Чойбалсан, Лхагвасүрэн генералын гарын үсэгтэй жуух бичиг, сайшаалын үнэмлэх нь одоо ч үр хүүхдүүдэд нь хадгалагдаж байна. Түүний охин Д.Тунгалаг аавтайгаа холбоотой зүйлсийг нандигнан хадгалдаг, архив санг ухаж судалдаг айхтар чамбай эмэгтэй байв. 

П.Дорж 1942 оноос 1943 оныг хүртэл хотын авто сумангийн дарга, нисэх дивизийн сумангийн дарга, 1944-1945 онуудад хоёрдугаар батальоны авто ротын дарга, хөсөг тээврийн тусгай сумангийн дарга, хотын авто тээврийн сумангийн даргаар ажилласан нь эх орны чөлөөлөх дайнд Орос, Монголын хамтарсан цэргүүдийн сум зэвсэг хүнс гээд фронтод хэрэгтэй болгоныг зөөн зөөвөрлөх ажлыг удирдан оролцож эх орон, тусгаар тогтнолоо хамгаалж байсан юм. Тэрээр дайн дууссаны дараа 1946 онд Олзлогдсон цэргийн хэрэг эрхлэх газарт хэлтсийн туслахаар ажиллаж байгаад ар гэрийн гачигдлын улмаас бэлтгэл офицероор цэргийн албанаас халагдан энгийн иргэний амьдрал ажил руу шилжсэн байдаг. Түүний охин Д.Тунгалагийн ярианаас дүгнэхэд “Олзлогдсон япон шиг” гэж зарим нэг хүнийг шоолдог байсан хэрнээ “ер нь япончууд маш хичээнгүй, чамбай, хариуцлагатай хүмүүс байсан шүү” хэмээдэг байсан нь П.Дорж нь хүнийг дүгнэхдээ нэг талыг барин туйлширдаггүй, үзэл сурталд хаагдан боогддоггүй байсны илрэл бөгөөд одоо ч нэн ховор тааралдах “хүн ёсны хэм хэмжээг дээдэлдэг ёс зүйтэй хүн байжээ” хэмээн бодогдном.  Хэтэрхий шулуун шударга зантай байсан нь зарим нэг улс төрийн ажилтнуудын сэтгэлд нийцэлгүй, гавъяа шагнал хүртэхэд нь нөлөөлсөн ч байж магадгүй.

 

/Охин Д.Дашзэвэг, Д.Тунгалаг нарын хамт/

 

Халх голын тулалдаанд Монгол Ардын хувьсгалт цэргээс 8500 цэрэг оролцож, 1939 оны тавдугаар сараас есдүгээр сарын 16 хүртэл 101 удаа байлдаан тулалдаан болсон гэж түүх өгүүлдэг. Энэ тулаанаас Дандар баатар тэргүүтэй жар орчим эрс улсын баатар болсон ч  бусад цэрэг офицер аав ээжийн хүү, дайчин эрс ч гэсэн ялгаагүй дайны утаанд дарагдан, ялалт авчралцсан  даруухан баатар эрсүүд билээ. Дайчин тэдгээр эрс төр нь умартаж, нэрийг нь гаргаагүй байгаа ч төрөл садан, түмэн олон, үр хүүхдүүддээ өргөмжлөгдсөн жинхэнэ баатрууд юм.

 

Тэрээр БНМАУ-ын бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрийг оруулсан хөдөлмөрч хүн, улсынхаа нэр хүндтэй иргэн байсан нь түүний түүхэн замналаас харагдана. 1930-аад оны Монгол Улс гэдэг бараг тэр чигээрээ л малчид, ардын аж ахуйтан байсан тэр цагт дайны дараа намын илгээлтээр Налайхын уурхайд авто баазын орлогч даргаар ажиллан, ажилчин ангийг буй болоход өөрийн биеэр үлгэрлэн оролцож, социалист хөдөлмөрийн бригадын ахлагч, ЗИЛ-130 машины жолоочоор ажиллаж  байжээ. Тухайн үед хуягт дивизоныг удирдана, жолооч болно гэдэг ямар нэг хэмжээгээр оньсон техник мэддэг хүний л хариуцан хийх ажил шүү дээ. Тэр хүнд цагт Дорж өөрийн  эгч, дүү, хамаатан нартаа үргэлж туслан, амьдрал ахуйг нь зүглүүлэн авч явдаг байсныг нь ах дүүс нь одоо ч  дурсан ярьдаг юм. Олондоо тустай дэмтэй, ах дүү ураг садандаа ачтай байна гэдэг хүн байхын гол чанар билээ.

Ардын цэрэгт татагдан зүүн хязгаарт ажиллаж гэр орон, хайртай хүмүүсээсээ хол байхын зовлон, цэрэг дайны үед бараа хомс, амьдрал хүнд байсныг одоо цагийн хүүхдүүд төсөөлөх ч үгүй дээ. Дайны жилүүдэд Зөвлөлтийн ард түмэнд, фронтод хэрэглэх зүйлс, бэлэг бэлдэх гээд улс орон даяараа эрвийх дэрвийхээрээ чармайж байх тэр үед түүний гэргий Б.Чанцал оёдлын артельд ажиллаж, фронтод явуулах зүйлс оёж, хэдэн хоногоор ч гэртээ харилгүй ажилладаг байжээ. Ах дүү улсын найрамдалт харилцаа гэдэг зовсон цагт нь туслах, дэмжих  болохоор ар гэрээ умартан, алд биеэ огоорон ажлын төлөө төрсөн мэт зүтгэж байсан зуу зуун залуусын төлөөлөл бол яах аргагүй тэд юм.

Социалист нийгмийг бүтээж ахуйд хөдөлмөрийнхөө үр шимээр дутах гачигдах зүйлгүй сайхан амьдралыг цогцлоож, хоёр хөөрхөн охиноо эрдэм боловсролтой болгож, том охин Д.Дашзэвэг нь /2009 онд ертөнцийн мөнх бусыг үзсэн/  Анагаахын Их сургууль, бага охин Д.Тунгалаг нь ОХУ-д Уралын Улсын Их сургууль төгсжээ. Өдгөө түүний зээ нар их дээд сургууль төгсөн, гадаад дотоодод суралцан ажиллаж, амьдран  эх орондоо хэрэгтэй  төдийгүй дэлхийн хөгжилд хөл нийлүүлэн ажиллах чадварлаг  сэхээтнүүд болжээ.

Халх голын тулалдаанд Монгол Ардын хувьсгалт цэргээс 8500 цэрэг оролцож, 1939 оны тавдугаар сараас есдүгээр сарын 16 хүртэл 101 удаа байлдаан тулалдаан болсон гэж түүх өгүүлдэг. Энэ тулаанаас Дандар баатар тэргүүтэй жар орчим эрс улсын баатар болсон ч  бусад цэрэг офицер аав ээжийн хүү, дайчин эрс ч гэсэн ялгаагүй дайны утаанд дарагдан, ялалт авчралцсан  даруухан баатар эрсүүд билээ. Дайчин тэдгээр эрс төр нь умартаж, нэрийг нь гаргаагүй байгаа ч төрөл садан, түмэн олон, үр хүүхдүүддээ өргөмжлөгдсөн жинхэнэ баатрууд юм.

Тэр олон хүний ар гэр, ач зээ нар энэ түүхэн гавъяа зүтгэлийг үеийн үед бахдан ярьж байгаасай. Төр засаг нь нөхөн шагнаасай гэж Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ойгоор тэмдэглэн хэлмээр байна. Үүн лугаа адил амьдран буй цаг хугацаандаа эх орон, хань ижил, үр хүүхдэдээ уул шиг нөмөртэй баатар байсан П.Дорж нь 1972 оныг  хүртэл тасралтгүй хөдөлмөрлөж байгаад гэнэтийн өвчний улмаас насан эцэслэсэн юм. Түүнийг 1972 оны зургаадугаар сарын 09-нд сүүлчийн замд нь үдэх ёслолд эхний цуваа оршуулгын газарт хүрч байхад сүүлийн машинууд Налайхын төвөөс хөдлөө ч үгүй байсан гэдэг. Тийм их хүн эмгэнэн, хүндэтгэн ирснийг бодоход олондоо хүндтэй, хайрлагдсан хүн байжээ.

Өдгөө 59 настай Тунгалаг охин нь тухайн үед тавдугаар ангийн жаахан охин байсан бөгөөд аавынхаа оршуулга дээр үг хэлэхдээ “Таныхаа алдар гавъяаг үргэлж мөнхөд мандуулж явна” хэмээн тангараглаж байжээ. Халх голын ойд зориулаад түүний зээ нар өвөөгийнхөө дурсгалд зориулж  дурсгалын хөшөө босгосон нь үүх түүх, өрлөг дээдсээ хүндэтгэн залбирч явдгийн илэрхийлэл билээ.

 

/Маршал Х.Чойбалсангийн гарын үсэг бүхий Сайшаалын үнэмлэх/

 

/П.Доржийн дайны үед эдэлж, хэрэглэж байсан цүнх/

 

Халх голын түүхт ялалтын 80 жилийн ойд зориулав

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top