“Viking Mines” компани Монгол дахь төслүүдээ худалдаж чадахгүй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Он дөнгөж гарч байхад буюу өнгөрсөн нэгдүгээр сард Монголын хэд, хэдэн нүүрсний төслийг эзэмшдэг “Viking Mines” компани төслүүдээ худалдах тухай мэдэгдэж байсан ч одоогоор нэг ч төслөө худалдаж чадаагүй байна. Анхны мэдэгдэл гарч байснаас хойш төд удалгүй “Алтайн нүүрс” компанид зарим төслөө худалдана гэж байсан ч эцсийн тохиролцоонд хүрч чадаагүй ажээ.

Уул уурхайн талаар мэдээлэл бэлтгэдэг Mining цахим хуудаст мэдээлснээс харвал “Viking Mines” компани Монгол дахь хөрөнгөө өөр компанид шилжүүлэхээр судалгааны ажлаа эхлүүлсэн байна. Тус компани Монголд “Бэрх уул”, “Хонхор заг” гэсэн нүүрсний төслийг 100 хувь эзэмшдэг юм. Гэсэн ч одоогоор дээрх хоёр том ордод уул уурхайн ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй байна.  “Бэрх уул” төсөл нь Сэлэнгэ аймгийн нутагт байрладаг жорк стандартын 38.3 тонн нүүрсний нөөцтэй Энэ төсөл Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн ДЦС-үүдтэй нүүрс нийлүүлэх санамж бичиг байгуулж байсан удаатай. Харин “Хонхор заг” төсөл нь Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлалтай Бургастайн боомтоос 40 км зайд оршдог байгаль орчны болон ТЭЗҮ-гээ батлуулаад удаагүй төсөл юм. Ашиглалтын лиценз нь 2013 оноос хойш 30 жилийн хугацаанд хүчинтэй төсөл аж.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Viking Mines” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилд 65 хувиар унасаар одоогийн байдлаар тус компанийн нэгж хувьцаа нэг центээр үнэлэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top