Х.Нямбаатар: Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцлийн төвшинд авч үзэх ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналын зарим заалтаар байр сууриа нэгтгэх үүднээс УИХ дахь МАН-ын бүлэг даваа гарагаас хойш хуралдаж байгаа билээ. Хэлэлцэж буй гол асуудал нь УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, парламентын хугацааг таван жил болгох зэрэг асуудлаар санал нэгдэж чадахгүй ийнхүү олон хоног хуралдаж байгаа юм. МАН-ын бүлэг өчигдөр дээр гурван асуудлаар санал хураалт явуулсан ба санал хураалтын үр дүнг өнөөдөр бүлгийн хуралдаанд танилцуулах юм.

УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, парламентын хугацааг таван жил болгох зэрэг Ерөнхийлөгчийн саналаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын байр суурийг хүргэж байна.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг судалгаанд оролцогсдын 78 хувь нь дэмжиж байгаа. 1992 онд Үндсэн хууль батлагдах үед Монгол Улсын нийгэм, эдийн засаг ямар байсныг бид мэднэ. Цаашид бид хөгжлийн Үндсэн хууль руу алхахын тулд зайлшгүй Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй гэж МАН 2016 оны мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж сонгуульд оролцсон. Тэгэхээр 2016 оноос хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах судалгаа, зөвшилцлүүд хийгдэж байж өнөөдөр Үндсэн хуулийн асуудал маань хоёрдугаар хэлэлцүүлгийнхээ шатанд хүрсэн.

МАН-ын бүлэг таван өдөр Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зөвшилцлийн саналыг хэлэлцээд сууж байна. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зөвшилцлийн саналыг авахгүйгээр МАН-ын бүлгийн 64 гишүүн дангаараа Үндсэн хуулийг баталж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард түмнээс сонгогдсон. Үндсэн хууль өөрөө зөвшилцлийн баримт бичиг байх учиртай. Тиймээс зөвшилцлийн үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурин дээр байгаа. Үндсэн хууль батлагдсан тохиолдолд Ерөнхийлөгч хориг тавих эрх нь нээлттэй. Нөгөөтээгүүр хууль батлагдах хэд хэдэн процесст Ерөнхийлөгчийн оролцоо байгаа. Тиймээс нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн саналыг бид зөвшилцлийн төвшинд авч үзэх ёстой.

Энэ таван өдөр зөвшилцөөд шийдэлд хүрэхгүй байгаа гол асуудал нь гишүүдийн тоо. Ерөнхийлөгч “108 гишүүнтэй болгоё” гэсэн. Манай бүлэг энэ тоог “Хүлээж авахгүй” гэсэн. Тэгвэл дундын саналыг авъя гэсэн. АН нөгөө талаас “99 гишүүтэй болъё” гэсэн санал гаргасан. “Нэг хүний жин дарах хувь, хэмжээг багасгая. Хувийн ашиг сонирхлыг багасгая. Томоохон компаниудын Их хурал дахь нөлөөллийг багасгая” гэдэг асуудал ярьж байна. Би бол тэр дундын хувилбар дээр байх нь зүйтэй гэдэг дээр санал нэг байгаа. Өнөөдөр хэдхэн том компанийн асуудлыг парламентын арван хэдэн гишүүн орж ирээд шийдвэр гаргалтад нөлөөлдөг явцуу ашиг сонирхол байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. Томоохон компанийн ТУЗ-ийн гишүүн, дэд захирал байсан хүмүүс өнөөдөр маш олноороо парламентад сууж байна. Тэгэхээр эдийн засаг, бизнестэй холбоотой шийдвэр дээр томоохон компанийн оролцоо байх вий гэхээс болгоомжлох хэрэгтэй. Цөөхөн гишүүнтэй байх тусам том компанийн лобби их байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил гурван үндсэн лоозонтой болж байгаа. Нэгдүгээрт, хяналт. Хоёрдугаарт, тэмцэл. Гуравдугаарт, хариуцлага. Өнөөдөр жижиг тойргоос сонгогдсон гишүүд Улсын төсөв хэлэлцэхээр яадаг билээ. Үе үеийн Сангийн сайд зөвхөн өөрийнхөө нутаг, өөрийн тойрог руугаа төсвөө хуваарилдаг. Гишүүн бүр өөрийн тойрогтоо төсөв тавиулъя гэдэг асуудал ярьдаг. 2011 оноос хойш Монгол Улсын эдийн засаг дорвитой тэлэхгүй байна. Учир нь тойрог руугаа чиглэсэн популист улс төр хийгээд нийтлэг эрх ашгийг орхидог.  Ирэх оны төсвийг есдүгээр сарын 15-нд өргөн бариад аравдугаар сараас хэлэлцэж эхэлнэ. Хэн том лоббитой, фракцтай гишүүдийн тойрог руу Улсын төсөв хуваарилагддаг” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top