Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцлийн асуудлаар эрх баригч намын бүлэг өнгөрсөн долоо хоногийн турш хуралдсаны эцэст УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганыг хуралдуулах шийдэлд хүрчээ. Өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлгээр Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналууд дээр байр сууриа нэгтгэх хуралдаан болсон бөгөөд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, парламентын хугацааг таван жил болгох зэрэг асуудлаар санал нэгдэж чадахгүй байсан юм. Энэ хурлуудад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, өөрийн саналыг тайлбарласан ч эрх баригчид 100 хувь байр сууриа нэгтгэж чадаагүй байгаа. Хэдийгээр нэгдсэн шийдэлд хүрээгүй ч ээлжит бус чуулганаа хуралдуулах боломжийг бий болгох талаар дотроо болон АН-ын бүлэгтэй зөвшилцөж чаджээ.
Иймд УИХ-ын даргын зөвлөлөөс энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна. Тодруулбал, өнөөдөр буюу даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн болон АН-ын зөвлөлийн хуралдаан болно. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хийгээд уг ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн хуралдаан болохоор төлөвлөжээ.
Харин мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг зарлаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлосон байна. Улмаар энэ долоо хоногийн лхагва, пүрэв, баасан гарагуудад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр тус тус төлөвлөсөн байна.
Д.ТОГТОХСҮРЭН: ҮНДСЭН ХУУЛИАР АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХГҮЙ
Ээлжит бус чуулганы хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх болсонтой холбогдуулан уг төслийн зөвшилцлийн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс мэдээлэл авсан юм. Тэрбээр “УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой төсөл өргөн барьсан. Энэ хоёр төслийг нэгтгэх, цэгцлэх, зөвшилцөх асуудал яригдаж байна. Хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа. Нэг нь Ө.Энхтүвшин даргаар ахлуулсан хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэх бүхий ажлын хэсэг, нөгөө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байна. Эдгээр ажлын хэсгийн санал, хуулийн төсөл дээр МАН-ын бүлэг олон өдөр хуралдлаа. Шийдэх хэрэгтэй хэдэн асуудал байна. Ард нийтийн санал асуулга явуулах, гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг сунгах, сонгуулийн тогтолцоог холимог болгох гэх мэт асуудал дээр Ерөнхийлөгч, АН-тай зөвшилцөж ойлголцох хэрэгтэй байна. Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг. Үндсэн хуулийг парламентад олон суудалтай нэг нам дангаараа баталж болохгүй. Энэ үүднээс бид Ерөнхийлөгч, түүний Тамгын газар, АН-ынхантай зөвшилцөх ажил хийж байна. УИХ-ын дарга АН-ынхантай уулзаж, энэ долоо хоногт хийх ажил, зөвшилцлийн ажлаа хурдтай болгоё гэж ярилаа. АН-ын хувьд гишүүд нь орон нутагт ажиллаж байсан учир хурлаа хийж, эцсийн шийдвэрээ гаргая гэсэн.
Үндсэндээ бид хэдэн зүйл дээр тогтоогүй байгаа. АН-ын бүлгээс ард нийтийн санал асуулга явуулах санал гаргасан. Манай бүлэг ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй гэж үзсэн. Мөн парламентын гишүүдийг 108 болгох заалтыг тоо нь олон байна гэж гишүүд үзэж, дэмжихгүй гэдэг саналтай байгаа. Гишүүдийн тоог нэмэх дээр олон нийт шүүмжлэлтэй хандах байх. АН-ын зүгээс мөн Ерөнхийлөгчийг парламентаас сонгоё, УИХ-ын гишүүдийг эгүүлэн татдаг болъё, орон нутгийн эдийн засаг, санхүү эрх мэдлийг нэмэгдүүлье, өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтооё гэдэг санал гаргасан. Энэ асуудлыг бид ярилцана.
Шүүхтэй холбоотой асуудал дээр 62 гишүүний өргөн барьсан төсөлд шүүхийн хараат бус бие даасан байдалтай холбоотой өөрчлөлтүүдийг өргөн барьсан юм. Ерөнхийлөгчийн зүгээс “Энэ асуудлыг эргэж хараач. Миний бүрэн эрхэд халдсан заалт байна” гэдэг агуулгаар хандсан. Гэхдээ манай намын бүлэг үүнийг шийдээгүй байна. Сая ярьсан асуудал дээр юун түрүүн зөвшилцөнө. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан шүүх засаглалтай холбоотой заалтуудыг хасаагүй” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )