Хятад улс АНУ-ын эсрэг нэхэмжлэл гаргалаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Хятад улсын эрх баригчид АНУ Хятадын бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулсантай холбогдуулан Дэлхийн худалдааны байгууллагад нэхэмжлэл гаргажээ.

БНХАУ-ын худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд энэ сарын 1-ний өдөр АНУ 300 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий Хятадын бүтээгдэхүүнд 15 хувийн татвар нэмж ногдуулсан. Үүнтэй холбогдуулан Дэлхийн худалдааны байгууллагад хандсан бөгөөд Хятад улс нээлттэй бодлого явуулж, олон улсын талбарт өөрийн эрх ашгийн төлөө шийдвэртэй тэмцэх болно гэж онцолжээ. Түүнчлэн, АНУ-ын энэхүү алхам хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн зөвшилцөлтэй зөрчилдөж байна гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Энэ сарын 1-ний өдөр АНУ Хятадын 112 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулж эхэлсэн бол арванхоёрдугаар сарын 15-ны өдөр татварын хоёр дах хэсэг хүчин төгөлдөр болох юм. Үүний хариуд Хятад улс АНУ-ын 75 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татварын эхний хэсгийг ногдуулсан бол арванхоёрдугаар сарын 15-ны өдөр таван хувийн татварыг нэмж ногдуулах юм. Мөн өдөр Хятад улс АНУ-ын автомашин, сэлбэг хэрэгсэлд 25 болон таван хувийн нэмэлт татвар ногдуулахаар болжээ.

БНХАУ, АНУ хоёр худалдааны маргааныг шийдвэрлэх зорилгоор хэдэн сарын турш яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд хамгийн сүүлд энэ оны долоодугаар сарын 30-31 өдөр Шанхай хотноо хэлэлцээ хийсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top