Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн урилгаар ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 6-7-ны өдрүүдэд айлчлал хийгээд буцлаа. Түүний айлчлалын хүрээнд хийгдсэн ажлын мэдээллийг багцлан хүргэж байна.
Тус айлчлал нь Монгол, Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедици болон палеонтологийн экспедици байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа юм. А.М.Сергеев “Монгол, Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспепицийн 50 жилийн ой”-д зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцож 50 жилийн түүхэн хугацаанд дээрх эспепицүүдэд хамрагдаж ажилласан судлаач, эрдэмтдийг Оросын ШУА-ийн нэрийн өмнөөс алдаршуулж баяр хүргэсэн юм. Мөн энэхүү хурлын үеэр Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Оросын холбооны улсын Шинжлэх ухааны Академи хооронд шинжлэх ухааны хамтын ажиллагааны шинэчилсэн хэлэлцээрийг хоёр орны ШУА-ийн Ерөнхийлөгч нар үзэглэсэн юм. Хэлэлцээрийн гол зорилго нь хоёр Талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн өргөжүүлэх, шинжлэх ухаан, шинэ технологи, инновацийн үйл ажиллагаа болон харилцан сонирхсон салбарт судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.
А.М.Сергеев айлчлалынхаа үеэр Монцамэ агентлагт өгсөн ярилцлагадаа Монгол Улс болон ОХУ-ын ШУА-ийн хамтран ажиллах шинэчилсэн хэлэлцээр нь бидний хамтын ажиллагаанд шинэ уур амьсгал оруулж өгнө. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд манай хоёр орны хамтын ажиллагаа хүссэн хэмжээнд байгаагүй. Улс төрийн хувьд хоёр улс маань XX зууны эхэнд байснаасаа өөрчлөгдсөн. Тиймээс харилцаа ямар болсон, манай хоёр улсын шинжлэх ухааны хөгжил ямар байгаа зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр харилцаагаа шинэчлэх хэрэгтэй болсон. Гэхдээ юуны түрүүн өмнөх хамтын ажиллагааны эерэг туршлага дээр тулгуурласан байх нь зүйтэй. Амжилттай хамтын ажиллагааны нэг жишээ бол өнөөдөр 50 жилийнхээ ойг тэмдэглэж буй палеонтологи болон биологийн хамтарсан экспедици юм. Энэ тэмдэглэлт ойд ОХУ-ын ШУА нэлээд ач холбогдол өгч удирдах зөвлөлийн хурал дээр ярилцаж, тусгай товхимол гаргасан. Уг үйл явдал нь шинжлэх ухааны салбарт бид хэрхэн амжилттай хамтран ажилласны нэг жишээ бөгөөд энэ нь бидний гол тулгуур болох ёстой. Бид ирээдүйд хэрхэн хамтран тухай ярихдаа шинэ арга хэлбэрийг хайх хэрэгтэй. Тиймээс бид Монголд байх хоёр хоногийн хугацаанд уг асуудлаар санал бодлоо солилцоно. Монголын эрдэмтэдтэй аль чиглэлээр, хэрхэн хамтарч болох тухай сонирхолтой санал дэвшүүлнэ гэж бодож байгаа. Өнөөдөр суурь судалгаа маш чухал боловч үүнийгээ цаг үедээ тохируулан технологийн салбар руу аль болох хурдан шилжүүлдэг байх нь чухал. Энэ чиглэлийн ажилд хоёр орны эрдэмтэд одоогоор дэлхийд тэргүүлж чадахгүй байгаа. Тиймээс яг аль чиглэлээр хамтран ажиллах вэ гэдгээ зөв сонгох нь чухал. Түүнээс гадна ашигт малтмал, олборлох салбарт ямар хөгжил дэвшил гарч байгааг сайтар ажиглаж байх хэрэгтэй. Мөн эрчим хүч, хүдэр олборлох болон бусад салбарт хамтран ажиллахад илүү анхаарах нь зүйтэй. Өнөөдрийн шинэчилсэн гэрээ нь өмнөх хамтын ажиллагааны туршлага дээр суурилсан. Тиймээс бид шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд илүү ач холбогдол өгөх ёстой” гэжээ.
Айлчлалынхаа хоёр дахь өдөр А.М.Сергеев Монгол улсын Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзалт хийж хоёр орны шинжлэх ухааны хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон юм.
А.М.Сергеевийг Монголд айлчилж буйтай холбогдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Зандангшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар тус бүр хүлээн авч уулзсан юм.
ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа
ОХУ-ын ШУА-ын төлөөлөгчид, тэр дундаа Академийн Ерөнхийлөгч нь анх удаа Монгол Улсад ирж, ШУА хооронд хамтын ажиллагааны шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсан явдал нь хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжихийн баталгаа хэмээн үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга юун түрүүнд онцлон тэмдэглэжээ.
Улмаар хоёр орны ШУА хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэлэлцээр, хамтарсан судалгааны ажлын чиглэлийг тогтоож, цаашдаа байнгын хамтын ажиллагаатай байх механизм бүрдүүлэх нь нэн түрүүнд анхаарах асуудал гээд Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Манай хоёр улсын шинжлэх ухааны салбарын гүн бат хамтын ажиллагааны нэг хэсэг нь сансар судлал бөгөөд дэлхий даяар эрчимжсэн сансар судлалын салбарт эрчимтэй хамтарч ажиллах, Монголын говь дахь өвөрмөц тогтоц, шинжүүдийг ашиглах боломж, бололцоо байгаа талаар талууд дэлгэрэнгүй санал солилцлоо. Мөн түүх, соёл, археологийн салбарт бэлтгэгдсэн эрдэмтэд манай хоёр улсад нийтлэг тул хамтын ажиллагааг эрчимтэй сэргээх нь зүйтэй гэв.
Үүнээс гадна шинжлэх ухааны салбарын төсөв, патент, бүс нутгийн салбарын хөгжил зэрэг өргөн асуудлаар санал солилцож, үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирсэн шинжлэх ухааны салбарт эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээ, санал санаачилга хэрэгтэй тул хамтын ажиллагааг чухалчлахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүссэн юм.
Уулзалтын төгсгөлд талууд ярилцсан сэдэв бүрийг хариуцах эзэн, хамтын ажиллагааны механизмтай болгож, эргэн уулзалдахаар тохиролцов.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Тэрбээр, дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны төв байгууллага болох ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа албан ёсоор айлчилж буйд талархал илэрхийлж, энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлал, Халх голын байлдааны түүхт 80 жилийн ой, Монгол, Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулагдсан зэрэг түүхт үйл явдлуудтай давхцаж буйг тэмдэглэв.
Академич А.М.Сергеевийн зүгээс шинэчлэн байгуулж буй хэлэлцээрийн ач холбогдлыг тэмдэглэн уг стратегийн хамтын ажиллагаа нь хэрхэн хоёр орны хууль тогтоомжид тусгагдах, мөн Монголд хийгдэж буй шинэчлэлийн үйл явцад шинжлэх ухаан, технологийн салбар хэрхэн хамрагдаж байгаа байдлыг чухалчилсэн байна. Мөн академич А.М.Сергеев “Улсын төсвөөс шинжлэх ухааны салбарт ногдуулж буй санхүүжилт чамлалттай байдаг. Үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай” гээд орчин үеийн хөдөө аж ахуй, газрын ховор металууд, орчин үеийн сэргээгдэх эрчим хүч, сансар судлал болон археологи, генетик, угсаатны зүйг үндэс болгон нийтлэг түүхээ судлах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг, дээд боловсролын салбарын шинэчлэл хийгдэхээр төлөвлөгдөж буй талаар товч танилцуулаад, цаашид Монгол, Оросын хамтарсан судалгааны их сургууль байгуулж, шинжлэх ухаан, технологийн чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа талаараа уулзалтын үеэр ярилаа. Хоёр тал шинжлэх ухаан, технологийн салбарын цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, үр дүнтэй хөгжүүлэхийн төлөө ажиллахаа санал нэгтэй илэрхийлсэн байна.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеев тэргүүтэй эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Энэ үеэр хоёр улсын шинжлэх ухааны салбарын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Тухайлбал, Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход Оросын туршлагаас суралцах, залуу эрдэмтдийг хөгжүүлэх, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд талууд анхаарч ажиллахаа илэрхийлжээ. Мөн Ё.Баатарбилэг сайд “Манай улс ОХУ-ын шинжлэх ухааны академийн суурь судалгааны сантай 10 гаруй жил хамтран ажиллаж, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байгааг дурьдаад цаашид тус төслийн хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг ОХУ-ын талаас хүссэн юм.
Сэтгэгдэл ( 0 )