Х.Нямбаатар: АН-ынхан ааштай авгай шиг байсхийгээд салж гүйдэг зангаа болимоор юм

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан санал, төслөө эгүүлэн татаж байгаагаа зарласан. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэдгээ ард түмнээсээ асуух шаардлагатай гэж буй. Ерөнхийлөгчтэй зэрэгцэн АН-ын гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарч байгаагаа зарлав. Улс төрд өрнөж байгаа эдгээр үйл явц Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд хэрхэн нөлөөлөх талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө татаж байгаагаа зарлалаа. Ингэснээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн үйл явц хэрхэх вэ?

-Үндсэн хуульд тусгасан санал, төслүүд гэдэг тэр хүмүүсийн хувийн өмч биш. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нэгдүгээр хэлэлцүүлгүүдийн үед буюу тухайн асуудлыг хэлэлцэж эхлэх үед төслөө татаж болдог. Харин нэгэнт хэлэлцэгдээд, парламентад хууль үйлдвэрлэх үйл явц өрнөөд хоёрдугаар хэлэлцүүлэг дуусчихаад байна. Мөн тэр саналууд нь Ерөнхийлөгчийн санал эсвэл АН-ын санал гэдэг утгаараа ороогүй. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал болж хураагдаад хоёр үе давчихсан учраас одоо санал, төслөө татна гэдэг ойлголт байхгүй. Тэр тусмаа төсөл татах гэдэг үг ерөөсөө байхгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нэг л төсөл хэлэлцэнэ гэж заасан. Өөр төслийг саналын түвшинд авч үзнэ. Тиймээс 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг саналыг ажлын хэсгийн санал болгоод нэгдүгээр хэлэлцүүлэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг давчихсан. Үүнээс цааш төсөл, санал татах тухай ойлголт байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар ч тэр нэгдүгээр хэлэлцүүлгийн үед авч болно, бусад үед боломжгүй тухай заасан байдаг.

-Ерөнхийлөгч мөн ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг батлахдаа засаглалын хэлбэрийг давхар асуух ёстой гэж байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-МАН-ын бүлгийн 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Уг төсөл нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг давсан. Одоо хоёр янзаар батлагдаж болно. Нэг нь ард нийтийн санал асуулга. Нөгөө нь дахиж 57 гишүүнээс дээш ирцтэйгээр 57-оос дээш гишүүн санал нэгдсэнээр бүх заалтаар дахин санал хураалт явуулж батлах хоёр арга зам байгаа. Эндээс бид Үндсэн хуулийн төслийг ард түмнээрээ шийдүүлж батлуулах нь зүйтэй гэдэг шийдэлд хүрсэн. Ард нийтийн санал асуулга гэдэг тусдаа асуудал. Тэр нь УИХ-ын нэг бүхий 25-аас доошгүй гишүүн гарын үсэг зурж байж тогтоолын төсөл УИХ-д өргөн бариад түүнийг УИХ гуравны хоёроос доошгүй хувиар дэмжиж байж ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрддэг. Нөгөө талаасаа ард нийтийн санал асуулгын хуулиар Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулгын тогтоолын төсөл санаачлах эрхтэй байдаг. Тэгэхээр хоёр тусдаа зүйлийг нэг дор шийдэх боломжгүй юм. Бид анхнаасаа Үндсэн хуулийн өөрчлөлт л ярьсан. Өөрчлөлтөө батлах эцсийн арга замаа ард нийтийн санал асуулга гэж шийдсэн. Энэ хэлбэрээрээ л явна. Ерөнхийлөгчийн ард нийтийн санал асуулгын тухайд УИХ тусдаа хэлэлцэж, тусад нь шийдвэр гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, хоёр өөр агуулгатай зүйлийг нэг дор нэгтгэж болохгүй. Нэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, нөгөөх нь Монгол Улсын засаглалын хэлбэр ямар байх вэ гэдэг асуудал. 

-Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар гурван асуултад хариулт авч болно гэсэн. Тэгэхээр санал асуулгаа хамтатгаж болохгүй юу?

-Ард нийтийн санал асуулгаар гурав хүртэлх асуулт тавьж болно гэсэн болохоос биш бид урьд нь энэ хуулийг хэрэглэж үзээгүй. Тэгэхээр одоо бид энэ хуулийг зөв зүйтэй, олон түмэнд сурталчлан таниулах хэрэгтэй байна. Үндсэн хуулийн өөрчлөлт буюу нийгмийн гэрээ, зөвшилцлийн баримт бичгийг олон түмэнд танилцуулж, ирэх аравдугаар сарын сүүлийн өдрүүдэд санал авах л бидний өмнө хамгийн гол тулгамдсан асуудал. Үүнийгээ л шийдэх ёстой.

-Ерөнхийлөгч засаглалын хэлбэрээ өөрчлөх санал гаргаж байгаа нь тангаргаасаа няцсан хэлбэр мөн үү. Та хуульч гишүүний хувьд хариулна уу?

-Олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгч тангаргаасаа няцлаа гэх утгатай зүйлс бичсэн байхыг харсан. Миний үзэж байгаагаар Ерөнхийлөгчийн санал нь засаглалын хэлбэрийг нэг талдаа гаргая гэсэн агуулгыг агуулж байх шиг байна. Ерөнхийлөгч олон удаа энэ асуудлыг хөндөж байгаа. Гаднаас эрдэмтэн судлаачдыг авчрахад нь бид засаглалын хэлбэрийн талаар мэтгэлцээнд орж байлаа. Германы Макс Планкын академийн ахлах судлаач, доктор, профессор Л.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн ирж Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж ярьсан бол миний бие парламентын засаглал бол ардчиллын үнэт зүйлийг хадгалдаг юм гэж мэтгэлцээнд оролцож байлаа.

-Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан эсэхийг хэн, ямар байгууллага хянах вэ?

-Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан үгүйг Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага хянадаг хуультай. Бидэнд тулгамдаад байгаа гол асуудал нэгэнт 34 санал хоёрдугаар хэлэлцүүлэг давчихаад байна. Тиймээс маш хурдан ард нийтийн санал асуулгад шилжүүлээд парламент дараа дараагийнхаа асуудалд ормоор байна. Маш олон зээлийн хэлэлцээр соёрхон батлах ёстой. Төсөв өргөн баригдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдах юм бол хамгийн багадаа 20-30 аргоник хуулийг шинээр батлах шаардлага гарна. Улс төрийн намуудын тухай хууль, Ашигт малтмалын хуулиас эхлээд Төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль гээд 30-аад хууль батлах шаардлагатай гэж Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороон дээр ярилцсан. Тулгамдсан ийм олон асуудал байгаа учраас ажлаа шуурхайлах хэрэгтэй байна.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөс үлдсэн заалтуудын чанарыг дүгнэхгүй юу?

-Ер нь чамлахаар чанга атга гэмээр өөрчлөлт орсон. Засгийн газраа тогтвортой ажиллуулах, Ерөнхийлөгчийг нэг удаа сонгох, төсвийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хорогдуулдгийг багасгах, УИХ-ын гишүүдийг эгүүлэн татдаг, давхар дээл, дан дээлийн асуудлыг нэг талдаа шийдсэн. Засгийн газар тогтвортой ажиллах боломжийг хуулиараа чангатгаж өгсөн. Баялгийн сантай болох эхний оролдлогууд хийгдсэн. Үндсэн хуульд жижиг өөрчлөлт гэж байдаггүй. Үндсэн хуульд орж байгаа нэг өгүүлбэр нь нийгмийн бүхэл бүтэн харилцааг зохицуулдаг.

-Ерөнхийлөгчөөс гадна АН-ынхан хэлэлцүүлгээс гарч байгаагаа зарласан. Ингэснээр зөвшилцөл эрсдэлд орох уу?

-Бид аль болох хурдан ойлголцолд хүрмээр байна. Манай АН-ынхан ааштай авгай шиг байсхийгээд л салж, нийлээд гүйдэг зангаа болимоор юм. Өөрсдийнх нь маш олон санал орсон. Одоо төслийг ард нийтийн санал асуулга болгоод ирэх оны төсвөө хурдан батлах хэрэгтэй. Гадаад эдийн засгийн байдал хүнд байна. Саарал жагсаалтын асуудал яригдаж байгаа үед хагарч бутардаг, улс төр хийдэг байдлаа түр хойшоо тавиад саарал жагсаалтынхаа ард гарах ажлыг хийгээсэй гэж хүсэж байна.

-Ард нийтийн санал асуулгыг 30-аад тэрбум төгрөгөөр явуулах мэдээлэл байна. Энэ хөрөнгийг багасгах боломжтой юу?

-Энэ зардлыг багасгахаар бүлэг дээр ярилцсан. Шууд зардлыг тогтоогоод бусад зардлуудаа орон нутагт үүрүүлэхээр ярьсан. Өөрөөр хэлбэл, сурталчлах, санал авах ажлыг орон нутгийн төсөвт суулгах боломжтой. Бүх сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөв, тухайн Засаг даргын Тамгын газрын төсөв, нөөц санд даалгаж болно. Хамгийн багадаа ард нийтийн санал асуулгыг 15 тэрбум төгрөгт багтааж зохион байгуулахаар ярилцсан. Тэгэхээр төрийн албан хаагчдын илүү цагийн зардлыг орон нутгийн төсөвт даалгаж болно.

-Ард нийтийн санал асуулгыг аравдугаар сарын 30, 31-нд явуулахаар товтой байна. Бэлтгэл ажил хангагдаж амжих уу?

-Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирж байгаа санал нь аравдугаар сарын 30, 31-ний хоёр өдрийг амралтын өдөр болгоод ард нийтийн санал асуулгаа хийе гэж байгаа. Бид анх удаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг эргэлтэд оруулж үзэх гэж байгаа учраас нэг өдөр санал хураагаад ирц хүрэхгүй, үр дүнгүй өнгөрч болзошгүй. Олон түмний оролцоог хангах үүднээс эдгээр өдрүүдийг хамгийн тохиромжтой гэж үзсэн.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1111(202.131.234.194) 2019 оны 09 сарын 11

202.131.234.194

0  |  0
G(114.30.187.93) 2019 оны 09 сарын 11

Xutsaj yngalgv ter zurchliin xuulia uurchiluu lalruudiin tansaglax mungiig n torguuliar bvrdvvlj ard olnoo shulsan pizdaanyyd

0  |  0
Top