Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн харьяанд эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгч “Багануур”, “Шивээ-Овоо” гэсэн хоёр компани байдаг. Төвийн болон аймаг, орон нутгийн дулаан, цахилгааны станцуудад эрчим хүчний нүүрс нийлүүлдэг эдгээр гол уурхайнуудад тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх уурхайнуудад очиж ажиллав.
2012 оны аравдугаар сарын 23-нд Ашигт малтмалын газар /АМГ/-ын даргын 615, 616 тоот тушаалаар “Багануур” ХК-ийн уурхайн лицензийг “Алтайн гянт” ХХК-д шилжүүлсэн байв. Уг компани нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж авсан асуудалтай холбоотой “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн охин компани “Монголын нүүрс” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийг эзэмшилд байсан ба үүнээс үүдэж “Багануур”-ын уурхайн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд санхүүгийн хувьд доголдож эхэлсэн байна. Тиймээс энэ асуудлыг хууль бус гэж үзэн Улсын Дээд шүүхээс уурхайн тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 12959А тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг холбогдох газруудад даалгасан юм. “Багануур” ХК-ийн лицензийг төрд буцаах шүүхийн шийдвэр гарсан учраас олон жил маргаан дагуулсан “Багануур” ХК-ийн лицензийг бусдад хууль бусаар шилжүүлсэн тухай маргаан эцэслэн шийдэгдэж, “Эрдэнэс МГЛ” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэх бүртгэлийн ажил хийгдэж дууссан юм. Багануурын уурхайн тухайд техник, технологийн шинэчлэл, хөрс хуулалт, түлш, тэсэлгээтэй холбоотой зардлуудаас гадна нэг тонн нүүрс олборлолтын өртөг нь 34.969 төгрөг боловч цахилгаан станцуудад 31500 төгрөгөөр борлуулж алдагдал хүлээж байгаа аж. Гэвч ингэж борлуулсан мөнгөө авч чадахгүй, өр, авлага хуримтлагддаг байдал жил бүр давтагддаг гол шалтгааныг тус компанийн тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал тайлбарласан. Тиймээс тус уурхайгаас ДЦС-уудад нийлүүлсэн эрчим хүчний нүүрсний төлбөрийг хугацаанд нь төлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс хүсэв.
“Шивээ-Овоо” ХК-ийн хувьд мөн л ДЦС-уудад нийлүүлсэн нүүрсний төлбөрөө цаг хугацаанд нь авч чаддаггүй хүндрэл жил бүр үүсэж, нийтдээ 124 тэрбум төгрөгийн өр, төлбөр хуримтлагдсан байна. Үүний 82.2 тэрбум төгрөг нь урт хугацаанд үүссэн бол 41.8 тэрбум нь богино хугацаат өр төлбөр аж. 580 гаруй ажилтантай тус уурхайн хувьд хүрэн нүүрсний 300 жилийн нөөцтэй. Мөн л тонн нүүрсийг 32550 төгрөгөөр олборлож, 29060 төгрөгөөр ДЦС-уудад нийлүүлдэг гэдгийг тус уурхайн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин танилцуулсан. Үүнээс болж хоногт 20 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээдэг гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )