Х.Мандахбаяр: Уул уурхайг хариуцлагажуулах тэмцэл бол газар нутгаа хамгаалах тэмцэлтэй адил юм

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай үргэлжилж байна.

Хэлэлцүүлгийг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр удирдан явуулж байгаа бөгөөд тэрбээр хэлэлцүүлгийг нээж “Юун түрүүнд эх нутаг, газар шороо, хуульт ёсны төлөө энд хүрэлцэн ирсэн хэнтийчүүддээ талархал илэрхийлье. “Тост, Тосон бумбын нурууг монголчууд мэднэ. Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны алтан амь үрэгдсэн цагаас монголчууд мэддэг болсон. Түүнээс хойш улсын хэмжээнд байгаль хамгаалах, уул уурхайн компаниудыг хуулийн хүрээнд ажиллуулах чиглэлээр бодитой шүүмжлэлүүд нийгэмд түгэх болсноор Тосон бумбын нуруу анхаарлын төвд орсон. Ялангуяа Монголын төр анхаарлаа хандуулсны үр дүнд Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан компанийн лицензийг цуцалсан. Бид энэ тэмцэлд оролцож явсан хүмүүс. Бид хүчээ нийлүүлснээр Монголын төрд хууль зөрчсөн үйлдлийг илчилж чадсан. Арван жилийн турш зогсолтгүйгээр нутгийн иргэд нутгаа хамгаалж тэмцсэн. Хэн нэгэн хүн ганцаараа шийдээгүй. Бүгд нийлж тэмцэж байж ард нь гарсан. Энэ бол тэмцэл байсан. Зөвхөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд биш Монголын 3.3 сая иргэн тэмцсэн.

Тост, Тосон бумбын төлөө тэмцсэн энэ жишгээр Монгол орноо тойрч, хууль зөрчиж байгаа зүйл байгаа бол түүнийг нь төрд хүргэж, байгаль хамгаалах үзлийг түгээн дэлгэрүүлэх, иргэдээ сонс гэгээрүүлэх, эх орон ч үзлийг дэлгэрүүлэх үүднээс “Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг бид зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн хэлэлцүүлгийг дэмжиж байгаа аймгийн Засаг дарга Н.Ганбямбад талархал дэвшүүлье.

Хариуцлагатай уул уурхайн тэмцлийг жишиж болохуйц жишээг би хэлье. 1921 онд ардын хувьсгал ялж, Монгол Улс тусгаар тогтносон. Олон аавын хүүгийн цусыг асгаруулж тэмцэл хийсэн. 1939 оны Халхын голын дайнд бид газар нутгаа өмгөөлөн тэмцсэн. Тэгвэл өнөөдрийн байгаль эхээ хамгаалах, уул уурхайг хариуцлагажуулах тэмцэл бол яг газар нутгаа хамгаалах тэмцэлтэй адил юм. Тэр үед дайсан тодорхой байсан. Харин одоо бид маш хүнд нөхцөлд тэмцэл хийж байна. Дайсан дэргэд байгаа. Дайсан Төрийн ордонд орсон байна. Дайсан бидний итгэж явсан анд нөхөр байхыг үгүйсгэхгүй. Бид дайснаа таних аргагүй болсон. Тийм учраас та бидний өнөөдрийн тэмцэл тусгаар тогтнолоо хамгаалан, газар шороогоо өмгөөлөн босож байсан тэмцлээс харьцангуй хүнд, маш өөр тэмцэл юм. Тиймээс бид өнөө цагийн өнгөн дээр мэдээллийг ил тод байлгах ёстой. Хэрэв сайн зүйл байгаа бол жишээ болгож ярья. Түүнийг тэргүүн туршлага болгож сурталчлах ёстой. Бид уурхай хаах гэж, хүний муу үзэх гэж байгаа юм биш. Харин буруу зүйл байгаа бол олон нийтэд мэдүүлж, төрийн чихэнд аваачих нь зөв. Араас нь ямар шийдэл гаргалгаа байгааг тайлбарлая. Мэргэжлийнхнээр шийдлийг олуулъя. Тэгээд асуудал шийдэгдэхгүй байвал бид бүгдээрээ нийлээд төрд хяналт тавьж, шахалт үзүүлж ажиллах ёстой. Энэ бол бидний тэмцлийн гол хэлбэр, утга, зорилго юм" гэлээ. 

Мөн Эзэн богд Чингис хааны өлгий нутаг болсон түүхийн аялал жуулчлалын хамгийн том бүс Гутайн даваанд харамсалтай нь гурван уурхай нээгдэж, Онон голын эхийг хорлон сүйтгэж, байгаль эхийн өрийг нь цоолж байсан. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэр, Монгол төрийн шударга алхаар энэ асуудал ямар ч байсан зогссон. Гэвч нөхөн сэргээлтийг ярих ёстой. Нөгөө талаас зарим өнгөт металлын үнэ өсөж байгаатай холбоотой Хэнтий аймагт жоншны олборлолт нэмэгдэж байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Энэ бүхнийг бид өнөөдөр ярилцах болно. Улмаар шийдвэр гаргагчдаасаа шийдлийг хайх ёстой. Би Хэнтийд ирсэн болохоор Ерөнхий сайдын нэрийг дурдаж байгаа юм биш шүү. Тост, Тосон бумбын нурууг авч үлдсэн төрийн шийдвэр бол жишиг шийдвэр байсан. Өнөөдрийн хэлэлцүүлгийн бид сайн дураараа санаачилж байгаа ч төрийн шийдвэр гарахгүй бол хэцүү. Тиймээс бидний хэлэлцүүлгийн мөрөөр төр маань шударга ёсны алхаа цохиосой. Засгийн газар, аймаг, сумын түвшинд асуудлыг шийддэг байх жишиг тогтоох нь өнөөдрийн хэлэлцүүлгийн томоохон зорилго" хэмээн үг хэллээ.


“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Чингис хотноо үргэлжилж байна.


БИЧЛЭГ ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.112.30) 2019 оны 09 сарын 25

Шантаажны сэтгүүлч улсын эдийн засаг юун дээр тогтож байдгийг мэдэхгүй байна даа

1  |  0
Zochin(66.181.190.178) 2019 оны 09 сарын 24

Ene odoo hurelsukhd taalagdah gsn uu aan

0  |  0
ZZZOCHIN(66.181.185.48) 2019 оны 09 сарын 24

mandakhbayaRAA URAGSHAA , MASH SAYN , CHINII ACHAAR MASH IKH UURCHLULT GARCH BAYNA , HURAY HURAY

0  |  0
Top