“Петрочайна Дачин Тамсаг”-ын зөрчлийг Ерөнхий сайдад мэдүүлсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж буй “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг иргэдийн асуулт, хариултаар үргэлжилж байна.


Хэлэлцүүлгийн үеэр Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэн М.Баатарчулуун “Өнөөдөр аймаг орон нутгийн удирдлагууд хангалтгүй ажиллаж байна. Аймгийн удирдлагууд хятад ажилчдыг нэвтрүүлж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Хятад ажилчдын оронд орон нутгийн иргэдээ ажлын байртай болгоход анхаарч ажиллахыг аймгийн удирдлагуудаасаа хүч байна” хэмээгээд уул уурхайтай холбоотой санал шүүмжлэлээ бичгээр гардуулсан юм.
 

 

Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэн Б.Лхагважав “Миний санаа зовж явдаг зүйл бол газрын тостой холбоотой асуудал. Газрын тос бүхий нутаг газрын тогтцоороо Дорнодоос Увс хүртэл Монгол орны өмнөд хэсэгт байрладаг. Бидний эцэг өвгөдөөс өвлүүлж үлдээсэн энэ газар нутаг маань үржил шимээ алдаж байна. Нэр усаа алдаж бүгд дугаартай болсон. Хойч ирээдүйд маань газрын нэр ч үлдэхгүй байх вий. “Нутгаа аваръя чойбалсанчууд аа” хөдөлгөөнийг бид байгуулсан. Бидний зүгээс “Петрочайна Дачин Тамсаг” компанитай холбоотой зөрчлийг Ерөнхий сайдад мэдүүлээд байгаа. Бид хэлэлцүүлгээс ямар үр дүн хүлээх вэ? Энэ хэлэлцүүлэг аймгийн төвүүдэд болох байх. Дараагийн аймгуудад очихдоо хөдөөгийн иргэдийг оролцуулахыг зөвлөе” гэсэн юм.

 

Үүн дараа "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр “Дорнод аймгийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг бид олон нийтэд нээлттэй ил тод хүргэж байна. Тэгээд төр засаг шийдвэрээ гаргаг. Төр засаг зөв шийдвэр гаргаж чаддаг гэдгийг бид саяхан Тост, Тосон бумбын нурууны шийдвэрээр харлаа. Тийм учраас бид илүү зоригтойгоор энэхүү үндэсний хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Үүний дараа шударга олон шийдвэр гарна гэж найдаж байна. Төрийн чих онгойж, хуулийн хүрээнд асуудлыг шийддэг сайн жишиг ирнэ гэж энэ хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Та бүхэн найдаж суух биш, найдаж тэмц гэж хэлмээр байна. Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан сайд нараас бүрдсэн ажлын хэсэг уул уурхайн бүх лицензийг шалгаж байгаа. Энэ ажлын хэсгийг ажлаа сайн хийхийг бид шахаж, асуудлыг хүргэх ёстой.

М.Баатарчулуун гуайн мэдээллийг бид дамжуулна. Хариуцлагатай уул уурхайн болон хариуцлагагүй уул уурхайтай холбоотой бүх жишээг ажлын хэсэгт хүргэх учиртай. Бид та бүхний мэдээллийг төрд хүргэнэ. Та бүхэн асуудлыг улс төрийн өнцгөөс битгий хараарай. Бид шударга ёсны төлөө яваа юм шүү” гэж саналаа хуваалцлаа. 

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.82) 2019 оны 09 сарын 27

Наадах чинь одоохондоо монгол улсын гадны хѳрѳнгѳ оруулагчидтай хийсэн гэрээнүүдээс хамгийн ашигтай нь. Мѳѳрѳлдѳхѳѳ жаахан азнавал яасын? Манай тос ашигт чанараар бага. Бид л лав ѳѳрсдийн тосоо нэрээд хямд бензин гаргаж чадахгүй. Тэрбум долларын ѳрний нэрэх үйлдвэр бол зүгээр сонгуулийн шоу.

1  |  1
Зочин(64.119.25.12) 2019 оны 09 сарын 27

Ёо ёо. Хэлэх үг ч алга. Хэдэн мянган насос ганц хором зогсохгүй ажиллаж, хэдэн зуун машин газрын тос зогсолтгүй зөөж, газрын гүний хэдэн сая тонн цэвэр усыг соруулж аваад буцааж нефтийн цооногт шахаж байгааг нүдээр хараад ”Монголд эзэн байна уу, үгүй юу” гэж өөрийн эрхгүй бодогдсон. Төрийн тэргүүн та Тамсгаар яваад нэг үзээрэй. Гуйж байна.

1  |  0
Мөнх тэнгэрийн цээрл(103.9.89.18) 2019 оны 09 сарын 27

Дорнот Хятадын нутаг болсон байна. Нэг ч сум суурин газрыг дайруулалгүй нефт зөөх зам тавьсан байна. Малчид шахагдаж хөөгдөж зайлсан байна. Монгол охид хүүхнүүдийг хятадууд ил далд эдэлж хээлтүүлж байна. Монгол нутагт Монгол хүн орох эрхгүй газар олон болсон байна. Одоо яаралтай арга хэмжээ авч Зөвшөөрөл өгч газар эзэмшүүлсэн урвагч дарга нарыг цаазаар авч, гаргасан шийдвэрийг хүчингүй болгож Хятадуудыг хөөж гаргах хэрэгтэй.

1  |  0
Top