Цагдаагийн байгууллагад иргэдээс ирүүлсэн дараах асуултад Цагдаагийн Ерөнхий Газраас хариулт өгч байна. Эдгээр асуудал нь бидний дунд түгээмэл тулгарч байдаг.
Асуулт:1 -Би цагдаад сарын өмнө гар утсаа алдаад өргөдөл өгсөн боловч одоо болтол намайг дуудахгүй таг чиг болчихлоо би яах вэ?
Хариулт:1 -Цагдаагийн байгууллага гомдол мэдээллийг амаар болон бичгээр хүлээн авна. Хүлээн авсан гомдол мэдээллийг нэгдсэн дүн бүртгэлд бүртгэж 5 хоногийн дотор ЭХХШТХ-д заасан үндэслэл журмын дагуу хойшлуулшгүй ажиллагааг явуулж гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдвол хэрэг бүртгэлтийн хэрэг нээж МША-г явуулна. Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа 1 сар байх бөгөөд шаардлагатай тохиолдолд прокурор хэрэг бүртгэлтийн хэргийн хугацааг 1-3 сар хүртэл хугацаагаар сунгаж болно. Таныг дуудахгүй байгаа тохиолдолд таны гомдол мэдээллийг хүлээн авсан мөрдөгчтэй холбогдож хэргийнхээ талаар болон ажиллагааны явц байдлын талаар тодруулж болно.
Асуулт:2 -Манай нөхөр байнга архи уугаад агсам тавиад байх юм. Цагдаад дуудлага өгдөг боловч эрүүлжүүлээд маргааш нь тавиад явуулаад байна ийм хүнд ямар арга хэмжээ авдаг юм бэ?
Хариулт:2 -Дуудлагаар очиж байгаа хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэлд хохирогчоос мэдүүлэг авч аюулын зэргийн үнэлгээг хохирогчоос асуумж асууж материалжуулан Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд материалыг хүлээлгэн өгч байгаа. Танай нөхрийн хувьд байнга агсам согтуу тавьдаг энэ талаар хангалттай нотлох баримт байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан/ заалтаар Зөрчлийн хэрэг нээж албадан сургалтанд хамруулж 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулахаар заасан байгаа.
Асуулт:3 -Би 6 жилийн өмнө найздаа 10 сая төгрөг зээлсэн юм. Одоог хүртэл мөнгөө авч чадахгүй явж байна. Энэ залилангийн хэрэг мөн үү? Одоо цагдаагийн байгууллагад гомдол гаргавал шийдэж өгөх үү?
Хариулт:3 -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан байгаа. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир цагдаагийн байгууллагад гомдол гаргаад та хохирлоо барагдуулж авч чадахгүй. Харин танд тухайн хүнд ямар зорилгоор мөнгө өгсөн талаар нотлох баримт байдаг бол тухайн хүний бүртгэлтэй хаягийн харьяа иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж хохирлоо барагдуулах эрх нээлттэй байгаа.
Асуулт:4 -Би 7 хоногийн өмнө АТМ-ээс 500.000 төгрөг авах гэж байгаад АТМ гацчихаар нь яваад өгтөл дараагийн АТМ-ээр үйлчлүүлж байсан хүн мөнгийг маань авсан юм шиг байна. Би цагдаад хандаж болох уу тэр хүн олдох болов уу?
Хариулт:4 -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг тиймээс та мөнгө авсан АТМ байрлах харьяа цагдаагийн хэлтэст гомдлоо гаргаж өгөөрэй. АТМ камерын бичлэгтэй мөн дараагийн хүн АТМ-ээр үйлчлүүлэхдээ хувийн картаа уншуулсан тохиолдолд тэр хүний мэдээлэл банкинд ирсэн байдаг тул олдох боломжтой.
Асуулт:5 -Манай хүүхэд одоо 41 настай байнга архи уудаг архи уухаараа агсам согтуу тавихгүй ч гэсэн гэртээ архичид цуглуулаад тэдгээр архичид нь жижиг сажиг зүйл гэрээс хулгай хийж авч гараад байх юм арга хэмжээ авах боломж байгаа юу?
Хариулт:5 -Та энэ тохиолдолд хороо хариуцсан хэсгийн байцаагчдаа хандаарай. Хороо хариуцсан хэсгийн байцаагч нутаг дэвсгэрийн онцлогоосоо шалтгаалаад 15-20 төрлийн бүртгэл судалгаа хөтөлдөг. Таны хувьд архи уугаад байгаа хүүхдээ судалгаанд хамруулж гэрээ эмзэг цэгийн бүртгэл судалгаанд авахуулаарай. Эмзэг цагийн судалгаанд хамрагдсан газарт цагдаагийн албан хаагчид байнга хяналт тавьдаг юм. Харин гэрээс хулгай хийгээд байгаа хүмүүсийн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгөөрэй хохирлын хэмжээ 300.000 төгрөгөөс бага тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байгаа.
Асуулт:6 -Манай найзын нөхөр нь хүн уруу татаж дагуулж явлаа гээд зогсоол дээр тавьсан байсан автомашины минь цонхыг хагалж хаалгыг нь хонхойлгосон байна би замын цагдаад хандах уу хаана хандах вэ?
Хариулт:6 -Таны автомашины шил, хаалганы одоогийн зах зээлийн үнэлгээнээс хамаарч 300.000 төгрөгөөс дээш бол Эрүүгийн хуульд зааснаар, эсхүл 300.000 төгрөгөөс доош бол зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ. Та гомдлоо харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст гаргаарай. Тээврийн цагдаагийн алба Эрүүгийн хуулийн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг шалгадаг юм.
Асуулт:7 -Манай хүүхдийн хацрыг хүн хутгаар зүсээд 3 оёдол тавиулсан гэтэл шүүх эмнэлэгийн дүгнэлт нь хөнгөн зэргийн гэмтэл гэж гарсан. Энэ талаар шалгаж байгаа байцаагчдаа хэлсэн боловч арга хэмжээ авч өгөхгүй байна. Хүний гоо сайханд ингэж ноцтой халдаж байхад яагаад хөнгөн гэж гарч байгаа юм бэ би гомдолтой байна
Хариулт:7 -Шүүх эмнэлэгийн дүгнэлтийг цагдаагийн албан хаагч тогтоодоггүй болохыг та мэдэх хэрэгтэй. Дүгнэлтийг мэргэжлийн шинжээч эмч гаргадаг бөгөөд Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам байдаг. Энэ журмын 2 дахь хэсгийн 2.4-т Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:
2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан;
2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан гэж заасны үндсэн дээр шинжээчийн дүгнэлт гарч байгаа. www.legalinfo.mn сайтад Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам бүрэн эхээрээ байдаг тул та уг сайт руу хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Хэрэв танд танай хүүхдийн гэмтэл хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл биш гэж үзэх бусад эмнэлэгийн байгууллагын баримт бичиг байгаа бол ЭХХШТХ-ийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана гэж заасны дагуу нэмэлт шинжилгээ хийлгэх эрхтэй.
Асуулт:8 -Манай хүүхэд гудамжны эсрэг талын айлын нохойнд уруулсан юм. Тэгтэл тэр айлын хүмүүс нь манай нохой биш байна гээд мэлзээд байх юм цагдаагийн байгууллагад хандаж болох уу?
Хариулт:8 -Та цагдаагийн байгууллагад хандаж болно. Цагдаагийн байгууллага 24 цагийн хугацаанд иргэнээс гомдол мэдээллийг амаар болон бичгээр хүлээн авч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан. Харин нохойны эзнийг тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагаас холбогдох ажиллагааг явуулж уг нохойг зольбин нохой болохыг нь тогтоосон тохиолдолд таны амьдарч байгаа хорооны холбогдох хүмүүст мэдэгдэж тэдгээр хүмүүс уг нохойг устгах арга хэмжээ авна.
Асуулт:9 -Би онлайнаар бараа захиалаад урьдчилгаа мөнгөө дансаар шилжүүлсэн боловч бараа маань ирэхгүй байна. Би залилуулчихсан уу хаана хандах вэ?
Хариулт:9 -Та өөрийн оршин сууж байгаа газрын харьяа цагдаагийн хэлтэст гомдлоо гаргаж өгөөрэй. Энэ тохиолдолд мөнгө шилжүүлсэн дансны дугаараар тухайн этгээдийг олж тогтоох боломжтой бөгөөд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгалтын ажиллагаа явагдаж байж тогтоох болно.
Асуулт:10 -Би өчигдөр таксинд явж байгаад гар утсаа таксинд гээсэн юм. Суусан таксиныхаа дугаарыг мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллагад гомдол гаргавал гар утсаа олж авч чадах болов уу?
Хариулт:10 -Та суусан таксины маркыг нь мөн хэдэн цагийн орчимд хаанаас суугаад хэдэн цагийн үед хаана хүрснээ мэдэж байгаа тохиолдолд аж ахуйн нэгж байгууллагын гадаах хяналтын камерыг шүүж үзсэнээр таны суусан таксины номер дугаарыг олох боломжтой. Мөн таны гар утасны имей кодоор таны гар утсанд сим карт ашиглагдаж байгаагаар олдох боломжтой. Та таксинаас буусан газрынхаа харьяа цагдаагийн хэлтэст гомдоо гаргаарай.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319