АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Хонконгийн жагсагчдыг дэмжжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Хонконгийн жагсагчдыг дэмжин гурван тогтоол баталжээ.

Нэг дэх тогтоолд тодорхой цэргийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Хонконгийн цагдаа, цагдан хорих байгууллага болон нисэх албанд нийлүүлэх зөвшөөрөл олгохыг хоригложээ. Хоёр дахь тогтоолд БНХАУ-ыг Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцож буйг буруутгаж, Хонконгийн иргэдийн жагсах эрхийг дэмжиж буйгаа илэрхийлэн, Хонконг, АНУ-ын хоёр талын харилцааг хүлээн зөвшөөрчээ.

Гурав дахь тогтоолоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад Хонконгийн эрх зүйн байдлын жил бүр үнэлэх, Хятад улс Хонконгийн эрх зүйн байдлыг АНУ-ын хориг арга хэмжээ, экспортын хяналтаас зайлсхийхийн тулд ашиглаж буй эсэхийг шалгаж байх шаардлага тавьсан байна.

Үүний сацуу Төрийн департаментад жил бүр Конгресст Хонконгийн Хятадаас бие даасан байдлыг хангаж буй талаар илтгэх үүрэг өгчээ. Илтгэлд Хятад улс Хонконгийн Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн эрх чөлөө, эрх зүйт төрийн зарчмыг зөрчсөн эсэх талаар үнэлэлт өгсөн байх ёстой.

Хэрэгтэн шилжүүлэх тухай хуулийн төслөөс үүдэн Хонконгт олон сарын туршид эсэргүүцлийн жагсаал болж байгаа бөгөөд Хонконгийн захирагч Кэрри Лэм жагсаал болон олон нийтийг хамарсан бусад цуглаан, арга хэмжээний үеэр баг зүүхийг хориглосон шийдвэрийг зарласнаас хойш энэ сарын 4-нөөс эсэргүүцлийн жагсаалын шинэ давлагаа эхэлсэн. Энэхүү шийдвэрийг зөрчсөн тохиолдолд нэг жилийн хорих ял эсвэл 25 мянган хонконг долларын торгууль төлөх шийтгэл ногдуулахаар заажээ.

Хятад улсын зүгээс Хонконгт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ыг БНХАУ-ын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, тус улсын хараат бус байдал, олон улсын эрх зүйг хүндэтгэхийг удаа дараа уриалсан. БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан Хонконгт үүсээд буй нөхцөл байдал БНХАУ-ын дотоод хэрэг бөгөөд гаднын ямар ч улс орон, хувь хүн, байгууллагад энэ асуудалд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй гэж мэдэгдэж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(112.224.75.124) 2019 оны 10 сарын 29

Oorsdoo jagsaal zohion baiguulsan yum chin demjihgui yadgiin

0  |  0
Top