Монголын газар нутгийг гажуудсан хуулийн аргаар дээрэмдэж байна

2019 оны 10 сарын 17

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар өрнүүлж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд зохион байгууллаа. Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар илтгэл тавьж, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэлцүүлгийг хөтлөн явуулж байна.

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Өмнөговийн бүх сум уул уурхайн нөлөөллийн бүсэд хамаардаг. Тосон бумбын төлөөх тэмцэл амжилтад хүрсний дараа бид 21 аймагт уул уурхайн ямар асуудал байгааг үзэхээр зориг шулуудсан. Өмнөговьд байгаа уул уурхайн асуудал бол зөвхөн тухайн аймаг, сумын асуудал биш, нийт Монгол Улсын, та бидний бүгдийн асуудал юм. Тиймээс сум сумаар салангид сэтгэж болохгүй. Монгол Улсад уул уурхайн асуудал бүрэн алдагдаж гажуудсан. Монголын газар нутгийг гажуудсан хуулийн аргаар дээрэмдэж байна.Монгол даяар 3900 гаруй лиценз байна. Лиценз гэдэг цаасны ихэнх нь хуурамч. Уул уурхайгаас болж говьд тулгамдсан олон асуудлын нэг нь ус. Говийг цөлжүүлэхгүйн тулд усаа ариг гамтай хэрэглэх ёстой. Гэтэл уурхайнууд говийн гүний усыг хайр найргүй сорж байна. Оюутолгойн уурхайд гэхэд жилд 600 литр секунд ус сорж байна. Монгол Улсын нэг сум жилд ганцхан литр секунд ус хэрэглэдэг. Тэгвэл Оюутолгой жилд Монгол Улсын 600 сумын хэрэглээтэй тэнцэх хэмжээний усыг сорж байгаа юм. Гэтэл Монгол Улс 330 сумтай. Өмнөговьтой харьцуулбал тус аймгийн нэг сумын 40 жилийн усны хэрэглээг Оюутолгой ганц жилд хэрэглэж байна. Гэтэл үүнийгээ “Дэлхийн ижил түвшний уурхайгаас манайх харин ч 3 дахин бага ус хэрэглэдэг” гэж Оюутолгой уурхайн менежер биднийг доромжилж байна. Оюутолгойн гадаад инженер сард 20-30 сая төгрөгийн цалинтай байхад моннгол инженер 2 сая төгрөгийн цалингаар хамаг ажлыг нугалж байна. Уул уурхайн салбарыг хуулийн дагуу болгоод, хууль журмаа мөрдөөд эхэлбэл энэ салбарын хөгжил зөв голдиролдоо орно. Би сэтгүүлч хүний хувьд нийгэмд гүйцэтгэх хоёр гол үүрэг буюу шударга үнэний дуу хоолой болох, нийгмээ соён гэгээрүүлэх үүргийн дагуу энэ ажлыг санаачлаад явж байна” гэлээ.

Баян-Овоо суманд уул уурхай харьцангуй гайгүй байгаа ч мөн л нөлөөллийн бүсэд хамаарч, ус татарч эхэлжээ. Ашиглалтын 5 лицензтэй 6 талбай байгаагийн нэг нь сумын үзэсгэлэнт нутаг болох Оцон Мааньтад олгогджээ. Хайгуулын 5 лиценз байгаа аж. Хэдийгээр эдгээр талбайд үйл ажиллагаа явуулаагүй байгаа ч Тавантолгой трасс компанийн коксын үйлдвэрийн утаа иргэдэд асар их хүндрэл учруулж байгааг нутгийнхан хэллээ. Сумын иргэд, малчид “Уурхайгаас онгойсон нүх л үлдэж байна.Бидний ахуй амьдралд ямар ч нэмэр байхгүй. Гашуунсухайт боомт руу явдаг нүүрсний замын 62 км нь Баян-Овоо сумын нутгаар дайрдаг. Эмнэлэгт ослын дуудлага их ирдэг. Түүнд эмнэлгийнхээ төсвийн багагүйг зарцуулдаг. Говийг усжуулахын тулд Орхон-говь, Хэрлэн-говь төслүүдийг яаралтай хэрэгжүүлж, эдгээр мөрнөөс ус татмаар байна” гэж байлаа.

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр намчирхаж, улстөржилгүйгээр нутгийн иргэд хүчээ хамтатгаж хариуцлагагүй уул уурхайг зогсоох, Оюутолгойд ажиллаж буй хүмүүсийн цалингийн зөрүүг арилгахын төлөө хуулиар, боловсролоор, хамтын хүчээр тэмцэх ёстой” гэв. Дараагийн хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Номгон суманд боллоо.
 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.69.5) 2019 оны 10 сарын 18

Энэ Мандахбаяр сайн тэмцэх юм даа овоо эх оронч залуу даа.Харин манай төрийн томчууд Оютолгой яригдахаар л толгой руугаа цохиулсан юм шиг л нам болчих юм.Нөгөө ер.сайд ,ерөнхийлөгч,тэмцэгч Ююунэрдэнэ ба түүний нөхөд хаана явна таг чиг .Ингэхээд бодохоор л эд нарыг шударга хүмүүс гэж хэлэхийн арга алга даа.

0  |  0
иргэн(192.82.75.52) 2019 оны 10 сарын 17

өм-д сэглэгдээгүй үлдсэн нутаг газар гэж бхгүйтай адил болсоон !!! алт хайж ухна нүүрс нтр бол тоймоо алдсандаа . усгүй болчихоод тарвага мэт харанхуй нүхэндээ мар сх жаргах л тавилан хүлээж бн даа

0  |  0
зочин(150.129.140.60) 2019 оны 10 сарын 17

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог гэж байгаа яум

0  |  0
Top