Баяндалай сумынхан манганы уурхай ажиллуулах боломжгүй гэв

2019 оны 10 сарын 22

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар өрнүүлж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Баяндалай суманд болов.

Хэлэлцүүлгийн үеэр Хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа,  “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат нар илтгэл тавьж, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа уул уурхайн ашиглалтын талаар уул уурхайн төлөөлөл болон иргэдэд зөвлөгөө өгсөн юм.  “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэлцүүлгийг хөтлөн явуулж, сумын Засаг дарга Л.Батбаатар болон сумын 200 гаруй иргэд оролцлоо.

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Манай хэлэлцүүлгийн багийнхан 6 дахь аймаг, Өмнөговь аймгийн 9 дэх сумандаа ажиллаж байна. Нэгдсэн хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 25-нд Даланзадгад, 12 дугаар сард Улаанбаатар хотод хийнэ” гээд Тост, Тосонбумбад болсон явдал, тэнд өрнүүлсэн жишиг тэмцлийн талаар танилцуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тосон бумбын талд шийдвэр гаргаж, нэмж уул уурхай нээхгүй гэсэн. Үүнд говь нутгийнхан талархах учиртай. Гэтэл Тосон бумбад үйл ажиллагаа явуулж байсан “Саус гоби коал транс” компани 110 тэрбум төгрөгийн хохирол учрууллаа хэмээн нутгийн иргэдийг дарамталсан талаар ярилаа.

Тэрээр цааш нь “Баяндалайн баруун замыг тавих гэж 10 жилийг үзлээ. Жилд 10-20 км л ахидаг. Уул уурхайн өгөөж байдаг бол Өмнөговь тасархай хөгжих байсан. Баруун замд 120 км-ыг тавьж, одоо 200 км дутуу байна. Дутаж байгаа 200 тэрбум төгрөг бол олон том уурхайтай аймагт бага мөнгө.
 


Монгол Улсын Засгийн газарт Ерөнхий сайдаар ахлуулсан, таван сайд бүрэлдэхүүнд нь багтсан том ажлын хэсэг байгуулагдаж лицензүүдийг шалгахаар болсон” гэж байлаа.

“Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат “Монгол Улсад уул уурхайн салбар зүй зохистой хөгжих ёстой. Монгол Улсын хөгжилд үр ашиг нь зориулагдах ёстой. Гэтэл өнөөдөр Монголд уул уурхай газар орныг бохирдуулдаг хортой үйлдвэрлэл болжээ. Уул уурхайн хөгжил буруу тийшээ явсан. Гаднынхны түлхээсээр явдаг болсон.

Зөв уул уурхайгаар сайн хөгжсөн Норвеги зэрэг орон байна. Тэнд төрийн хүмүүс нь хариуцлагатай байдаг бол манайд эсрэгээрээ. Монголд уурхай бүр дээр баяжуулах үйлдвэр ажиллаж байна. Манайх шиг гүний цэнгэг усаараа нүүрс угаадаг орон хаана ч байхгүй.

Зүй нь уул уурхайн бодлогыг төр хариуцлагатай барьдаг. Сангуудаар дамжуулж иргэдийн нийгмийн хөгжилд уул уурхайн орлогоос зарцуулдаг. Улс орны хөгжилд зарцуулдаг байх учиртай.Одоо бид хандлагаа өөрчлөх ёстой. Говьд ус чандмань эрдэнэ байдаг. Нүүрснээс  гадна гүний цэнгэг усныхаа төлөө тэмцэе. Журмаа өөрчлөх шаардлагатай” гэв.

“Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Эх оронч, Улиастайн сайд Чүлтэм бэйл бол энэ нутгийн хүн. Цэцэн хан, Түшээт хан аймгийг нийслэл хүрээнээс харъяалдаг байсан бол Улиастайн сайд нь Засагт хан, Сайн ноён хан хоёр аймгийг давхар хариуцаж байсан том зүтгэлтэн хүн байсан. Гамин цэрэг 1921 онд Монгол орныг түйвээхэд Чүлтэм бэйл харъяа хоёр аймагтаа гаминг оруулаагүй. Тэр жилдээ Чүлтэм бэйл насан өөд болсон. Шалтгаан нь бүрхэг” гээд Баяндалай сумын иргэдийг газар шорооныхоо төлөө тэмцэхийг уриалав.

Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатар үүний дараа нутаг орныхоо талаар танилцуулав. Түүний танилцуулснаар Өмнөговь аймагт уул уурхайн салбар их хөгжсөн ч Баяндалай нь уурхайгүй цөөн сумын нэг юм. Лицензийг 2000 оны эхнээс боломжтой газруудад өгч байсан. 2010 оноос лиценз олголтыг улсын хэмжээнд зогсоосон. Өнөөдрийн байдлаар тус сумын нутагт ашиглалтын 4, хайгуулын 8 лиценз байгаа аж. Аргалантын ард илэрсэн манганы ордыг ашиглахаар “Монгол манган” компани төлөвлөгөөт ажлаа хийхээр гэр бариад байгааг Засаг дарга хэллээ.

Сумын нутгийн 26,6 хувь нь улсын тусгай хамгаалалтад багтдаг Говь гурвансайханы бүс юм байна. Бичил уурхай эрхлэгчид 2011-2014 онд нэлээд эрчимтэй ажилласан ч 2015 оноос намжжээ.Одоо ухсан газрыг нөхөн сэргээж байгаа ажээ.

Энэ үеэр “Монгол манган” компанийг Аргалантын ард ажиллуулахаар болоод байгаа н.Баясгалан иргэдэд тайлбар хийлээ. Түүнтэй сумын Засаг дарга тааралдаж хэлэлцүүлэгт дагуулж иржээ.

Ингээд н.Баясгалан болон иргэдийн үгийг тоймлон хүргэж байна.

Н.Баясгалан: Би хуульч, эрхзүйч мэргэжилтэй. Хэзээд дүрэм журмаа мөрдөхийг хичээж ажилладаг. 2010 онд энэ газарт хайгуулын лиценз, дараа нь ашиглалтын лиценз авсан. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж үйл ажиллагаа явуулж чадаагүй. Сүүлийн үед уул уурхай сэргэж, одооноос үйл ажиллагаа явуулахаар дөнгөн данган эхэлж байна.

Говьд усны асуудал ноцтой байна. Манай уурхай ашиглалтдаа ус хэрэглэхгүй. Хуурай технологиор ажиллана. Манган бол нэг төрлийн төмрийн хүдэр, хүмүүсийн сайн мэддэг марганц юм. Уурхай нээгдэх болоогүй, бэлтгэл ажлын хэмжээнд байна. Үүний дараа баг, сумын иргэдээс зөвшөөрөл авч байж ажиллана. Бүх зүйлийг хууль журмын дагуу хийнэ. Манайх бол “Монгол манган” нэртэй монгол компани. Талбайн хэмжээ ашиглалтын лиценз 310 га, хайгуулын лиценз 1250 га. ТЭЗҮ боловсруулсны дараа байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийнэ. Уурхайг ашиглахад тээвэр, замын асуудал чухал.

2006 онд хайгуулын лиценз аваад 2010 онд ашиглалтын лиценз болгосон. Нөөц нь 900 мянган тонн хүдэр гэдэг. 20 хувь орчмын баяжмал гарна. Үнэ нь агууламжийн хэмжээнээс хамаарч савлаж байдаг. Нүүрснээс арай илүү үнэтэй, 80-90 ам.доллар хүрэх болов уу. Ажил жигдрээд ирэхээр орон нутгаас 20 ажилчин авна. Сүүлдээ энэ тоо нэмэгдэнэ. Өндөр цалинтай. Орон нутагт үр өгөөжтэй уурхай байж чадна.

Сэтгүүлч Х.Мандахбаяр: Би бол эсрэг зүйл ярина. Өмнөговь аймагт 209 лиценз байна. Баяндалай бол уурхайгүй цөөн сумын нэг. Манганы орд ашиглах нь Өмнөговь аймаг, Баяндалай сум, Аргалантын арын иргэдийн эрх ашигтай холбоотой. Энэ аймагт одоо нэмж уул уурхай хэрэггүй. Уурхай байгуулж ашиг олоод энэ нутгийг сэргээж, уул босгож, ус урсгаж чадахгүй.

Лицензтэй газар гэдэг бол тэр хүний өмч гэсэн үг биш.Уурхай нээх гээд хөрөнгөө үрэх вий. Бид газраа ухуулахгүй. Үнэхээр иргэд нь ухахыг зөвшөөрвөл өөр хэрэг. Баяндалайн баруун замыг нүүрсний уурхайнууд бүрэн тавилцах ёстой. Орон нутгийн Тавантолгой 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг жилд орон нутагт өгдөг. Үүн шиг байвал болно. 30 тэрбум төгрөг олох манганы уурхай биш, Оюутолгой, Тавантолгойд бүтээгдэхүүн, хүнс нийлүүлж иргэд энэ аймагт эргэлдэж байгаа 3,5 их наяд төгрөгөөс ашиг хүртэх ёстой.

Иргэн Ж.Өлзийсүрэн: Уурхайнууд уул уурхайгүй сумын залуусыг ажилд авдаггүй.Нөлөөллийн бүсээс л авна гэдэг. Ар өврийн хаалга их байдаг.  Миний нөхөр Оюутолгойд 10-аад жил ажиллаж байна. Жилд ажил дээрээ 240, гэртээ 120 хонодог. Гурван хүүхэд маань хүүхэд насныхаа гуравны нэгийг л эцэгтэйгээ өнгөрүүлж байна. Гадаад ажилтны нэг өдрийн цалинг монгол ажилтан нэг сард авч, хамаг ажлыг нь нугалж байна. Нөхөр гүний уурхайд ажилладаг. Би өөрөө дунд сургуулийн багш, химийн мэргэжлийн хүн.Гүний уурхайд байдал ямар байгааг сайн мэднэ. Гадаадынхан дарамталдаг. Гэр бүлтэй нь утсаар ч яриулдаггүй. Үйлчилгээний ажилтнууд сард 800-900 мянган төгрөг л авдаг.

Наран багийн иргэн Азбилэг: Нэмж уурхай нээх шаардлагагүй гэж Засгийн газраас шийдвэр гаргаад байхад уурхай нээх гэж байгааг юу гэх вэ. Боомт шинээр нээж зам тавих юм бол тоос, түйрэн дэгдэнэ. Одоо ч хонь төхөөрөхөд элэг нь цав цагаан байна. Аргалантын араа ухуулмааргүй байна гэлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ “Зөв юм хийж байгаа хүмүүсээ бид дэмжих ёстой. Уул уурхай ярихаар өмнөөс улс төр ярих шаардлагагүй. “Монгол манган” компани их мөнгө үрээгүй дээрээ эндээс яваасай. Орон нутгийн Тавантолгойн 51 хувийг орон нутаг эзмшдэг. Ийм компаниудыг Өмнөговьд нээж болно. Өмнөговьд шинэ уурхай нээх гэж байгаа бол иргэдтэй зөвшилц. Нийгмийн лиценз гэдэг шүү дээ.

Багийн ИХН-ын дарга Наранхүү: Өмнөх компаниуд уурхай нээхдээ сайхан юм ярьсан. Гэтэл нүүрс зөөдөг зам л тавьсан. Аргалантын ар усны нөөц багатай. Та нарыг хангаж чадах уу? 2018 оны 9 дүгээр сард Баяндалай, Ноён сумын урдуур зам тавьсан. Хуртай үед өвөлжөөн дундуур явдаг. Нэмж шинээр уурхай барих шаардлагагүй гэлээ.

Үүгээр хэлэлцүүлэг өндөрлөв.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top