Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгаас Тархины харвалттай тэмцэх Дэлхийн өдрийн хүрээнд “Тархины харвалт бол тойрч болох эрсдэл” уриан дор өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Орших, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал болон эмч, мэргэжилтнүүд, иргэд оролцсон юм. Энэ үеэр оролцогчдод харвалтын шалтгаан, эрт үеийн шинж тэмдэг, өвдөх эрсдэлээ хэрхэн бууруулах талаарх сургалтыг Мэдрэлийн тасгийн эрхлэгч, Мэдрэлийн их эмч Т.Бямбацэрэн хийж, өдөрлөгийн төгсгөлд иргэдийн даралт болон цусан дахь сахарын хэмжээг үзэх үйлчилгээг үзүүлсэн байна.
Тархины харвалт нь тархины судас гэнэт хагарах эсвэл бүлэнгээр бөглөрснөөс цусан хангамжгүй болж, тархины эд үхжихийг хэлэх аж. Толгой хүчтэй өвдөх, бие тавгүйтэх, мэдээ алдах, бадайрах, сульдах, тэнцвэр алдагдах, хараа өөрчлөгдөх, юм хоёрлож харагдах, ярьж чадахгүй, үг хэл ойлгомжгүй болох, ээрэх, нүүр гарын хөдөлгөөн сулрах зэрэг шинжээс илэрвэл та яаралтай 103 дуудах хэрэгтэй юм. Түүнчлэн харвалт нь тойрч болох эрсдэл бөгөөд эрсдэлийг бууруулахын тулд зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийх, цусны даралтаа тогтмол хянах, цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах, стресс уур бухимдлаа багасган тайван байх, хорт зуршлаа хаях хэрэгтэйг мэргэжлийн эмч нар анхаарууллаа.
Дундговь аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 56 хүн харвалтын оноштойгоор эмчлүүлсэн бол энэ онд харвалтаар өвчлөгчдийн тоо 34 болж буурсан статистик үзүүлэлт гарчээ. Өдөрлөгийн үеэр Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал “Иргэд цусан дахь сахар болон өөх тосны хэмжээг тогтмол хянаснаар харвалтаас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Мөн эрүүл мэндийн даатгалаараа жилд нэг удаа урьдчилан сэргийлэх илрүүлэг үзлэгт тогтмол хамрагдах боломжтой” гэж онцлов.
Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр дэлхий даяар Тархины харвалттай тэмцэх Дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Дөрвөн хүний нэг нь харвах эрсдэлтэй. Нэг нь та биш биз” уриалга дор тэмдэглэн өнгөрүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )