Дэлхийн хэмжээнд шинэ технологийг зохицуулах шаардлагын тухай сэдэв Давосын дэлхийн эдийн засгийн форумын гол сэдэв байх болно гэж Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Бёрге Бренде онцолжээ.
Хиймэл оюун ухаан, интернет болон бусад технологи эдийн засагт ихээхэн нөлөөлж байна. Гэхдээ эдгээр нь зохицуулалтын хувьд нэг төрлийн “зэрлэг баруун” хэвээр байгаа тул дүрэм бий болгох шаардлагатай байна гээд зохицуулалтыг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тэрбээр цохон тэмдэглэв. Улс бүр өөрийн гэсэн хэм хэмжээг нэвтрүүлэх тохиолдолд зохицуулалт бага үр дүнтэй байх болно гэж Бренде ярьжээ.
Үүнээс гадна 2020 оны Давосын форумаар геополитикийн болон гео эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэнэ. Худалдааны дайн дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, сүүлийн арван жилд дэлхийн эдийн засгийн өсөлт хамгийн доод түвшинд хүрээд байна. Тиймээс Дэлхийн эдийн засгийн форум АНУ, БНХАУ-ын худалдааны дайныг анхааралтай ажиглаж байна гэж тэрбээр дурджээ.
Түүний хэлснээр, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал тоо, шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс орнуудад томоохон боломжуудыг олгож байна.
1980-аад оноос хойш Дэлхийн эдийн засгийн форум олон улсын тавцанд болж буй гол үйл явдлуудын нэг болжээ. Хэлэлцүүлгүүдэд улстөрч, бизнесменүүдээс гадна төрийн бус байгууллага, шинжлэх ухаан, соёлын салбарын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага оролцдог. Ээлжит форум ирэх оны нэгдүгээр сарын 21-24-нд болно.
Сэтгэгдэл ( 0 )