[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Жирэмсэн үед хэт жин нэмэхгүй байх аргууд

2019 оны 11 сарын 09

Эрүүл саруул хүүхэд төрүүлэх, зөв зохистой хооллохдоо жин нэмэхгүй, бие галбираа алдахгүй байхыг ирээдүйн ээж нарын хамгийн ихээр хүсдэг зүйл. Тэгвэл хорвоогийн хамгийн нандин эрдэнийг хүлээж байх зуураа ямар дүрмийг баримталвал жин нэмэхгүй байх вэ?

“Би ямар харагдах бол?”

Олонх бүсгүйчүүд жирэмсэн болохоос өмнө илүүдэл жингийн тухай бодож эхэлдэг. “Төрсний дараа ямар харагдах бол? Нөхөртөө таалагдсан хэвээр байх болов уу?...” гэх мэт. Бүдүүн, тарган болчихвий гэхээс бүх ээж нар айдаг. Жирэмслэхээс өмнө сайхан бие галбиртай байсан бүсгүйчүүд хүртэл энэхүү асуудалтай тулгардаг.

Уг нь гуалиг хэвээр байж, хайртай хүндээ үргэлж гоё сайхан харагдаж, эцсийн эцэст өөрөө өөртөө таалагдахыг хүсэж байгаа шүү дээ! Тэр ч байтугай ажилд ороход хүртэл гадаад төрх их чухал. Тэгтэл анхнаасаа илүүдэл жинтэй байсан бүсгүйчүүд жирэмсэн болсон үед юу гэж боддог бол? 12-16 долоо хоногтой хирнээ 80 кг гаруй жинтэй бүсгүйчүүдтэй ярилцаж үзэхэд тэд туранхай бүсгүйчүүдийг бодвол гадаад төрхдөө төдийлөн санаа зовдоггүй гэнэ. “Арван килограмм нэмлээ, арван килограмм хаслаа гээд нэгэнт юу ч өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь хүүхэд маань эрүүл саруул, би өөрөө ч бас эрүүл байвал хангалттай” гэсэн ижил бодолтой байдаг нь ажиглагдсан.

Дээрх бүсгүйчүүдийн хэн хэнийг нь ойлгохыг хичээцгээе. Угтаа бол хэн хэнийх нь зөв шүү дээ. Гэсэн хэдий ч хэт туйлшраад байлгүй байгаа жингээ хэвээр хадгалж авч үлдэхийг хамтдаа хичээцгээе.


Жин ямар байх ёстой вэ?

Юуны түрүүнд зөв харьцааг олъё. Жирэмслэх явцад эмэгтэй хүн дунджаар 12 кг нэмдэг. Үүнээс:

Ургийн жин – 3300 г,
Эхэсийн жин – 650 г,
Ус – 800 г,
Савны жин – 900 г,
Хөхний жин – 405 г,
Биеийн шингэн – 2500 мл,
Өөх тос – 2000 г - 3000 г. эзэлдэг байна.

Эхний үед эмэгтэй хүн хордлоготой байдаг учир жин хасагдах тал бий. Харин 16 долоо хоногоос эхлээд жин нэмэгдэнэ. 23-24 долоо хоног дээр долоо хоногт 200 гр, 29 долоо хоногоос эхлээд 300-500 граммаас хэтрэхгүй.  Тэгвэл илүүдэл жинтэй болж байгааг мэдмэгц хэдийд түгшүүр зарлах ёстой вэ? Долоо хоногт 1 кг нэмэгдвэл эмчид хандаарай. Энэ нь биед илүүдэл шингэн хуримтлагдаж байгаагийн шинж байж болох бөгөөд ураг хүчилтөрөгчийн дутагдалд орох эрсдэлтэй болохыг харуулна.

Зөв хооллох дүрэм
 

  • Жирэмсний үед өлсөж хэрхэвч болохгүй. Өөрөө өлсөөгүй байж болох ч, хүүхэд бол өлсөж байгаа. Цээж хорсоод байвал өдөрт идэх хоолоо 6 хэсэгт хувааж бага багаар хооллоорой.
  • Өглөөний цайг заавал идэж, өдөр сайтар хооллож байх хэрэгтэй. Эс тэгвээс орой өлсөж эхлэх ба илчлэг ихтэй амттан идэж, илүү жин хуримтлуулах эхлэлийг тавина.
  • Ижил хэмжээний илчлэгтэй хүнсийг тоо хэмжээгээр, ашиг тусаар нь ялгаарай. Жишээ нь 100 кал илчлэгтэй чанасан төмс нь 100 кал илчлэгтэй төмсний чипсээс хавьгүй эрүүл хүнс.
  • Өөх тос багатай мах, сүү сонгож аваарай.
  • Өглөө талх идэх дуртай бол цөцгийн тосыг хэтрүүлэн бүү хэрэглээрэй.
  • Биед шаардлагатай бодисоор хангах хүнс сонгож хэрэглээрэй. Тухайлбал, байцаа (С витамин, кальци), тараг (уураг, кальци), чангаанз (төмөр).


Шинэ жимсийг хүнсэндээ заавал хэрэглэж байгаарай. Жимсэнд шаардлагатай хэмжээний В амин дэм, эрдэс бодис, уураг, эслэг зэрэг агуулагддаг бөгөөд чихрийн шижин үүсэх эрсдэлээс хүртэл сэргийлж чадна.


Өөх тосноос айх хэрэггүй. Гэхдээ хэтрүүлж болохгүй.

Энэ тухай яагаад тусдаа дурдах шаардлагатай болов уу. Учир нь бид өөх тос хэрэглэвэл жин нэмнэ гэдгээс ихээр айдаг шүү дээ. Насанд хүрсэн болон жирэмсэн хүний өдөрт хэрэглэх илчлэгийн 30% нь өөх тос байх ёстой. Тухайлбал, 60-65 кг жинтэй бол өдөрт 2100 кал хүнс хэрэглэх ёстой гэж үзвэл өөх тосны эзлэх хэмжээ нь 630 кал байна.

Өөх тосыг тэр чигээр нь хүнснээс хасаж хэрхэвч болохгүй. Өсөж буй урагт өөх тос бас хэрэгтэй шүү дээ. Хэрвээ ургийн жин хэвийн хэмжээнд хүрэхгүй байгаа бөгөөд бусад төрлийн тэжээллэг хүнс хэрэглээд үр дүн авчрахгүй байгаа бол өдөрт хэрэглэх өөх тосоо нэг дахин ахиулаад үзээрэй.

Жирэмсэн хүнд тустай өөх тос агуулсан хүнснээс дурдвал: бяслаг, цөцгий, сүү, зайрмаг, тараг, өндөг, авокадо, тахианы цээж мах, загас, ургамлын болон цөцгийн тос.

Ямар хоол хүнс хэрэгтэй вэ?


Орлуулъя: Энгийн нүүрс усыг (цагаан талх, цагаан будаа, амттан зэрэгт агуулагдана) нийлмэл нүүрс усаар (бүхэл үрийн талх, гурвалжин будаа, ногоо, хатаасан шош, чанасан төмс зэрэгт агуулагдана) орлуулъя.

Хязгаарлая: хоол хүнсэн дэх давсны хэмжээг хязгаарлах хэрэгтэй. Хэт их давс хэрэглэснээр биед шингэн хуримтлагдаж, хаван үүсэх эрсдэлтэй тулгарна.

Хасъя: хоол хүнснээс элсэн чихэр, амттан, нарийн боов зэргийг хасаж, амин дэм, эрдэс бодисоор баялаг амтлаг жимсээр орлуулаарай. 

Хоол бэлдэх арга бас чухал!

Шарсан, хуурсан хоолноос татгалзаарай. Амин дэмийг хэвээр хадгалж авч үлдэхийн тулд ногоог жигнэж бэлдэх ёстой. Жигнэсэн хүнс дэглэм барьж байгаа үед ч бас үр ашигтай.

Өдөр бүр баяр баясгалантай!


Хэрэв эмчийн хориглосон заалт байхгүй бол жирэмсний үед дасгал сургуулилт хийж, илүүдэл илчлэгийг шатаах боломжтой юм. Гэвч зарим бүсгүйчүүд тодорхой шалтгааны улмаас дасгал хийх боломжгүй байдаг. Үүнд гутрах хэрэггүй, өөртөө болон урагт хоргүйгээр илүүдэл илчлэгээс ангижрах өөр бусад аргууд байгаа шүү дээ. Цэвэр агаарт салхилах, тэр ч байтугай өдөр хоёр цаг унтахад 200-300 граммаар турах боломжтой. Тийм ээ, сонин санагдаж байгаа ч, хүн унтаж байхдаа жингээ хасдаг гэдэг нь нотлогдсон баримт.

Мөн жингээ хяналтад байлгах арга бол электрон жин юм. Өглөө, оройд жингээ тогтмол хэмжиж байвал ямар хүнс хэрэглэвэл илүүдэл шингэн хуримтлагдаж байна, жин нэмж, хасаж байна уу гэдгийг байнга хяналтад байлгаж чадна. Дээр дурдсан аргуудыг хэвшмэл болгож чадвал жингээ хэвээр үлдээж болно. Харин байх ёстой жингээсээ 2-4 кг нэмсэнд санаа зовох хэрэггүй. хүн бүрийн бие махбод харилцан адилгүй шүү дээ. Түүнээс гадна, хүүхэд төрсний дараа хөхөөр хооллох үед илүүдэл жин аажмаар үгүй болно. Аль болохоор эерэг энергийг өөртөө шингээж авч, сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай. Хүсэн хүлээсэн хүүхдээ мөрөөдөлдөө тэврэн, сэтгэл чинь цэцэглэж буй цэцэрлэг шиг байвал гадаад төрхөд хүртэл нөлөөлж, чи хамгийн хүсэмжит, үзэсгэлэнтэй бүсгүй байж чадна!

Эх сурвалж: Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top