Туул голын хөндийг дагаж олон тооны уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний ихэнх нь Төв аймгийн Заамар суманд байрладаг бол үлдсэн нь Булган аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт оршдог. Төв аймгийн Заамар сум тэр чигтээ хэдийнээ овоолсон шороо болсон бол хоёр дахь Заамар Булган аймгийн Бүрэгхангай сум болж мэдэх эрсдэлтэй гэдгийг нутгийн иргэд нь ярьж байна. Учир нь, тус сумын газар нутгийн 35 хувь нь уул уурхайн хайгуулын болон олборлолтын лицензтэй. Дээрх лицензийг 14 аж ахуйн нэгж эзэмшдэг байна. Ямар сайндаа л Бүрэгхангай сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр “Биднээс шалтгаалахгүйгээр дээрээс уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог. Нэг л өглөө сэрэхэд лицензийн тоо нэгээр нэмэгдсэн байдаг” хэмээн ярьж байна.
Уул уурхай хөгжиж байгаа ямар ч газарт байгаль дэлхий онгон дагшин хэлбэрээ алдаж, сүйддэг нь бичигдээгүй хууль.
Дээр нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгж сэтгэлгүй хандаж байгаа нь тэнд ажиллаж, амьдардаг нутгийн зон олны сэтгэлийг зовоож эхэлжээ. Энэ бол анхдагчийн өлгий нутаг гэгддэг Булган аймагт өнгөрсөн пүрэв гарагт болсон "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн асуудал юм.
ХОЁР ДАХЬ ЗААМАР
Төв аймгийн Заамар сумтай хил залгаа оршдог Булган аймгийн Бүрэгхангай сум нь аймгийн төвөөсөө 86 км зайд оршдог. Газар нутгийнх нь 35 хувь нь уул уурхайн салбарын золиос болжээ. Хэдийгээр хил залгаа орших Төв аймгийн Заамар сумтай харьцуулах аргагүй ч нутгийн иргэд хоёр дахь Заамар болох вий гэх болгоомж, айдастай явдаг болжээ. Өнөөдөр тус сумын нутагт дэвсгэрт тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тогтмол ажилладаг нь найм. Сумын удирдлагууд энэ жил бичил уурхайн зориулалтаар цөөн тооны "Нөхөрлөл"-тэй гэрээ байгуулжээ. Бусад нь “Нөхөрлөл” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг "Техникжсэн нинжа" нар гэнэ. Тэдний үйл ажиллагааг таслан зогсоохоор аймаг болон улсын мэргэжлийн хяналт, цагдаад албан бичиг явуулж хамтран ажилладаг хэдий ч хүч хүрдэггүй талаар Засаг дарга нь хэлж байна.
Хэдийгээр сүүлийн хэдэн жил хариуцлагатай уул уурхай, олборлолтын дараах нөхөн сэргээлтийг хийж байгаа ч огт нөхөн сэргээлт хийдэггүй, нутагт нь сэтгэлгүй ханддаг аж ахуйн нэгж цөөнгүй байдаг байна. Хүнд машин механизм, олон арван техник хэрэгслийн хүчээр газар доорх баялгийг нь хүртчихээд хаяад явдаг хүмүүс нь ихэвчлэн бизнес эрхлэгч, төрийн албан хаагчид байдаг талаар нутгийнхан хэлэлцүүлгийн үеэр ярьж байлаа.
Гэхдээ бүх компани сэтгэлгүй ханддаггүй байна. Бүрэгхангайд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 аж ахуй нэгжийн нэгийг нь нутгийн иргэн ажиллуулдаг аж. Тухайн иргэн "Өгөөж баян хангай" компанийг 2012 оноос эхлүүлэн үйл ажиллагааг нь явуулж эхэлжээ. Тус компани нь өнөөдрийн байдлаар 17 га талбайд биологийн, 15 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэжээ. Энэ талаар нутгийнхан нь “Нутгийн хүн сэтгэл нь ондоо байдаг. Нутгаа гэсэн зүрх сэтгэлтэй байдаг. Ядаж л нутгийнхаа нэг иргэнийг ч болтугай ажлын байртай болгохыг зорьдог” хэмээн хэлж байв.
БУЛГАН АЙМАГТ 121 АЖ АХУЙН НЭГЖИД ЛИЦЕНЗ ОЛГОЖЭЭ
Хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эрс шинэчлэл хөдөлгөөн", "Босоо хөх Монгол", "Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо" зэрэг төрийн бус байгууллагаас "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж байгаа юм.
Хэнтий аймгаас эхлүүлсэн энэхүү үндэсний хэлэлцүүлэг 12 аймагт өртөөлөөд байна. Булган аймгийн Булган сумын нутагт болсон хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг "Монголын хуульч, эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, "Босоо хөх Монгол" төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, "Эрс шинэчлэл хөдөлгөөн" төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхбат нар тавилаа.
Харин Булган аймгийн уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал болон санал, шийдлийг Засаг дарга З.Батзориг танилцуулав.
Тэрбээр “Булган аймгийн газар нутгийн 386 га газрыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан. Үүнээс бичил уурхайгаар ашигт малтмал олборлуулахаар 18 нэгж талбарын нийт 75.16 га талбайд дүгнэлт гарч, улмаар 12 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 2017 онд нэг тэрбум гаруй төгрөгийг татвар төлсөн байдаг. Энэ нь аймгийн нийт татварын орлогын 5.1 хувийг бүрдүүлж байна гэсэн үг” хэмээн онцоллоо.
Булган аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар Бүрэгхангай, Дашинчилэн, Сайхан зэрэг 11 сумын нутаг дэвсгэрт 71 аж ахуйн нэгж 35.6 мянган га талбайд ашиглалт, 50 аж ахуйн нэгж 139.9 мянган га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Харин энэ бүгдээс 14 аж ахуйн нэгж олборлолтын үйл ажиллагааг тогтмол явуулж иржээ.
ОРОН НУТАГТ ЛИЗЕНЗИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ МЭДЛИЙГ ОЛГОХ САНАЛ ГАРГАВ
“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс орон нутагт ашиглалт, хайгуулын лицензийн зөвшөөрлийн эрх мэдлийг олгох, "Орхон говь" төслийг хэрэгжүүлэх, "Эгийн голын усан цахилгаан станц" төслийн ажлыг үргэлжлүүлэх, нөхөн сэргээлтэд тавих орон нутгийн хяналтыг нэмэх, уул уурхайн ашиглалтын лиценз олголтыг ард түмэн шийддэг болох, усны орлогыг орон нутагт үлдээх зэрэг саналыг гаргаж байлаа. Энэ бүхнээс хамгийн их анхаарал татсан зүйл бол тус аймгийн Бүрэгхангай сум Төв аймгийн Заамар сумын хувь заяаг давтахад ойрхон, үгүйсгэхгүй гэдгийг ярьж байна.
Тухайлбал, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Д.Эрдэнэбат “Уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг орон нутгийн саналыг харгалзахгүй олгодог. Та бүхэн төрийн төв байгууллагад энэ саналыг хүргэх нь зүйтэй” гэсэн бол Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөр “Яам, ашигт малтмалын Хэрэг эрхлэх газар орон нутгийн удирдлага, иргэдийн саналыг үл харгалзан, уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож байгаа давуу эрхтэй эрх зүйн баримт бичгийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээсээ илүү зөвшөөрөл олгож байгаа төр, засгийнхантай учраа олох хэрэгтэй. Хэн нэгэн хүн дураараа ухдаг зүйл биш. Энэ чиглэлд төрийн бус байгууллага санал гаргах ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )